
Монгол Улс газрын доорх баялгийнхаа ачаар гайгүй сайн “хөеө” хураачихжээ. Улсын төсвийн 300 тэрбумаар тоологдож ашигтай гарсан бөгөөд оны сүүл гэхэд бүр 500 тэрбумд хүрнэ гэсэн. Төсвийн ашгийг салбарын мэргэжилтнүүд уул уурхайн олборлох аж үйлдвэрийн буюу зэсийн баяжмал, газрын тос, нүүрс, алт, төмрийн хүдэр зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.3-3.8 дахин нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа. Тэрхүү “илүүдэл” мөнгийг хэнд юунд зарцуулахыг Сангийн яамныхан мөн л хэдийнэ тооцчихсон. УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар төлөвлөж буй төсвийн тодотголд дурдсанаар бол ноос, ноолуур, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт зарцуулах гэнэ лээ. Ямар ч байсан улсын төсөв түнтийж, улс баяжиж байгаа нь баялаг бүтээгчдийн амжилт.
Оюутны цалин хангамж, хөгшдийн тэтгэвэр, одонгийн мөнгө, олон хүүхэдтэй ээжүүдэд олгох тэтгэмж, эх орны хишиг, эмзэг бүлгийнхний түлээ нүүрсний хангамж гээд олон асуудлыг шийдвэрлэх мөнгийг олж, шийдэж өгсөн татвар төлөгчдийн гавьяа. Орлого өсч, ашгаа хувааж, ажлын байр илүүдэж, ажилгүйдэл буурч байгаа ч асуухгүй орхиж боломгүй асуудал бас байна. Монгол Улсын төсөвт төвлөрч буй хөрөнгийн 80 хувийг том татвар төлөгчид бүрдүүлдэг гэхээр тэдгээр “топ”-уудын хичнээн нь үндэсний үйлдвэрлэгчид, хэд нь гадаадын хөрөнгө оруулагчид вэ. 2010 онд том татвар төлөгчид улсын төсөвт 1,036.8 тэрбум төгрөг тушаасан нь Үндэсний татварын албаны улсын төсөвт төвлөрүүлсэн нийт орлогын 85 орчим хувьтай тэнцжээ.
Гэвч Монголчуудын төсөв түнтийж, түрүүвч зузаарч, амьдрал сайжирч, ашгаа булаацалдаж байх зуур цаана нь хөөсрөл явагдаж байвал яах вэ. Тэрбум, тэрбумаар тоологдож буй тэрхүү ашиг уул уурхайн салбарынхнаас, тэр тусмаа харийн хөрөнгө оруулагчдаас хамааралтай байвал яана. Хэзээ нэгэн цагт гадаадын хөрөнгө оруулагчид ирсэн замаараа сурсан дуугаа аялаад буцах нь тодорхой. Тэр үед улсын ашиг багасч, авдар хоосрохгүй гэх баталгаа байна уу. Албаны мэдээллээс харахад том татвар төлөгчдийн олонх нь алт, зэс, нефть, согтууруулах ундаа зэрэг ашиг орлоготой салбарынхан бөгөөд тэдгээрийн манлайд “Эрдэнэт” үйлдвэр зогсч байна. Тус үйлдвэр жилдээ 300 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулдаг агаад Монгол, Оросын хамтарсан “саалийн үнээнээс” саадаг ашиг нь нийт татвар төлөлтийн 21 хувьтай тэнцдэг гэнэ. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хууль үйлчилдэг байх үед тус үйлдвэр жилдээ 400 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг байсан гэдэг.
Тэгвэл зургаа дахин том гэгдэх Оюутолгой төсөл 2011 онд 160 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг авч. Монголын үндэсний хөрөнгө оруулалттай “MCS” групп топ татвар төлөгчийн жагсаалтын хоёрдугаарт жагссаар цөөнгүй жилийг үдээд байгаа. Тус групп нь аж ахуйн нэгжийн улсад төлсөн татварын хэмжээ, шинээр бий болгосон ажлын байр, хөрөнгө оруулалт, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлууд, түүнд зарцуулсан зардал, үр дүнгээрээ есөн жилийн турш, түүний дотор сүүлийн таван жил дараалан хувийн хэвшлээ манлайлсан байна. Сүүлийн долоон жилд 314,4 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлжээ, тус групп. Түүнчлэн Манлай татвар төлөгчдийн дотор”МАК”, “Энержи ресурс”, “Бороо гоулд”, “АПУ”, “Мобиком”,” Магнай трейд”, “НИК” багтсан байсан.
Тэгвэл Монголд газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулаад таван жил шахам болж буй “Петрочайна Дачин Тамсаг” компани улсын нэгдсэн төсөвт өнгөрсөн хугацаанд 75.24 сая долларын орлого төвлөрүүлсэн бол энэ жил 50 сая ам.долларыг төвлөрүүлэхээр амлаад буй гэх. 2005-2010 онд Тамсагийн орд газраас нийтдээ 4.6 сая баррель түүхий тос олборлож, түүнийгээ бүгдийг нь Хятадад борлуулжээ.
Эндээс харахад Монгол Улсад өнөөдрийн байдлаар албан ёсоор 77 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгийн зөвхөн 200 нь төсөв бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг аж. Тэгэхээр хамгийн гоё нь харийнхан буцлаа ч Монголын авдар хоосрохгүйд л байгаа юм. Гэхдээ үүнд баярлах бол эртдэнэ. Учир нь дэлхийн зах зээлд зэсийн үнэ байнгын уналттай байгаа болохоор.