
Энэ зун нар хур тэгширсэн нь ургац арвин гарахад нэлээд нөлөөлсөн. Ургацаа цас бороонд алдчихгүйн тулд ч тариаланчид махийтлаа зүтгэсэн бололтой. Өр шир тавьж, өч төчнөөн зардал чирэгдэл мөнгө төгрөг зарцуулж байж тариалсан будаагаа, төмс, хүнсний ногоогоо цасанд алдчихвал ямар олиг байх билээ. Ургац хураалт эхлэхээс өмнө, Ургацын комиссынхны танилцуулснаар бол энэ жил улсын хэмжээнд 427 мянган тонн үр тариа, үүнээс 419 мянган тонн буудай, 174.3 мянган тонн төмс, 90.5 мянган тонн хүнсний ногоо, 8.9 мянган тонн тосны ургамал, 24.3 мянган тонн малын тэжээл нийт 724.3 мянган тонн ургац хураан авах урьдчилсан тооцоо байсан.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 342 мянган тонн үр тариа, 174,3 мянган тонн төмс, 88,5 мянган тонн хүнсний ногоо хурааж аваад байгаа юм байна. Төмс, хүнсний ногооны хураалт 94 хувьтай. Одоо зөвхөн ялгах, цэвэрлэх ажил үлдээд байгаа аж. Мөн хураасан төмс, хүнсний ногоогоо бороо, цасанд хайруулчихгүй, агуулах саванд хадгалах ажил эхлээд байгаа юм байна. Харин үр тарианы хувьд тав хоногийн ажил үлдээд байгааг албаны хүн хэлж байна. Ангилан хадалтаа хийчихсэн учраас айх аюулгүй болохоор цас бороо арилж, цаг агаар сайжиртал лав гурав дөрөв хоног ургац хураалтын ажил зогсох байх гэлээ. Ирэх аравдугаар сарын 1-нээс үлдсэн талбай руугаа дайраад ороход тав хоног зүтгээд 2011 оны газар тариалангийн ажил дуусах гэнэлээ.
Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үр тариа хураах техникийг нэлээд сайжруулжээ. Тэр дундаа үр тариа хураах комбайн 19, цэвэрлэх машин 35 ширхэгийг худалдан авч иргэд, аж ахуйн нэгжүүдэд дундын үйлчилгээний зориулалтаар олгосон байна. Газар тариаланчдын хувьд арай гэж хураасан ургацаа хэрхэн мөнгө болгох нь дахиад л толгойгоо гашилгах асуудал. Өнөөдрийн байдлаар хурааж аваад байгаа 342 мянган тонн ургацын 100 гаруй мянган тонныг нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд, 100 гаруй мянган тонныг нь үндэсний үйлдвэрлэгчдэд зарж, 100 мянгыг нь улсын нөөцөд худалдан авах гэнэ. Харин төмс, хүнсний ногоог зарж борлуулах үүднээс “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж эхлээд байгаа. Үзэсгэлэн худалдаа гаргаснаар хэрэглэгч болоод тариаланч хоёрт аль алинд нь ашиг тустайг өнгөрсөн жилүүдийн туршлагуудаас харж болно. Ямар ч байсан тариаланчид авч ирсэн төмс, хүнсний ногоогоо нийслэлд зарж борлуулчихаад буцдаг гэсэн шүү. Албаны хүний хэлснээр энэ жилийн газар тариалангийн нөр их ажил ирэх сарын 5 гэхэд дуусах юм байна.