Ам метр талбай 10 мянган ам.доллар

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Ам метр талбай 10 мянган ам.доллар

-“Алтжин Бөмбөгөр”-т талбай худалдан авахад нэг ам.метр нь 10 мянга, нийтдээ 40 мянган доллар. Харин түрээсийг гурван сараар хийх тул дөрвөн  ам метр талбай гурван сая, барьцаа нэг сая, хаалгагүй павильоны барьцаа 558 мянга бөгөөд нийтдээ 4.558.000 төгрөг болж байна-

Одоогоос таван жилийн өмнөх өвлийн нэгэн жихүүн үдэш маналзсан хар утаа гарч, дүрэлзсэн улаан гал “Өвгөнтийн хөдий”-д асч байсан цаг саяхан мэт. Тэр улаан гал “САПУ” худалдааны төвийг хоромхон хугацаанд үнс нурам болгохын зэрэгцээ 700 гаруй хүнийг амьжиргаагаа залгуулж байсан “хоногийн хоол”-ноос нь салгасан. Харин дуулиант энэ үйл явдлын хохирогчид хохирлоо барагдуулахын тулд тэмцлийн янз бүрийн хэлбэр сонгон, төр засгийн зүгээс хүртэл оролцож байж энэ хэрэг намжсан билээ.                                                                                                                           

Харин “САПУ” худалдааны төвийн эзэн Г.Алтан яг тэр суурин дээр нь “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвөө дахин шинээр байгуулжээ. Уг төвийг сонирхон очтол гол хаалганы шилэн дээр “Түрээсийн талбай болон барьцаа 1 ам метр-250,000 төгрөг. Түрээсийн талбайн доод хэмжээ дөрвөн ам метр” гэсэн зарлал хадсан байв. “Хойд хаалгаар очиж уулз” гэж хамгаалагч “ахад” зандруулаад хэлсэн хаалгаар нь орлоо. Хорь гаруй хүн шил шилээ харан дугаарлажээ. Хажууханд нь хэсэг хүмүүс тойрог болж зогсоод ярилцана. 40 орчим насны эмэгтэй “Энэ Алтан арай дэндүү юм, өчигдөрхөн түүрээсийн төлбөр метр квадрат нь 100 мянга байсан чинь ганцхан өдрийн дотор 250 мянга болгож өсгөөд байхдаа яах вэ дээ” хэмээн уцаарлангуй.

Эдгээр хүмүүс урьд өдөр нь түрээсийн төлбөр 100 мянган төгрөгийг тушаасан ч өнөөдөр мөнгөө буцааж авахаар дугаарлан зогсч буй аж. Урьд өдөр нь төлбөрөө авахдаа олноор нь уриалгахан оруулж байсан гэх бөгөөд өчигдөр хамгаалагч зогсоогоод дөрөв, дөрвөөр нь зандран байж оруулж байгаа харагдав. Би ч тэр хүмүүстэй адил дугаарлан зогсч байгаад барилгын дотор орлоо.

Үүдэн хэсэгт байрлалтай ширээний ард нэгэн эмэгтэй суух бөгөөд бухимдсан иргэд түүнийг бүчин авав. Түүнээс хэрхэн яаж түрээслэх, ямар үнэ ханштай бөгөөд нийтдээ хэдэн төгрөг төлөхийг сонирхлоо. Түүний хэлснээр  гэрээгээ гурван сараар хийх ёстой ба дөрвөн  ам метр талбай авахад түрээсийн гурван сая, барьцаа нэг сая, мөн хаалгагүй павильоны барьцаа 558 мянга бөгөөд нийтдээ 4`558`000 төгрөгөөр авна гэв.

Онцлоход түрээслэгч зөвхөн гурван сараар л гэрээгээ хийх ёстой аж. Харин өөрийн эзэмшил болгон худалдан авахад нэг метр квадрат нь 10 мянган ам.доллар, нийтдээ 40 мянган доллар гэсэн үг.

Худалдааны төвийн нийт талбай нь 15.132 метр.кв юм байна. Талбай худалдан авсан иргэд цөөн байсан ба байршлыг харуулсан цаасан дээрээ тэмдэглэсэн байлаа. “Алтжин Бөмбөгөр” хоёр давхар худалдааны төв хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүн, бэлэн хувцас, гоо сайхан, гэр ахуйн болон цахилгаан бараа, худалдаалахаас гадна банк санхүүгийн байгууллага, валют солилцоо, хууль зүйн зөвлөгөө, үсчин гоо сайхан, эм, эмнэлгийн үйлчилгээ, бүх төрлийн засварын газар, зоогийн газар зэрэг үйл ажиллагаа  явуулах боломжтой гэнэ.

Түүнчлэн Нийслэл хүрээ байх үеэс худалдааны төв гудамж байсан газар учир борлуулалт хамгийн сайн  хэмээн давуу талаа тодорхойлжээ. Бүх зүйл нэг дор цогцолсон учир өндөр үнээр тогтоосон гэх. Монгол мөнгөөр бодвол 52 сая төгрөгөөр дөрвөн ам метр талбай худалдаж авах бөгөөд энэ нь хотын төвд нэг өрөө байр авах хэмжээний мөнгө.

Өмнө нь “Бөмбөгөр” худалдааны төвийн түрээслэгч байсан Б.Энхцэцэг “ Үл хөд¬лөх хөрөнгө болж үлдэнэ гэдэг утгаараа үнэтэй  байгаа байх. Гэхдээ тэр үнэд цахилгаан, ус, талбай ашиглалтын төлбөр багтаагүй. Тэгэхээр түрээсийн талбайтай адил байгаа биз дээ. Дээрээс нь олон метр квадрат талбай авахгүй бол хоёрын хооронд 3-4 метр бол  хэцүү. Ядаж л таван ам метрээс дээш авах хэрэгтэй болно. Гэтэл тийм хэмжээний мөнгөтэй хүн хаана байна” гэлээ.

Талбайг сонирхох хүн олон байгаа ч мөнгөө тушаагаад гэрээ хийх иргэд ховор байв. Мөн түрээсийн ханшаа гэнэт өсгөн худалдах үнээ ингэж өндөр үнээр тогтоосон учрыг тодруулбал “Бид анхнаасаа талбайгаа худалдах зорилготой байсан бөгөөд тийнхүү Монголын 1500 айл өрхийг өөрийн гэсэн орлоготой, үл хөдлөх хөрөнгөтэй болгох нь гол юм. Харин түрээсийн хувьд худалдаж авсан хүмүүст бага үнээр тогтоогоод бидэнд хохиролтой байна хэмээн бухимдсан учир 250 мянга болгосон. Бид худалдан авагчдаа хүндэтгэх болно” гэв.

Гайхах “бухимдах” зэрэгцсэн нэг зүйл бол түрээслэгч иргэн гурван сарын дараа гэрээ дуусахад аятайхан байрлалтай газар байгаад худалдан авах хөрөнгөтэй өөр нэг “ноёнтон” байвал шууд л тэр хүнд зараад түрээслэгчийг хөөгөөд гаргах аж. Энэ талаар “Гэрээгээ гуравхан сараар хийгээд, дээр нь маш өндөр үнээр түрээслэчихээд хэтэрхий их мөнгө хожих гэсэн увайгүй хүмүүс юм аа” хэмээн түрээслэгч Э.Наран хэлэв. Мэдээж хэрэг зах зээлийн жамаараа хүн өөрийн өмчөө зарна уу, болино уу, үнэгүй өгөх үү, үнэд хүргэх үү гэдэг нь эзний мэдэх асуудал. Гэхдээ л…      

Г.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж