Түлэнхийн төв нурах нь

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Түлэнхийн төв нурах нь

-Ерөнхийдөө өвчтнөөр төсөөлвөл түлэнхийн төвд “амь тариа” хийлгэх цаг болжээ-

Түлэнхийн төв нураад, эмчлүүлж байсан өвчтөнүүд, эмч нар нь сүйд болж гэвэл гайхах хэрэггүй болжээ. Шилэн, толин барилгууд өнгө алаглан сүндэрлэх нийслэл хотын дунд өнгө үзэмж дорой, хэзээ мөдгүй нурах дөхсөн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага байх. Гаднах хана нь түлэгдсэн хүний арьснаас дор арзайж, барзайсан, тааз нь мөөгөнцөртөж дусаал гоожсон, шал нь өмөрч, цөмөрсөн Түлэнхийн төвийн барилгыг салбар хариуцсан яам нь таг мартчихсан бололтой. Уг төв нь манайдаа л цор ганц түлэгдэлт, осголтын гуравдугаар шатлалын улсын эмнэлэг. Хамгийн анх 1957 онд ашиглалтад орж хятад эмнэлэг байрлаж байгаад, 1973 онд гэмтлийн эмнэлэг төвхнөсөн ч шинэ гэмтлийн эмнэлэг рүү нүүхдээ түлэгдэл болон хөлдөлтийн тасгаа буурин дээрээ орхиод явсан түүхтэй. Төдийгөөс өдий хүртэлх хугацаанд барилгын элэгдэл гэмтлийг засварлахаар хоёр удаагийн урсгал засвар хийсэн ч, төсөв хөрөнгийн хүрэлцээнээс шалтгаалан 1986 оноос хойш том хэмжээний засвар огт хийгдээгүй аж. Тус төв нь төлбөртэй хэвтүүлдэг цөөн хэдэн тасагт эмчлүүлэгсдээс хуримтлуулсан хөрөнгөөр жилдээ 2-3 тасгийг засварладаг ч барилгын эвдрэл, элэгдлийг хүчрэхгүй байгаа талаар тус төвийн дэд захирал Б.Бат-Оргил онцолж байлаа. Ерөнхийдөө өвчтнөөр төсөөлвөл түлэнхийн төвд “амь тариа” хийлгэх шаардлага ирсэн гэж хэлж болмоор.

Ашиглах боломжгүй болсон ч ачааллаа дийлэхгүй байна

Халтартаж, навтайсан хоёр давхар тус төвийн босго давангуут ариутгал цэвэрлэгээ, эм тарианаас ч давж ханхлах чийгний үнэр хамар цоргино. Уг нь түлэнхий болоод осголтоос үүдсэн шархыг маш цэвэр орчинд эмчлэх ёстой баймаар. Хэрэндээ л ариутгаж, цэвэрлэгээ хийсэн байгаа нь нүднээ ил боловч таазнаас нь зуны бороонд нэвтэрч гоождог гэдгийг гэрчлэх шиг боолтын өрөөний таазны булан тохой бүртээ шаралсан, бас мөөгөнцөртсөн байх нь хэн ч хариулаад хэрэггүйг хэлээд өгөх шиг. Хонгилынх нь шал энд, тэндгүй цөмөрсөн агаад банз, хавтангаар нөхөөс тавьж, будаг түрхсэн, эсвэл хулдаасаар өнгөлөн далдалсан гээд боломжтой бүхнээр л өнгө зассан харагдана.

Хэвтэн эмчлүүлэгчдийн тасаг ч хэрэг алга. Хүлээн авахын үүдэнд хагас цаг хүрэхгүй хугацаанд зогсоход, өгзөг нь түлэгдсэн ахимаг насны эр, ой хараахан хүрээгүй хөнгөн маягийн түлэгдэлтэй бяцхан хүүгээ тэвэрсэн ээж, хөлний шархны боолтоо солиулах гэсэн залуу гэх мэтийн өвчиндөө шаналсан хүмүүсийн уртаас урт дараалал үргэлжилсэн хэвээр. Нэг нь боолтны өрөөнөөс гарахтай зэрэгцээд дахиад нэг өвчтэй, зовлонтой хүн дарааллын ард ирж зогсоно. Тиймээс Хүлээн авах тасгийн ээлжийн сувилагч Ц.Эрдэнэчимэг өчигдрийн хувьд түмэн завгүй өнжиж байх шиг. Тус төв жилдээ мянга хол давсан, хоногт 40-50 хүнд үйлчилдэг аж. Уг нь 120 хүнийг эмчлэх хүчин чадалтай ч, өвлийн тэсгим хүйтний улиралд 160-аас хол давж, тасаг бүү хэл коридорын орон зай ч олдоход бэрх болдог гэнэ. Нэг тасагт дөрвөн хүн хэвтэн эмчлүүлэх ёстой ч зарим өрөө нь шал, тааз нь нэлдээ мөөгөнцөртснөөс акталжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас удаа дараагийн шалгалтаар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан ч хөрөнгө, мөнгөний боломж тааруу гэх шалтгаанаар одоо хэр үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа гэнэ.

Өвчтүүдэдээ олгох “нэмэлт үйлчилгээ”

Түлэгдэлт, осголтын шарх маш удаан хугацааны эмчилгээ шаарддаг. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын сангаас арав эсвэл зуу хоног эмчлүүлсэн эсэх нь хамаагүй нэг удаад 150 мянган төгрөгний л санхүүжилт олгодог учраас эм тариа, боолтны материалыг иргэдээс өөрсдөөс нь зайлшгүй гаргах тохиолдол цөөнгүй байдаг гэнэ. Ялангуяа осголт, хөлдөлттэй ирж буй хүмүүсийн дийлэнх нь орон гэргүй иргэд байдгаас эмчлээд гаргах гэхээр очих газаргүй, өмсөх хувцасгүй болохоор тэднийг хувцаслуулах, байр орон хайх гээд Улаан загалмай болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах “нэмэлт үйлчилгээ” үзүүлдэг гэх мэтийн бэрхшээлүүд олон байгааг тус төвийн эмч нар дурьдаж байв.

Барилга нь яах вэ, эмч нар нь сайн шүү…

Чийгний эхүүн үнэр, хагарсан “бочки”, гэрэл муутай бүүдгэр 00-ийн өрөө, хэдэн модон шүүгээ эгнүүлэн тавьсан эмч, сувилагч на­рын хувцас солих өрөө гээд ор­чин үеийн соёлжсон нийгмээс хол хоцорсон эрүүл мэндийн байгуул­лагаар үйлчлүүлж буйдаа хэвтэн эмчлүүлэгчид цаанаа таашаахгүй байгаа ч гэсэн амь гуйн эмчлүүлэхгүй гээд ч яалтай билээ. Хэвтэн эмчлүүлэгчдийн тухайд “Барилгын хувьд муудсан боловч эмчилж буй эмч нарын хувьд үнэхээр олон жил ажилласан, ур чадвартай” гэдгийг хэн хүнгүй хэлэх нь тус төвийн ганц чимэг гэлтэй. Арга ч үгүй биз, 20-70 хувийн түлэгдэл, осголтоос үүдсэн тэсэхийн аргагүй шаналгаат өвчнөөс нь ангижруулж буй “алтан” гартанг хэн муу хэлэх вэ дээ.

Шинэ байрны чимээ…

Эрүүл мэндийн яамнаас энэхүү байдлыг үзэж  харж, арга хэмжээ авах тал дээр анхаарал хандуулж буй эсэх талаар сонирхох гэсэн боловч тус төвийг хариуцдаг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал С.Отгонгэрэл энүүгээр хамраа ч цухуйлгадаггүй гэнэ. Түлэнхийн төв цагтаа өвчтнүүд салхилах ногоон байгууламж бүхий томоохон цэцэрлэгтэй байсан гэдэг нь түүх болон үлдэж, өдгөө зөвхөн тус төвийн халтар байрыг хүрээлэх давчуухан газар нутагтай л үлдчихэж. Хотын төвийн байршил гэдэг утгаар нь холбогдох эрх мэдэл бүхий эрхтэн дархтан л газрыг зарж, үрсээр, өдгөө “Хуучин гэмтэл”-ийг өөрийг нь өөрөөр нь нураалгах хэмжээнд хүргэчихээд байна. Харин чихэнд чимэгтэй сураг сонсохнээ захирал С.Отгонгэрэл, сайд С.Ламбаа нарын яриагаар ирэх 2012 онд 4-5 давхар Нөхөн сэргээлтийн гэмтлийн төв бариулах зураг төсөл боловсруулж буй гэнэ. Тус төвийн шинээр баригдах барилгыг Шинэ гэмтлийн эмнэлэгийн өргөтгөл рүү нийлүүлэх санал гарч байсан боловч газар доогуурх инженерийн шугам сүлжээний ачаалал хэтэрнэ гэсэн тооцоолол гарсантай холбогдуулан хуучин суурин дээр нь барихаар төлөвлөөд байгаа аж. Хэлснээ биелүүлээгүй байж, байрыг нурааж, газрыг нь зарчихгүй л бол ирэх онд “хат сууж, халуун чулуу долоосон” түлэнхийн төвийнхөн шинэ байртай болж мэдэх нь.

Д.ДОЛГОРСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж