Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэбаяр яллаа

Азербайжаны нийслэл Баку хотын Гейдар Алиевийн нэрэмжит цогцолборт  үргэлжилж буй боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр 56 ба 81 кг-ын тулаанууд болж байна. Энэ өдөр Монголын баг тамирчдаас 81 кг-ын жинд ОУХМ С.Эрдэнэбаяр дэлхийн аваргын рингэнд гарч тулалдан, эхний тулаандаа Шинэ Зеландын боксчин Рис Папуниг яллаа. Хөх булангаас гарч тоглосон манай тамирчин 18:10 (5:4, 6:2, 7:4) харьцаатай өрсөлдөгчөө хожсон байна.

Өчигдөр болсон тулаанд Монголын ширэн бээлийтнүүдээс 52 кг-д Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 56 кг-д ОУХМ Д.Отгондалай нар эхний учраагаа буулган аваад байгаа билээ.

Дэлхийн аваргын 81 кг-ын жинд 56 боксчин хүч үзэж байна. С.Эрдэнэбаяр дараагийн тулаанаа аравдугаар сарын 2-нд залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт, Германы тамирчин Энрико Коеллингтай хийнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж