Төсвийн тодотголын төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголын төслийг өргөн барилаа

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг Сангийн сайд С.Баярцогт өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.
       
УИХ 2011 оны улсын төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 3.304.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 42.2 хувь, нийт зарлага 4.084.1 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 52.1 хувь, төсвийн алдагдал 779.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувь байхаар баталсан. Харин энэ оны эхний долоон сарын байдлаар нийт орлого 400.1 тэрбум, улсын төсвийн орлого 248.8 тэрбум төгрөгөөр давж биелээд байна. Оны эхний долоон сард аж үйлдвэрийн бүтээгдэхүүнй үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 69.3 тэрбум төгрөгөөр буюу 6.8 хувиар өссөн нь төсвийн орлого нэмэгдэхэд голлож нөлөөлсөн. Мөн нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 80.3 хувиар өссөн гэдгийг Сангийн сайд энэ үеэр онцлов.

Иймээс өргөн барьж буй төсвийн тодотголын төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 615.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцжээ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд нийтдээ 282.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг төсвийн тодотголд тусгаж, нийтдээ 914.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын тодотгосон төлөвлөгөө  гаргасан байна.

Ингэснээр 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 615.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 3.920 тэрбум, нийт зарлага 828.3 тэрбумаар нэмэгдэж 4.912.4 тэрбум болж, төсвийн алдагдал 212.9 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 9.8 хувьтай тэнцэхээр тооцжээ.

Засгийн газар төсвийн тодотгол хийх эсэх талаар нухацтай ярилцаад нэгэнт бодит эдийн засаг сэргэсэн тул хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх замаар төсвийг зохих хэмжээгээр тэлэх нь зүйтэй гэж үзсэн гэдгээ Сангийн сайд хэллээ. Харин УИХ-ын дарга төсвийн тодотголоос үүдсэн сөрөг үр дагаврыг хэрхэн тооцсоныг тодруулахад С.Баярцогт сайд “Оны эхний долоон сард мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 67.2 хувиар өссөн дүнтэй байна. Монголбанк бодлогын хүүгээ өсгөх бодлого барьж байгаа. Засгийн газар ч мах, бензин шатахууны нөөцийг хэвийн хэмжээнд байлгахад анхаарна. Ингэснээр инфляцийг арван хувиас хэтрүүлэхгүй байх боломжтой гэж үзэж байгаа” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.           
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж