Үзэгчид ”Тавин саяын уналт”-д орлоо

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Үзэгчид ”Тавин саяын уналт”-д орлоо

Монголын шоу нэвтрүүлгийн ертөнцөд олон шинэ нэвтрүүлгүүд төрөн гарсаар байна. Түүний дотроос хамгийн их шагналын сантай гэгдээд байгаа “Тавин саяын уналт” шоу нэвтрүүлгийн анхны дугаар даваа гаригт Боловсрол суваг телевизээр гарлаа. Оролцогчдынхоо мэдлэгийг 50 сая төгрөгөөр үнэлэж байгаа уг шоу нэвтрүүлгийг TV-Coctail хамтлагийн жүжигчин Энхбаяр хөтлөсөн нь донжоо олсон гэлтэй. Оролцогчид нийт 10 асуултанд өөрсдөө сэдвээ сонгон хариулж шагналын сан болох 50 сая төгрөгийг хариултын хувилбар дээр зөв байршуулж чадсанаар ялагч болох боломжтой энэ нэвтрүүлгийн анхны дугаараас азтан тодорсонгүй. Эхний оролцогчид болох найз охидууд 1-4дэхь асуултанд зөв хариулан 25 сая төгрөгийг амжилттай хожсон бол 5дахь асуултан дээрээ бүдрэн бүх мөнгөө доош унагаасан юм. Харин 2-дахь оролцогчид болох аав хүү 2 эхний асуултан дээрээ л 50 сая төгрөгийг буруу байршуулан салхинд хийсгэн орхилоо. Асуултууд тийм хэцүү байсан уу гэвэл үгүй. Америк тивийг хэн нээсэн бэ? Монголын эмэгтэйчүүдийн холбоо хэдэн онд байгуулагдсан бэ? гэх ерөнхий мэдлэгийн асуултууд байсан юм. Ер нь  асуултын хариултыг мэдэхгүй тохиолдолд мөнгөө зөв хуваарилан аз таарсан тохиодолд 50 саяа байг гэхэд 5 сая төгрөгтэй үлдэх магадлал байгаа гэдэг нь нэвтрүүлгийн явцад харагдаж байлаа. Харамсалтай эхний нэвтрүүлгийн оролцогчид сандарч мэгдсэн үү бүгд л тавин саяын уналтанд өртсөн юм. Нэвтрүүлэг зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод ямар нэгэн барьцаа, хураамж авахгүйгээр 50 сая төгрөгийн эзэн болох боломжийг олгож байгаа юм байна.

Ямартай ч Боловсрол суваг телевиз “Тавин саяын уналт” шоу нэвтрүүлэг үзэгчдийг тавин сая төгрөгний уналтанд оруулаад эхэллээ. Харин хэн гэгч аз од нь шовойсон хийморьтой оролцогч 50 сая төгрөгний эзэн болох бол?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж