Байнгын хорооны хурлыг таслагсад хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хурлыг таслагсад хэн бэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.30 цагт “А” танхимд эхэлж, Зээлийн мэдээллийн тухай, Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай гэсэн багц төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байлаа. Гэвч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас тус байнгын хорооны хуралдаан ирэх баасан гаригт хүртэл хойшилсон юм.

Уг нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нь нийт 21 гишүүнтэй. Тэднээс   Х.Бадамсүрэн, Г.Батхүү, Р.Раш, Б.Батбаяр, Ц.Дашдорж, Ц.Цэнгэл нарын гишүүд  чөлөө авчээ. Харин байнгын хорооны хуралдаанд ирэх боломжтой байсан  З.Алтай, Р.Буд, Д.Балдан-Очир, Ж.Батсуурь, Я.Батсуурь, Ц.Баярсайхан, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, А.Тлейхан, Д.Зоригт, Д.Одхүү нарын гишүүд хүрэлцэн ирээгүйн улмаас ирц бүрдэлгүй хуралдааныг хойшлуулахад хүрчээ.

Түүнчлэн дээрх цагт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо мөн хуралдаж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байсан ч мөн л ирц хүрээгүйн улмаас хуралдааныг хойшлууллаа.

Тус байнгын хороо 18 гишүүнтэйгээс Х.Бадамсүрэн, Ц.Дашдорж, Д.Оюунхорол, А.Тлейхан, С.Эрдэнэ, С.Бямбацогт, Д.Дондог, Ч.Улаан нарын гишүүд чөлөөтэй байсан аж.  Харин УИХ-ын гишүүн Д.Арвин, З.Алтай, П.Алтангэрэл, Ц.Баярсайхан, Л.Гүндалай, Ц.Даваасүрэн, Кёкүшюзан Д.Батбаяр, Д.Одбаяр, Ө.Энхтүвшин нар хүрэлцэн ирээгүйн улмаас ирц бүрдсэнгүй. Иймээс УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааныг есдүгээр сарын 30-ны 11.00 цагаас хуралдуулахаар дахин тов зарлав.

Мөн өнөөдөр 14.30 цагт зарлагдсан УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр байсан ч хойшиллоо. Тус Байнгын хороо 20 гишүүнтэй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Х.Баделхан, Г.Батхүү, Ц.Цэнгэл, Ц.Шинэбаяр, Ж.Энхбаяр нар чөлөөтэй байсан бол УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Су.Батболд, Э.Бат-Үүл, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Л.Гансүх, Л.Гүндалай, Кёкүшюзан Д.Батбаяр, Х.Наранхүү, Ц.Сэдванчиг, Д.Энхбат нар хуралдаанд ирээгүйн улмаас хуралдааныг бас л хойшлууллаа.

Нэг зүйлийг онцлоход, тус байнгын хорооны дарга П.Алтангэрэл, Р.Буд, Н.Ганбямба нарын гишүүд хуралдааны танхимд бусдыгаа хүлээж нэлээд удаан суусан шүү.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж