Тавдугаар дулааны цахилгаан станцын тендерийг зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Тавдугаар дулааны цахилгаан станцын тендерийг зарлажээ

Улаанбаатар хотод баригдах 450 МВт хүчин чадалтай Дулааны цахилгаан станц V-ын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх, шилжүүлэх нөхцөлтэй “Барих-Ашиглах-Шилжүүлэх төрөл” концесс олгох уралдаант шалгаруулалтын урьдчилсан тендерийг Төрийн өмчийн хорооноос хувийн хэвшлийн хуулийн этгээд, эсхүл хуулийн этгээдүүдийн нэгдлийн дунд зарлажээ. Хот руу чиглэсэн хүн амын нягтаршлаас үүдэн эрчим хүчний шинэ эх үүсвэрийг яаралтай барих шаардлагатай болсон билээ. Улмаар шинээр байгуулахаар төлөвлөж буй  Дулааны цахилгаан станц V-ын  үйлдвэрлэх хүчин чадлыг цаашдаа 1040 МВт хүртэл өсгөх боломжтой гэнэ. Концесс эзэмшигчийг Концессын тухай Монгол улсын хуулийн дагуу хоёр үе шаттай олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтаар сонгох аж.  Урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн оролцох санал гаргагч нь уралдаант шалгаруулалтад оролцож төслийн саналаа ирүүлэх ёстой бөгөөд урьдчилсан шалгаруулалтаар зургаа хүртлэх тооны оролцох санал гаргагчийг шалгаруулж уралдаант шалгаруулалтын шатанд оролцуулах юм байна.  Тендерийн урьдчилсан  шалгаруулалтад нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцын инженерингийн болон зураг төслийн ажил гүйцэтгэж байсан туршлагатaй байх,  өөрийн орон болон гадаад улсад дулааны цахилгаан станц барьж, ашиглаж байсан туршлага, төвлөрсөн дулаан хангамжийн системийн үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай байх, төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхитай байх, шаардагдах санхүүжилтын эх үүсвэрийг ялангуяа non/limited recourse хэлбэрийн бүрдүүлэх чадвартай байх зэрэг шаардлагуудыг нэн тэргүүнд хангасан байх хэрэгтэй гэнэ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж