Интернэтийн хурд нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Интернэтийн хурд нэмэгдэв

Монгол Улсад орчин цагийн Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт 90 жилийн ойн хүрээнд тус газраас интернэтийн дэд бүтцийг өргөжүүлэх, интернэт хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж. Энэ талаар Мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газрын удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус газар нь “Цахим монгол” хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх, интернэт холболтын үнэ тарифыг үе шаттайгаар бууруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байгаа аж. Тухайлбал, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт сүлжээний давхар хамгаалалттай интернэтийг БНХАУ, ОХУ-аар дамжуулан АНУ-ын интернетийн эх үүсвэрээс оруулж ирсэн нь Монгол Улсын мэдээллийн технологи дэлхийн түвшинд хүртэл хөгжих үндэс суурийг бий болгож байгаа аж.

Нөгөөтэйгүүр, Ази – Европыг холбох үндсэн гүүр болоод зогсохгүй интернэтийн гадаад урсгалыг эх үүсвэрээс нь ямар ч саадгүй Монгол Улсаар дамжин өнгөрснөөр та бидний интернэтийн хурд сайжирч, үнэ хямдрах боломж бүрдэж буй юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрээр  25 Гбит/сек урсгал явж эхэлсэн нь манай улс дээрхи тивүүдийн улс орнуудын Засгийн газар хоорондын харилцаа холбоо болон дэлхийн нэрд гарсан компаниудын бизнесийн үйл ажиллагаанд оролцож, тэдний өмнө хариуцлага хүлээн ажиллах хүндтэй үүрэг хүлээх болжээ.

Нэг ёсны энэхүү шилэн кабелийн урсгал Монгол Улсыг дайран өнгөрснөөр нийт сүлжээний хурд 20 миллсекундээр нэмэгдэх гэнэ. 

Мөн Мэдээлэл, харилцаа холбооны салбарын  интернэт үйлчилгээний чанар улам нэмэгдэж байгаагийн өөр нэг жишээ гэвэл энэ сарын 7-нд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар болон Мобиком корпораци, Ази, номхон далайн бүс нутгийн сүлжээ, мэдээллийн төв/APNIC/-тэй хамтран ажиллаж, интернэтийн хамгийн чухал зангилаа төв болох F-root серверийг Монголд анх удаа суурилуулах ажлыг зохион байгуулжээ. Энэхүү сервер ажиллагаанд орсноор өмнө нь Монголын хэрэглэгчид интернэт хаягийг бусад орон дахь root серверээр дамжуулан дууддаг байсан бол одоо интернэт дэх дурын вэб хуудасны хаягийг илүү найдвартай, аюулгүй, хурдтайгаар дуудаж, интернэтэд холбогдох боломжтой болж байна. Уг сервер нь зөвхөн Монгол Улс төдийгүй Ази, номхон далайн бүсийн интернэт домайн хаягийн дэд бүтцийг өргөжүүлэн, сайжруулж хувь нэмрээ оруулж байгаа юм байна.

Жишээ татвал, Монгол Улсын гадаад интернетийн багтаамж 2008 онд 2,5 Гбит байсан бол 2010 онд 18,5 Гбит хүртэл боломжтой болсон ба үүний дотор бодит хэрэглээний багтаамж  7-8 Гбит болж өссөн нь Монголчууд интернетийг өдөр тутмын хэрэглээ болгож эхэлсэний илрэл аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж