”Мэдээллийн торгоны зам” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

”Мэдээллийн торгоны зам” нээлтээ хийлээ

Ази-Европыг холбосон интернэтийн урсгал Монгол Улсаар дамжин өнгөрөх болсныг танилцуулах нээлтийн ажиллагаа өнөөдөр Чингис зочид буудалд боллоо.
Нээлтийн ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ, Жем нэт компанийн гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Хонконг-Бээжин-Улаанбаатар-Москва-Лондонг холбосон мэдээлэл дамжуулах шилэн кабелийн үйлчилгээ ашиглалтанд орж байгаа нь манай орны хувьд эдийн засгийн болон геополитикийн чухал ач холбогдолтой үйл явдал боллоо” хэмээн онцолсон юм.
Мөн тэрбээр “Ази-Европыг холбосон интернэтийн урсгалыг нээж байгаа нь улс орны эдийн засгийг тэтгэх "Мэдээллийн торгоны зам"-ын эх суурь боллоо. Ингэснээрээ бид уул уурхайгаас гадна мэдлэгт тулгуурласан эдийн касгийг амжилттай хэрэгжүүлж буй орны нэг болж байна. Удахгүй Google-ийн салбарыг Улаанбаатарт байгуулах  гэрээ хэлцлийг сонирхож байгаа” хэмээв.
Монгол Улсын Засгийн газраас “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх, интернэт холболтын үнэ тарифыг үе шаттайгаар бууруулах зэрэг олон ажлыг үе шаттай хийж байгаа юм. 
Энэ хүрээнд  олон улсыг холбосон өндөр хурдны өргөн зурвасын мэдээлэл холбооны газрын сүлжээг байгуулж  Монгол Улсыг “Мэдээллийн торгоны зам” болгох, найдвартай интернетийн эх үүсвэрээр хангах ажил хийхээр төлөвлөсөн нь ийнхүү өнөөдөр биеллээ оллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж