Дээрх дөрвөн аймагт хийсэн шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил нь өвчтөний эмнэлгийн картад өвчний явц, эмчилгээ, үр дүн, биеийн байдлын талаар дүгнэлт бичээгүй, өвчний оношийн үндэслэл тодорхойлолт хангалтгүй зэрэг байжээ. Тодруулбал, Төв аймгийн нийгмийн халамжийн байнгын асаргааны нөхцөлт мөнгөн тэтгэмжийг авч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан 41 хүн, Дорноговь аймгийн 53, Завхан аймгийн 34 , Хөвсгөл аймгийн 137 хүний буюу нийт дөрвөн аймгийн 265 хүнд олгож байсан 95,4 сая төгрөгийн тэтгэмжийг нөхцөлт мөнгөн тэтгэмжийг зогсоох тухай 04/380/164 тоот актыг үндэслэн зогсоосон байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжил, шинжилгээний төвийн дарга Ж.Баасандашаас зарим асуултад хариулт авлаа.
-Энэ жилийн шалгалтаар илэрсэн зөрчил өмнөхөөс буурсан хандлага байна уу?
-Байхгүй ээ. Харин ч жилээс жилд өсч байна.
-Эдгээр хүмүүстэй хариуцлага тэгээд хэн хариуцлага тооцох вэ?
-Хөдөлмөр халамжийн байгууллага хариуцаж байгаа.
-Ямар торгууль тавьж байгаа вэ?
-Нийгмийн халамжийн тухай хуулийг үндэслэн 50-200 мянган төгрөгөөр торгоно. Мөн Засгийн газрын зургаан журамд хамаарагдана.
-Ердөө ингээд л болоо юу?
-Хуулиндаа ингэж заасан байгаа. Гэхдээ бид ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах талаар ярилцаж байна.
Сүүлийн жилүүдэд төр засгаас нийгмийн халамжид чиглэсэн бодлогын арга хэмжээ ихээхэн өргөжиж байгаа. Гэвч эмнэлгийн байгууллагуудын эмнэлэг хяналтын комисс, сумын эмч нар байнгын асаргаанд байх шаардлагатай хүмүүст тэтгэмж олгохоор тодорхойлсноос зарим сумын амжиргааг дэмжих зөвлөл үндэслэлгүй шийдвэр гарган иргэдэд тэтгэмж олгосон, мөн халамжийн байгууллагын дотоодын хяналт сул байгаатай энэ бүхэн холбоотой гэж үзжээ.