Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд 300 сая төгрөг хувьдаа завшсан хэргээр цагдаагийнханд баривчлагдсан гэх мэдээлэл сүүлийн хэдэн хоногийн турш хэвлэлийн хуудсыг чимэв. Тэрбээр өөрөө энэ яриаг анхандаа үгүйсгэж байсан ч дараа нь “Саатуулагдсан нь үнэн. Гэхдээ одоо ажлаа хийж байгааг минь харахгүй байна уу” гэж ундууцсан юм. Ц.Болд нь Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын зохион байгуулагч, ахлах мэргэжилтэн, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын хэлтсийн дарга, Нийслэлийн хот тохижилтын газрын дарга гэх мэт хотын зохион байгуулалттай холбоотой том ажлын дэргэдэх жижиг зүйлсийг амжуулж явдаг хүн байжээ. Хот, дүүргийн хогийн цэгүүдийг хаана байрлуулж, алийг нь хэзээ хурааж авахыг Ц.Болд дарга л мэддэг байсан учир түүнийг хотын захиргааныхан “их чухал хүн” гэж ярьцгаадаг гэх. Бас согтуугаар машин жолоодож яваа цагдаад баригдсан нь телевизийн дуранд өртөж байсан удаатай. Ямар сайндаа л “Хог”-ийн Болд хэмээн нэрлэх вэ. Тэрбээр өнгөрсөн оноос эхлэн хотын даргын томилгоогоор Улаанбаатарын хамгийн тохижилт муутай, бас хэл ам ихтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн юм. Түүний эхнэр, хоёр хүүхдээс нь илүү Чингэлтэй дүүргийн шүүгч Ц.Түмэндэлгэр эгчийг нь хүмүүс сайн таньдаг болсон. Ц.Болдыг эгчийнхээ ачаар хууль сахиулагчдын гараас сая мултарсан ч гэж ярьж байна. Өмнө нь 2009 онд хот тохижилтын ажил үйлчилгээний хөрөнгөөс нэлээд мөнгө завшсан гэх мэдээлэл цацагдаж байсан. Тиймээс энэ удаагийн “завшилт” Ц.Болдын хувьд цоо шинэ зүйл биш бололтой.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин