“Алтжин бөмбөгөр” түрээслэгчдээ алдаж эхэлсэн үү

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

“Алтжин бөмбөгөр” түрээслэгчдээ алдаж эхэлсэн үү

Одоогоос таван жилийн өмнө “Алт­­жин” группын “Бөм­бөгөр” худал­даа­ны төв ша­таж, эндээс амьдралаа залгуулж байсан түрээс­лэгч­дийн го­лыг харлуулж, Ж.Алтан захи­рлын сэт­гэлийг ч гонсойлгож байсан билээ. Тэгвэл одоо “Бөмбөгөр” ху­далдааны төв “Алтжин бөмбөгөр” нэрийн дор дахин сүндэрлэжээ.

Гэтэл уржигдар буюу энэ сарын 25-нд худалдааны шинэ төвийн үүдэнд 400 гаруй хүн дараалал, их нүр­гээн үүсгэв. Чухам энд юу болов?

Бид өчигдөр өглөө сурвалж­лахаар очиход тийм ч олон хүн бай­сангүй. Харин бу­химд­сан, энд тэнд шүүмжлэл өрнүүлсэн хэдэн хүн  холхилдоно. “Алтжин бөмбөгөр”-ийн үүдэнд очиход ши­лэн хаалган дээр гурав, дөрвөн зар хадаастай бай­лаа. Түүнийг тойрсон олон хүмүүс. Уг зарлалд “нэг сарын барьцаа метр квадрат нь 250 мянган төгрөг, гур­ван сараар 750 мянган төгрөг авна, павильоны барьцаа төлбөр 250 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Жич: “Түрээсийн доод хэмжээ дөрвөн метр квадрат”  гэсэн байх юм.  Харин  нөгөө зарлал нь “Мөнгөө буцааж авах сонирхолтой хүмүүс өргөдлөө бичиж ирнэ үү”  гэжээ. Сонирхолтой нь энэ зарыг харсан хүн бүхэн бухим­даж байлаа. Тэд яагаад ийн уцаарлаж байгаа юм бол.

Энэ сарын 25-ны өглөө “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн үүдэнд  гэнэтхэн “павильон түрээслэнэ” гэ­сэн зар гарахад хажуу “Бөмбөгөр” худал­дааны төвд лангуутай наймаа­чид болон зарыг харсан хүмүүс бие бие рүүгээ утасдацгаан бусдыгаа дуу­даж, павильоны номер авахаар ийнхүү дараалал үүсгэсэн аж. Үнэ нь 100 мянган төгрөг.  Гэтэл тэр өдөр 400 хүнээс ердөө 20 хүн л павильон түрээслэх эрх авчээ. Удалгүй эрэлт их байгааг мэдэрсэн борлуулалтын менежер Б.Сарантуяа түрээсийн үнэ 100 мянга байсныг 250 мянга болгож, цугларсан хүмүүсийн чихийг дэл­дийл­гэв. Үүнд түрээслэгчид нэ­лээд бухимдан,  хэл ам болж байсан аж.

Энэхүү худалдааны төвийг анх баригдаж байхад талбайгаас хү­мүүст зарна гэж байсан боловч бор­логдоогүй учраас ийн гэнэт түрээс­лэх зар тавин дараалал үүсгэсэн нь энэ гэнэ. Тэнд байсан иргэдээс энэ та­лаар тодруулахад түрээслэгч Д.Бат­дорж “Бид бараан дээрээ байтал гэнэт найз маань “Шинэ бөмбөгөрийг тү­рээслэх юм байна” гэж хэлсэн. Би яваад очтол үдийн цайны цаг болчихсон байлаа. Тэд удалгүй ирсэн ч дарааллаас болоод хүмүүсээс материал авч чадаа­гүй. Гэтэл өнөө өглөө үнэ нь тэнгэрт гартлаа өсчихсөн. Одоо авах ямар ч боломж алга. Бараг түрээс, барьцааны  мөнгө энэ тэр гээд доод тал нь тав зургаан сая төгрөг төлж байж авах юм байна. 100 мянга байвал болох л байлаа.” гэсэн юм. Үнэхээр түрээсийн мөнгө нь хэний ч ой тойнд арай багтамгүй өн­дөр санагдана. Хамгийн доод тал нь дөрвөн метр квадрат гэж байгаа. Тэгэ­хээр нэг түрээслэгч багаар бодоход метр квадрат тутамд нэг сая, дээрээс нь павильоны түрээсийг гурван  са­раар авах учраас 750 мянган төг­рөг, барьцаа төлбөр нэмж 250 мянгыг өгнө гээд бодоход доод тал нь хоёр сая төгрөг төлөх нь байна.

“Дөрөвхөн метр талбайд бид юу­гаа зарахав дээ, нэмээд ав­чихъя гэх­лээр тэнгэрт хадсан үнээс нь хальширах юм” гэсэн түрээс­лэгч­дийн гундангуу үгс олонтаа сон­согдоно. Тэд ч бас амьд­рах гэж, үр хүүхдээ тэжээх гэж хөлс, хүчээ баран зүтгэж яваа хүмүүс.

Эднийхтэй адил хажуугийн “Бөм­бө­гөр” худалдааны төвийн талбайн тү­рээс давхараасаа хамаарч метр квад­рат нь сард 30-40 мянган төгрөг бай­даг байна. “Нарантуул” зах ч иймэрхүү байдаг аж. Тэдгээр түрээслэгчид “Эд­ний үнийг харчи­хаад бусад ху­дал­дааны төвүүд үнээ нэмэхгүй байгаа даа” хэмээн хүүрнэлдэнэ.

Борлуулалтын менежер Б.Саран­туяатай ярилцсан юм.

-Танайх өчигдөр метр квадрат талбайн түрээсийн төлбөрөө 100 мянга байснаа яагаад гэнэтхэн 250 мянга болгочихов?

-Уг нь манай захирал, менежер бид гурав өчигдөр хуралдаж 100 мянгаар тохирсон л доо. Харин 250 мянга болгосныг би өөрөө нэмсэн асуудал. Захирал энэ тэр, бусад хүмүүсийн оролцоо энд хамаагүй. Учир нь та ч гэсэн ойлгож байгаа байх. Мэдээж эрэлт ихэссэн. Түүнээс болоод энэ байдалтай уялдуулж нэмсэн.

-Өчигдөр зарим хүн 100 мянгаар авсан байх. Хэдэн хүнд энэ үнээр зарсан бэ?

-20 хүнд өгсөн.

-Тэгэхээр тэр 20 түрээслэгч нэмж 150 мянгыг өгөх үү?

-Өгөлгүй  яахав.  Хэрвээ зөв­шөө­­­рөө­гүй тохиолдолд мөнгийг нь буцааж өгч болно. Өчигдөр Хад­галамж бан­кинд шилжүүлчихсэн байгаа.

-Түрээслэгчдийн хэлж байгаа­гаар гурван сар болоод түрээс нь бүрмөсөн дуусна. Түүний дараа ху­далдан авах чадвартай нь мөнгөө тө­лөөд худалдаж авна. Чадахгүй нь шууд гарна гэж байсан. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Энэ хүмүүс ерөөсөө л гурван сар түрээслэнэ. Учир нь бүх талбай болох 1500 хэсгээ нэг метр квадратыг нь 10 мянган доллараар зарна. Худалдан авах чадвартайд нь үүд хаалга нээлттэй.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж