Наад зах нь, энэ санал батлагдлаа гэхэд УИХ-ын гишүүдэд зарцуулах эрхийг нь атгуулдаг тэрбум төгрөгийн нийлбэр 99 тэрбумд хүрнэ. Улс төрийн намуудад парламентад суудалтай болсныхоо төлөө улсаас авдаг мөнгө нь мөн л үржинэ. Нэг гишүүний сарын цалинг дунджаар 800 мянган төгрөг гэж үзвэл 60 гаруй сая төгрөгийн сарын зарлага 80 саяд хүрнэ. Гэхдээ энэ бол хамгийн энгийн бас хямдхан зардал шүү дээ. Ордонд одоогийнх шигээ туслах, зөвлөх, ажлын албатайгаа сууна гэж тооцвол Төрийн ордонд хүн багтаж шингэх газар үлдэхээ байна. Тэр хэрээр мөн л зардал нь өснө. Энэ бүхнийг үл тоомсорлолоо гэхэд хамгийн том зардал нь ард олны сэтгэлийг 76 бус 99 гишүүн дөрвөн жилийн хугацаанд баярлуулан гомдоодог болох явдал. Үүнээс улбаалан худлаа амлалт, хөөрөгдөл, улстөржилт, төсвийн үрэлгэн зардал, засаглалын тэнцвэргүй байдал гээд төрд бугшсан эмгэг бүхэн үржиж, арвижна. Тэр үед тэдний муу үйл бүхнийх нь төлбөрийг тэд бус харин ард түмэн итгэл найдвараараа, улс орон ирээдүйн хөгжил дэвшлээрээ төлнө. Магадгүй тэд их удалгүй УИХ-ын гишүүний тоог 99-д хүргэсэн шигээ хоёр танхимтай парламентыг та бидэнд тулгаж мэдэх юм. Хүссэн бүхнээ биелнэ хэмээн итгэсэн хүмүүсийн хувьд энэ зэргийн тулгалтыг үргэлжлүүлэн хийхэд чадахгүй, мэдэхгүй зүйл байхгүй нь гарцаагүй шүү дээ.
Тэгвэл УИХ 99 гишүүнтэй боллоо гэхэд дараагийн нэг эмзэглэх сэдэв бол “Хэн төр барих вэ” гэдэг асуулт. Гэхдээ энэ асуултад хариулахаасаа өмнө уншигч та өнөөгийн УИХ-ын бүрэлдэхүүнийг анхааралтай гэгч сонжиж үзээрэй. Олонх нь улс төрийн шоу зохион байгуулж, түүндээ өөрсдөө оролцон тоглогчид. Хэн нэгэн хажууд нь чанга хашгирвал өөрийгөө түүнээс ч илүү чанга хашгирдаг гэдгээ батлахын тулд энгэрээрээ дүүрэн микрофон зүүгээд ч орилж мэдэх нөхөд. Санаачилсан хууль тогтоомжийнхоо үр дүн гэхээс илүүтэй өөрийгөө “Эх оронч” болгож харагдуулах донгоор өвчилчихсөн мэт тийм эрүүл бус сэтгэхүйтнүүд…Үлдсэн хэсэг дунд дуугүй байж байгаад өөрийнхөө ажлыг амжуулаад авах санаатай нөхөд ч бий. Энэ дөрвөн жилийн хугацаанд бизнес нь гайхамшигтай сайхан өргөжсөн хэрнээ улсынхаа төлөө ганц ч хууль санаачилж, ганц удаа ч чуулганы танхимд санаа бодлоо илэрхийлэхээс татгалзсан нэг бус хүн бий. Тэгсэн хэрнээ адууны зүчээ рүү болохоор бөөн бөөнөөрөө хуйларч гүйх дуртай. “Ийм УИХ-ын гишүүн байдаг юм шүү” гэдгийг улсын баяр наадмын үеэр морь нь айрагдаж, түрүүлсэн тухай мэдээллээс л санаж, мэдэх нь бий. Мэдээж энэ дунд жинхэнэ утгаараа УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийж, ажилласан шиг ажиллаж буй гишүүн нэгээр тогтохгүй байгаа нь үнэн. Гэхдээ л тун цөөхөн. “Ховрын юм” гэдэг ойлголтоор тэднийг үнэлж болох юм. Ийм байхад дахиад 99 хүнд бид УИХ-ыг удирдах эрх өгөх цаг ойрхон байна.
Энэ тоо жинхэнэ утгаар батлагдсан тохиолдолд өдгөө УИХ-ын гишүүний эрхийг сэрүүн зүүдэлж суугаа олон хүн баярлах нь ойлгомжтой. Тодорхой хэсэг нь мажоритар системээр өрсөлдөх замаар тойргоо өөрийн болгоно. Тэдний араас сонгуулийн сурталчилгаа энэ тэр гэж өөртөө түвэг удахгүй, намдаа тэрбум төгрөгийн хандив өгчихөөд гишүүний мандат гардах бизнес эрхлэгчид ч олон гарна. Гол нь тэд хүслээ биелүүлнэ. Гагцхүү жирийн иргэд л энэ бүхний ард хүсэх ч эрхгүй, нэхэх ч үүрэггүй хоцорно.
Ийм болохоор л УИХ дахь хэт даврагчдын тоо 76 бус 99 болж үржих цаг ирсэн нь энэ биз ээ.
"Улс төрийн тойм" сонин