Монголд нүүрлээд байгаа цөлжилттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулахаар БНСУ-ын Ансан мужийн “Evergreen XXI” сангийнхан Төв аймагт мод тарих ажлыг зохион байгууллаа. Тус байгууллагынхан өнгөрсөн хавар Төв аймгийн Зуун мод хотод мод тарьсан бол өчигдөр Баянчандмань суманд Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах шавыг тавьсан аж. Энэ ажилд УИХ-ын дэд дарга Н.Энхболд оролцож, дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. “Evergreen XXI” сангийнхан Төв аймгийн Зуун мод хотод 200 мод, Баянчандмань суманд мөн 200 мод тарьж орон нутгийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн бөгөөд арчлан ургуулах хамгаалах ажлыг орон нутаг хариуцах юм. Цаашдаа Ансан мужтай хамтран 200 орчим сая төгрөгийн төслийг хэрэгжүүлж жил бүр хоёр удаа ийнхүү мод тарих ажээ. Солонгос улс нийт нутаг дэвсгэрийнхээ 60 гаруй хувийг ногооруулж, мод тарьсан туршлагатай. Монголын цөлжилт нь Азийн орнууд тэр дундаа Солонгос улсад дам нөлөөтэй учраас Монголд ийнхүү мод тарих нь зөвхөн Монголын байгаль орчныг хамгаалаад зогсохгүй цаад утгаараа өөрсдийнхөө төлөө хийж байгаа ажил хэмээн Солонгосын “Evergreen XXI” сангийн тэргүүн Ли Чан Сон хэлсэн байна.
"Улс төрийн тойм" сонин