Шүүгч нар Гиннесийн номд бүртгэгдэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Шүүгч нар Гиннесийн номд бүртгэгдэх үү?

Монгол бөхийг Гин­несийн номд бүртгүүлэх зорилгоор зохион байгуулсан 6002 бөхийн барилдаан амжилттай өндөрлөв. Энэ нь монгол хүн бүрт баяр, бахархал төрүүллээ. Харин яг энэ өдрүүдэд дээрх гайхам сайхан үйл явдалтай зэрэгцэн, Монголын шүүх засаглалын зарим нэг гоц хүмүүст холбогдох Гиннесийн номд бүртгүүлэхүйц хачин жигтэй үйлдлийн талаар гадаадын зарим иргэний гаргасан гомдол шил даран хөврөх боллоо.

Тухайлбал, өнгөрсөн до­лоо хоногт Монголд үйл ажиллагаа явуулж буй “Говь-Урал” компанийг үүсгэн байгуулагч, ОХУ-ын иргэн К.Д.Романовский Улсын Дээд Шүүхийн Сахилгын хороонд нэгэн гомдол гаргажээ.  Мөн тэрбээр Улсын дээд Шүүхийн иргэний танхимд хандан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны долоодугаар  сарын 1-ний өдрийн 1107 тоот шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 740 тоот магадлалыг эс зөвшөөрч,  ИХШХШ тухай хуулийн 172.2.1-д заасан “…хуулийг буруу тайл­­барлаж хэрэглэсэн…”, мөн зүй­лийн 172.2.2-д заасан “шүүх хуу­лиар тогтоосон хэ­рэг хянан шийдвэрлэх ажил­ла­­гааны журам зөрчсөн“ гэх үндэслэлээр хяналтын шат­ны шүүхэд гомдол гаргаж бай­гаагаа илэрхийлээд, хянал­тын шат­ны шүүх хуралдаанд орол­цохыг хүссэн байна.

Энэ хэргийн талаар товч  дурьд­вал, “Тавантолгой Транс”-ын охин компани болох, 50 хувийг нь эзэмшдэг “Говь Урал” компани нь банкнаас хоёр тэрбум 500 сая төгрөг зээлжээ. Ингэхдээ тус компаний 25 хувийг эзэмшигч, ОХУ-ын иргэн К.Д.Романовскийн Монголын хө­рөнгийн бирж дээр арилжаалж буй “Тавантолгой” ХК-ийн өөрийн өмчлөлийн 10231 шир­хэг хувьцаа, “Говь Урал” компанийн хүнд даацын 25 ширхэг машин, чиргүүл, өргөгч кран зэргийг барьцаалсан байна.

Гэтэл зээлийн барьцаанд бай­сан хүнд даацын машин, чир­гүүлүүд нь Монголбанкны аккре­дитивын нэг тэрбум 400 сая төгрөгийн өртэй, туйлын эрсдэлтэй барьцаа болох нь тогтоогдсон тул хуулийн байгууллага уг зээлийг олгосон банкны захирлаар ажиллаж байсан А.Е. Новожиловт энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүс­гэсэн байна. А.Е.Новожилов нь шүү­хийн шатанд шалгагдаж байх үедээ оргон зайлсан. Мөн үүнтэй зэрэгцэн “Говь Урал” компанийн 50 хувийг эзэмшигч “Тавантолгой Транс” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Дагвадорж зээлдүүлэгч банкиндаа мэдэгдэлгүйгээр гэрээгээ зөрчин зээл төлөх хариуцлагаас бултан, “Говь Урал” компаниас гарчээ. Ийнхүү уг зээлийг өгсөн, авсан гол этгээдүүд “арилж өгчээ”. Дээр нь “Тавантолгой транс“ ХХК уг зээлд эрх зүйн хувьд ямар ч хамаагүй болж хувирсан аж.

Гэнэт зээлдэгч “Говь Урал” компанийн дансанд 800 мянган ам.доллар орж ирмэгц  гэрээний дагуу банк дээрх зээлүүдэд нь суутган авсан байна. Гэтэл мөнөөх алга болсон “Тавантолгой Транс“ ХХК-ийн Ерөнхий захирал Д.Дагвадорж гэ­нэт гараад ирэв. Тэрбээр “Танай зээлдэгчийн дансанд 800 мянган ам.долларыг шилжүүлсэн эзэн нь би байна. Зорилго нь барьцаанд байгаа 10231 ширхэг хувьцааг барьцаанаас чөлөөлж, өөрийн болгох гэсэн юм аа. Энэ тухай тус банкны нэгэн ажилтантай утсаар ярьж тохирсон” гэсэн байна. Зээлдүүлэгч банкны удирдлагууд “Уучлаарай, бид та бо­лон танай компанитай эрх зүйн ямар нэг харилцаанд ороогүй. Гэрээгээр хүлээсэн үүрэггүй. Банк хэмээх бай­гууллага нь утсаар ярьсан хүнд ха­рилцагчийн зөвшөөрөлгүйгээр гүйл­­гээ хийдэггүй юм. Бид “Говь Урал”-ын данснаас гэрээний дагуу мөн­гөө авсан. Хэрэв та бүхний эрх ашиг хохирч байгаа бол хуулийн байгууллагад хандана уу” гэжээ.

Зээлдэгч “Говь Урал” компани нь зээлдүүлэгч банктай дараах байд­лаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Үүнд өөрийн дансанд орж ирсэн 800 мянган ам.долларыг хэрхэн захиран зарцуулж, аль зээлээсээ, хэдий хэм­жээний хасалт хийх талаар төлбөр хийсэн гүйлгээ бүрийг зөвшөөрч, гарын үсгээ зурсан байдаг. К.Д. Романовский ч мөн адил гарын үсэг зурж, зөвшөөрсөн аж. “Говь Урал” компани нь үлдэгдэл төлбөрийг барьцаа хөрөнгөөрөө барагдуулахаар уг гэрээнд тусгасныг Чингэлтэй дүүргийн шүүгч М.Болормаагийн 816 тоот захирамжаар баталдаг. Гэтэл “Тавантолгой Транс” компани нь “Говь Урал” компани миний 800 мянган ам.долларыг авч, өрөө төлсөн нь буруу байна. Манай эрх зөрчигдлөө” гэж М.Болормаа шүүгчийн захирамжид гомдол гар­гажээ. Чингэлтэй дүүргийн шүүх “Тавантолгой Транс” компанийн эрх зөрчигдөөгүй гэсэн хариу өгчээ.

Д.Дагвадорж нь банк руу хандаж, “Говь Урал” компанийн данснаас суутгасан 800 мянган ам.долларыг “Тавантолгой транс” руу буцаан шилжүүлэхийг шаардсан албан тоотуудыг илгээсээр байв. Банк данс­ны эзэмшигчийн зөв­шөөрөлгүй гүйлгээ хийх эрх байх­гүйг тайлбарладаг. Гэвч тэрбээр  “Банкны ажилтнууд ми­ний 800 мянган ам.долларыг залилаад ав­чих­лаа”  гэж  Эрүүгийн хуулийн 148.4-өөр прокурорт хандсан байна. Уг мөнгийг өр төлбөртөө захиран зарцуулсан эзэн нь банкны ажилтнууд биш, “Говь Урал” компани байдаг. Тиймээс зээлдэгч “Говь Урал” компани нь Чингэлтэй дүүргийн шүүхийн захирамжийн дагуу шүү­хийн шийдвэрийг сайн дурын үнд­сэн дээр биелүүлж, өр төлбөрийг ба­рагдуулах гэрээг зээлдүүлэгч банк­тай байгуулжээ. Уг гэрээгээр “Говь Урал” компанийн данснаас суут­гуулсан 800 мянган ам.долларыг  буцаан шилжүүлж, барьцаанд байгаа 10231 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжин, хоёр байгууллагын хооронд үүссэн бүх өр төлбөрийг барагдуулахаар “Говь Урал” компани, К.Д.Романовский, банк гурав тохиролцож, наториатаар баталгаажуулсан байна. 

Дээрх гэрээний дагуу 800 мянган ам.долларыг “Говь Урал” компанид, түүнийг нь  “Говь Урал” компани өөрийн данснаас “Тавантолгой Транс”-ийн данс руу шилжүүлж, хувьцааг Хөрөнгийн бирж дээр арил­жиж эхлэхээр болоод байв. Гэтэл “Тавантолгой Транс” компани Хөрөнгийн бир­жээс далдуур 800 мянган ам.дол­лараар худалдаж авах гэрээг гар­гаж ирэн хариуцагчаар банкыг татсан нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргажээ. Уг нэ­хэмжлэлийг Чингэлтэй дүүргийн шүүх авч хэлэлцээд, арилжааг зог­соож, хувьцааг битүүмжлэх захи­рамж гаргасан байна. Шүүх гэ­рээний оролцогч тал биш банкыг хариуцагчаар татаж, нэг ч төгрөг төлөлгүйгээр бүх хувьцааг чөлөөлөн “Тавантолгой Транс”-т олгуулах тухай Гиннесийн номд орохуйц шийдвэр гаргах нь тэр.

Энэхүү 10231 ширхэг хувьцаа нь “Тавантолгой” ХК-ийн нэгж хувь­цаа нэг сая 500 мянган төгрөгт хүрч байх үед 15 тэрбум төгрөгийн үнэ хүрч болох байлаа. Одоогийн ханшаар найман тэрбум төгрөг, багц хувьцаа арилжаанд ороход Хөрөнгийн бирж дээр эрэлт ихтэй байдаг тул өрсөлдөөн ширүүсч, 15 тэрбум төгрөгөөс ч илүү үнэ хаялцах магадлалтай ажээ.

Гэвч манай шүүхийнхэн Гин­­несийн номд ганцхан ал­даа “сой­гоогүй” аж. Ингээд Чин­гэл­тэй дүүр­гийн шүүхийн шүүгч Ц.Даваа­сүрэн  15 тэрбум төг­рөгийн үнэ бүхий хувь­цааг зээл­дэгч, зээлдүүлэгч, барь­­цаалагч, барь­цаа­луулагч нарын хуу­лиар хам­гаалагдсан бүх эрхийг зөр­чин, эрх зүйн харилцаанд огт ороогүй, албан тоотоор хүсэл зорилгоо илэрхийлэн 800 мянган ам.доллараа буцаан авч биржээс далдуур, Үнэт цаасны тухай хуулийг зөрчин хууль бусаар хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзсан “Тавантолгой Транс”-ын Ерөнхий захирал Д.Дагва­доржид дээрэмдэн авч өгсөнийг хачирхаад баршгүй.

“Гиннесийн амжилт” үүгээр дууссангүй. Уг хэргийг давж заал­дахад Нийслэлийн шүүхийн шүүгч П.Золзаяа даргалан, Д.Мөнхтуяа, О.Гэрэл нар хэргийг хэлэлцээд “Хэ­тэрхий олон тэрбум төгрөгийн үнэ хүрэх хувьцааг мөнгө төлөлгүй авах нь арай хэтэрсэн хэрэг болно” гэж ичсэн үү, болгоомжилсон уу, шүүхийн шийдвэрийг уншихдаа “Банк уг гэрээний оролцогч тал биш болохыг тогтоов” гэжээ. Мөн “Тавантолгой Транс” компани 800 мянган ам.долларыг банкинд шил­жүүлж, банкны барьцаанд байсан 10231 ширхэг хувьцааг зээлдэгч, зээлдүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр “Тавантолгой Транс”-ын Д.Дагва­доржид өгүүлэхээр боллоо.  Энэхүү 800 мянган ам.долларыг банкинд буцаан шилжүүлэх асуудал нэхэмж­лэгчийн хүсэлтэд байгаагүй. Мөн гуравдагч этгээд болох К.Д.Рома­новский “Д.Дагвадорж 800 мянган ам.доллараа буцаан авч гэрээнээс татгалзсанаа  удаа дараа албан тоо­тоор илэрхийлсэн. Мөн  миний бие уг гэрээ нь Монгол Улсын Үнэт цаасны тухай хууль, Барьцааны тухай хуулиудыг зөрчсөн болохыг мэдэж, гэрээнээс татгалзсан. Иймд хувьцааг зөвхөн биржээр арилжаалж, зээлдүүлэгч банкны 2,5 тэрбум төгрөг, Монголбанкны аккре­дитивын 1,4 тэрбум төгрөгийн өрийг тус тус барагдуулахыг хүссэнийг зээлийн гэрээнд оролцогч талууд зөвшөөрч, эвлэрлийг шүүх баталсан. Тиймээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй” гэжээ.

Дашрамд дурьдахад 15 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг 800 мянган ам.доллараар “хаалаа” гэхэд зөрүү нь хэнд очих бол. Шүүхийн энэхүү шийдвэрүүдэд ав­лигын сүү­дэр тусаагүй гэх баталгаа байна уу. Тэд наанадаж 15 тэрбум төг­рөгийн үнэ бүхий “Тавантолгой”-н хувьцааг Д.Дагвадоржид “дээрэмдэн” авч өгөхийн төлөө хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг ч, Барьцааны тухай болон Үнэт цаасны тухай хуулийг ч, эрх зүйн харилцаанд орсон талуудын эрх ашгийг ч хо­хироон сүйрүүлжээ. Мөн анх охин компани байгуулж, гэрээний дагуу банкнаас авсан хоёр тэрбум 500 сая төгрөгийнхөө зээлийн 50 хувийг төлөх ёстой боловч нэг ч төгрөг төлөөгүйгээр барахгүй, тус банкийг зээлдэгчтэй, барьцаалуулагчтай нь хамт “амаар нь шороо үмхүүлэхэд” тусалсан бус уу.

Уг нь Д.Дагвадорж захирал Өршөөлийн хуульд хамрагдаж байсан удаатай. Харин тэрбээр Төрийн өршөөлийг хэрхэн ойлгож явдаг юм бол. Ямартай ч төр түүнийг дархалсан хэрэг биш байлтай. Эцэст нь хэлэхэд энэ явдал өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж яваа хууль, шүүхийн нийт хамт олонд хамаарахгүй ч “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэгчлэн ганц хоёрхон хүний буруутай үйлдэл шүүх засаглалын нэр хүндийг сэвтээхэд хүргэж буйг анхаарахад илүүдэхгүй болов уу.  

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж