Одоо бол тэр талаар бүр ч ярилтгүй. Сонгуулийн тогтолцоог өөр, өөрсдөдөө ашигтайгаар хуульчлуулах гэсэн улстөрчдийн хувьд бүсгүйчүүдийн квоттой манатай байна.
Б.Дэлгэрмаа, Б.Мөнхтуяа… Эр зоригийн бэлгэдэл болсон лиш цэцэгтнүүд УИХ-ын гишүүний суудалд заларч, эрчүүдээ гоёж явсан нь саяхан. Тэд ганц, хоёулхнаа гэлтгүй сөрөг хүчний шингэн дуу хоолой нь болж чадаж байсан. Гэвч эрх ашгаа өөр намд “арилжсан” эрчүүдийнхээ балгаар өрсөлдөгч талынхаа бүсгүйчүүдэд суудлаа алдав. УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнөхөн АНУ руу 18 бүсгүйг илгээж, сонгуулийн менежмент, арга барилд сургасан нь ч талаар болсон удаатай. Харин Ардын намынхан ганц, хоёрхон дуутай дуучин бүсгүйчүүдээс авахуулаад нийгмийн зүтгэлтэн эмэгтэйчүүдээ өнгө алагчлалгүйгээр тордож байна. Цонхны цаанаас тодхон харагдах эл дүр зураг Ардчилсан намын бүсгүйчүүдэд сөрөг хүчний имижийг нь санагалзуулж, амбицийг нь сэргээж эхэллээ. Тийм ээ, энэ бол 2011 он. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөх жил шүү дээ.
УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаа. Хувь улстөрчийн хувьд, тэрбээр Ардчилсан нам биш, Ардын намыг анхнаасаа сонгож болох л байсан. Гэвч үзэл бодол, итгэл үнэмшилдээ хөтлөгдсөн энэ бүсгүй сөрөг хүчний хаалгаар орж ирсэн нь олон жилийн өмнөх явдал. Тэр цагаас хойш юу өөрчлөгдөв. Мэдээж хэрэг, УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд залрах хувь түүнд тохиосон. Түүнээс хойш Банзрагчийн Дэлгэрмаа хэмээх энэ бүсгүй эрэгтэй улстөрчдийн төмөр нүүртэй халз тулгарч байсныг гэрчлэх хүн олон. 2000 он. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дэлгэрмаад намаа сонгуульд ялуулах үүрэг оногдов. Харамсалтай нь С.Зориг 1998 онд амиа алдаж, журмын гурван нөхөр нь “Казиногийн хэрэг” хэмээгчид буруутгагдан ял сонссон. Түүгээр ч барахгүй Ардчилсан холбоо эвсэл 1996-2000 онд УИХ-д олонхи байх үедээ хэд, хэдэн Засгийн газраа огцруулсан удаатай. Тиймээс нэр хүнд нь муудаж, УИХ-ын 2000 оны сонгуульд ялагдалгүй яах вэ. Гэвч энэ бүхний горыг Ардчилсан намын бүсгүйчүүдээс Б.Дэлгэрмаа ганцаараа амссан гэхэд хилсдэхгүй биз. Үнэхээр ч өнгөрсөн он жилүүд энэ бүсгүйн хувь улстөрчийн хувь заяагаар тоглож гүйцсэн. “Б.Дэлгэрмаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, бас зөвлөх болох гэнэ” гэсэн яалаа. “Б.Дэлгэрмааг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын даргаар томилно” гэсэн бас яав. Бүгд худал байсан байх аа. Тиймээс тэрбээр “Би сүүлийн хоёр удаа их хүнд тойрогт нэр дэвшиж байсан. Өнгөрсөн 2008 онд би “Дундговь руу явна” гээгүй. Намын дарга асан Ц.Элбэгдорж л тийш нь явуулсан. Харин би түүнд “Та намайг “Ялагд” гэж явуулж байгаа юм байна, тийм үү” хэмээн хэлж байлаа” гэх утгатай гомдлын үгсээ одоо ч хэлдэг. Тэгмэгцээ “Би 2012 онд нийслэлийн аль нэгэн тойрогт нэр дэвшинэ. Гэхдээ хувиасаа 50 сая төгрөг л зарцуулахаас биш, хэд, хэдэн тэрбумаар нь хөрөнгө зарлагадаж чадахгүй” гэж хатуухан мэдэгдсэн нь саяхан.
Бүдээгийн Мөнхтуяа. Жендер, бас Дархан-Уул аймгийн Хонгор сумынхны талаар хамгийн их ярьсан нь энэ бүсгүй. Өнгөрсөн 2004-2008 онд Ардчилсан намын эрчүүдийг чимж, Библи биш, жендерийн тухай номлолоор тэднийг хүмүүжүүлж байсан улстөрч. Чуулганы танхимд шар өнгийн гялгар тортой орж ирэн хэвлэлийнхэнд шүүмжлүүлж байсныг эс тооцвол түүнийг муучлах факт цөөхөн. Нэгэн үе УИХ дахь Ардчилсан намын цор ганц эмэгтэй гишүүн, лидер улстөрч хэмээн нэрлэгдэж явсан түүний хаяг “Жоби 72” төв, бас “Loving hut” хэмээх цагаан хоолны газар болсон. Цагаан хоолтон болж, бясалгалаар хичээллэдэг энэ бүсгүйд УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших бодол бий. Харин Баянзүрх дүүрэгт дахин өрсөлдөх үү. Аль эсвэл тойрог сэлгэх үү. Энэ тухай өгүүлэхэд арай л эрт байна.
Салдангийн Одонтуяа. Бизнесийн хүрээнийхэнд “Сентоза”, улстөрчдөд аавынхаа нэрээр танил болсон тэрбээр тун адтай бүсгүй. “Beatles” хамтлаг ид мандаж байх үед буюу 1964 онд би эдийн засагч Д.Салдангийн дөрвөн хүүхдийн отгон нь болон мэндэлсэн” хэмээн өгүүлдэг С.Одонтуяа 2008 онд Баянгол дүүрэгт нэр дэвшиж байсан. Социализмын үеийн хатуу чанга диктатуртай сэхээтэн айлын гэр бүлд төрж, өссөн болоод ч тэр үү түүнээс хүмүүсийн хэлдэгчлэн номын, хүмүүжилтэй дүр төрх харагддаг. Тухайн үед МАХН-аас Сүхбаатар дүүрэгт С.Баяр, С.Батболд нартай хамт нэр дэвшсэн бүсгүй өөрийгөө “Би Монголын чимэг ээ” хэмээн өргөмжилсөн бол С.Одонтуяа оюунлиг имижээр оноо цуглуулахыг илүүд үзэж байлаа. “Иргэн та баялаг сан” төрийн бус байгууллагыг тэргүүлж, “Иргэн баян бол улс баян” хэмээх либерал үзэл санааг тунхаглаж яваа тэрбээр блог нээж, телевизийн цуврал нэвтрүүлэг хөтөлж амжсан. Бас шаггүй сайн төгөлдөр хуурч. Тиймээс Монголын улс төрийн тавцнаа чухам ямаршуухан “аяз” тоглохыг нь харж л байя.
Эрдэнэтийн Д.Оюунцэцэг. УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнөхөн ойр дотныхон нь түүнийг “Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Оюунцэцэг” гэж нэрлэдэг байсан санагдана. Гэвч Эрдэнэтийн Д.Оюунцэцэг хэмээх болсон нь чихэнд дасал болжээ. Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг түүний өмнө улс төрийн өгсүүр шат бий. Товчхондоо, УИХ-ын 2008 оны сонгуулиар Эрдэнэтэд нэр дэвшиж байсан Д.Оюунцэцэгт боломж байна. Гэвч “Оюутолгой” компанид нөлөө бүхий албан тушаал хашиж буй тэрбээр олны өмнө нэг их гарахыг хүсэхгүй байгаа бололтой. Ардчилсан намын тухайд, нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо гэдэг чамлахааргүй их хүч. Харин хотын бүсгүйчүүдийг Д.Оюунцэцэгээр удирдуулсан нь нэг зүйлийг хэлж байгаа биш гэж үү.
“Эрх чөлөө” төвийн тэргүүн Ц.Оюунгэрэл. Олон нийт түүнийг Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх асан гэдгээс илүү энэхүү тодотголоор нь сайн мэднэ. УИХ-ын 2008 оны сонгуулиар Хөвсгөлд нэр дэвшиж, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонтой өнгө зүс, мэдлэг, чадвараараа өрсөлдөж явсан түүнд хөвсгөлчүүд итгэл хүлээлгэх үү. “Хэрэв би УИХ-ын гишүүн байсан бол Ө.Энхтүвшин гишүүнийг сугадаж аваад лоббидно” хэмээн ярьсан энэ бүсгүй Хөвсгөл нутагт дахин нэр дэвших нь тодорхой. “Ногоон нүдэн лам” хэмээх ном бичиж, Хотолцагаан гэдэг баатарлаг гүнжийн тухай радио жүжгийн зохиол бичсэн тэрбээр 2012 онд сонгуульд өрсөлдөх сценариа хэрхэн боловсруулж байгаа бол. Ц.Элбэгдоржтой 14 жил хамтран ажилласан гэх түүнийг Хөвсгөлд хэзээ нэгэн цагт ялалт байгуулна гэдэгт Ардчилсан намынхан итгэсэн хэвээр.
“Монос”-ын Л.Эрдэнэчимэг. Энэ бүсгүйг хүмүүс эцгийнх нь нэрээр биш, жимсний модоор нэрлээд заншчихсан. Үнэнийг хэлэхэд, Ардчилсан намын бүсгүйчүүдээс хамгийн их амбицтай яваа нь Дарьганга нутгийн бүсгүй билээ. Тэрбээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 3D кинотеатр, 360 айлын орон сууц бүхий бичил хороолол бариулж эхэлжээ. Тэр ч атугай Онгон, Дарьганга, Түмэнцогт суманд чацарганы мод тарьж, тэр хавийг цөлжилтөөс хамгаалах операци явуулж байна. Гэвч бэлтэй, чадалтай бизнесмэн бүсгүй маань УИХ-ын 2008 оны сонгуульд Сүхбаатар аймагт нэр дэвшчихээд яагаад ялагдсан билээ. Тийм ээ, тэр зун цас гэнэт их хэмжээгээр орж, зарим аймагт зуд болох шахсан. “Монос”-ын Л.Эрдэнэчимэг малчдад машин, машинаар тусламж илгээсэн гэдэг ч өрсөлдөгчид нь “Ардчилсан намын нэр дэвшигч малаа алдсан малчдыг тавлаж инээлээ” гэх утгатай мэдээлэл цацсан нь сонгуульд ялагдахад багагүй нөлөөлсөн.
"Улс төрийн тойм" сонин