Би Англи улсын төлөө санаа зовж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Би Англи улсын төлөө санаа зовж байна

Б.Хурц ирлээ. Түүний буруу, зөв  байсныг   хуу­лийнхан шүүнэ биз. Харин би Англи Улсын нэр хүндэд санаа зовж эхэллээ. Бөөн дуулиан дэгдээж, Монгол дахь Элчин сайдтайгаа хуйвалдаж байгаад онц хэрцгий гэмт хэрэгтэн барьж байгаа юм шиг албан үүргээ гүйцэтгэж яваа төрийн албан хаагчийг онгоцноос баривчилсан. Энэ бол Мон­голын дипломатчийн эрх ям­быг ноцтой зөрчсөн үйлдэл. Тэр ч байтугай Английн шүүгч Б.Хурцыг шүүх хурлын үеэр “Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга гэдэг нь манайд бол нэг яамны газрын даргатай төстэй юм уу даа” гэж хүртэл хэлсэн нь Монгол Улсын төрийн албанд хөндлөнгөөс зэрэглэл тогтоох гэж оролдсон дээрэнгүй авирлал байлаа. Мөн Монгол Улсын төр, засгийг үл хүндлэн, Монгол Улсын Ерөнхий сайдын тус улсад хийх байсан албан ёсны айлчлалыг хүртэл цуцалж, монголчуудыг дорд үзсэн.

Энэ хооронд тус улсаас томилон илгээсэн Диксон нь  буруутаад  ирмэгц шагнал, шийтгэл нь үл ойлгогдох шалтгаанаар дипломат элчээ татан, Монгол дахь Элчин сайдаа сольж байв. Английн  шүүгчид Хатан хааны дээд шүүхийн танхимд Б.Хурцын өмгөөлөгч Алон Жонстой зургаан удаа мэтгэлцээд, долоо дахь удаад аргагүй эрхэнд Германы талд шилжүүлсэн. Англид гэм буруутай байсан Монголын  тагнуулч Б.Хурц Германд очмогц “та чөлөөтэй” гэсэн үг сонсч, үнэн ялдгийг мэдрээд эх орондоо өчигдөр хөл тавилаа. Одоо монголчууд Англид баярлах уу, аль эсвэл Германд уу. Английн шүүхийнхэн бүтэн жил юуны төлөө Б.Хурцтай зууралдсан юм бол. Герман руу илгээх гэж үү. Эсвэл зүгээр л Монголоор даажигнах шалтгаан тэдэнд байв уу гэдэг нь сонирхолтой. Сонирхохын учир нь Английн шүүхийн шүүгч, өмгөөлөгч Алон Жонст хандаж “Та англи хүн гэдгээ мартаагүй биз” хэмээн хоржоонтойгоор сануулсныг шүүх хуралд оролцсон Монголын төлөөллийнхөн нотолдог. Ямартай ч Б.Хурц баривчлагдахынхаа өм­нөхөн гэрийнхэндээ илгээсэн сүүл­чийн мессеждээ “Намайг барьж байх шиг байна” гэсэн шигээ энэ удаад “Намайг суллаж байх шиг байна” гэж хэлж ч амжаагүй бололтой. Тэгэхээр асуудал эхнээсээ эцсээ хүртэл нууц байх учиртай байж. Харин нэгэн цагт Монголын Засгийн газар Английн талаас уучлал гуйсан шиг англичууд Монголын Засгийн газраас уучлал гуйх болов уу. Эсвэл төрийн хэн нэгэн албан хаагчийг  бүтэн жил гэм бурууг нь тогтоох гэж харийн нутагт хуурч аваачин хорих, дараа нь өөр улс руу шилжүүлэн гэм буруугүйг нь зарлаад суллах шинэ парадокс даяаршиж байна гэж ойлгох уу. Дахин хэлэхэд ямартай ч би Англи улсын шүүх байгууллагын нэр хүнд, хөгжиж буй орны төр, засгийн байгууллага, албан хаагчдад ханддаг дээрэнгүй харилцаа, хүнд суртал, үйл ажиллагаа, үл хүндэтгэх хандлагын өмнөөс ичиж байна.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж