
Иргэдтэй уулзахаар хаана ч очсон заавал тавьдаг нэг асуудал нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл замбараагүй байгаа тухай байдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэв. Ингээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар нэлээд анхаарч, мэдээлэл авч ажиллажээ. Лиценз олгох ажлыг түр зогсоох хэд хэдэн үндэслэл байгаа аж. Нэгд, лицензтэй холбоотой асуудал тавьдаггүй иргэн гэж байдаггүй. Гэвч байдал сайжирдаггүй, ахиц дэвшил гардаггүй. Хоёрт, Ашигт малтмал нь улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Гэтэл хайгуулын лиценз эзэмшдэг аж ахуйн нэгж, иргэдийн тал хувь нь жил бүр ирүүлэх ёстой мэдээллээ ирүүлдэггүй, хууль зөрчдөг. Эндээс улбаалаад гадаад дотоодын этгээдүүдтэй нийлж хээл хахууль, авлига, гэмт хэрэг гардаг гэсэн мэдээлэл цөөнгүй ирдэг аж. Мөн лицензийн наймаа эрхэлдэг тодорхой бүлэглэл бий болжээ. Ерөнхийлөгчийн мэдээлснээр ашигт малтмалын нийт 4706 лиценз байгаагийн 3610 нь хайгуулын, 1096 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл ажээ.
Лиценз тойрсон завхрал түгээмэл байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ, Засгийн газар, Эрчим хүч, эрдэс баялгийн яаманд тодорхой үүрэг өгснөө мэдэгдлээ. Нэгдүгээрт, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр зогсоох, хоёрдугаарт буцаж ирсэн лицензийг буцааж олгох, дахин олгохыг түр зогсоох, лицензийг шилжүүлэн наймаалдгийг зогсоох үүрэг өгсөн байна. Ирэх тавдугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газарт үүргийн биелэлтийг танилцуулах аж. Харин зургадугаар сард иргэдэд Иргэний танхимаар дамжуулан энэ талаар мэдээлэл хийхээр төлөвлөжээ.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай хуулийг шинээр гаргах ёстойг Ерөнхийлөгч хэллээ. Хуулийн хэрэгжилт жигдэртэл лиценз олголтыг түр зогсоох нь зүйтэй гэж Ерөнхийлөгч хэлсэн юм. Ерөнхийлөгчийн үүргийг хэлэлцдэггүй хэрэгжүүлдэг учир энэ ажил ийнхүү мөрдөгдөж эхэллээ.
Д.ОЮУН