Б.Хурц: Ардаа төртэй, эх оронтой хүн юундаа ч санаа зовох билээ

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Б.Хурц: Ардаа төртэй, эх оронтой хүн юундаа ч санаа зовох билээ


Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц дөнгөж сая “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа. Манай сурвалжлагч түүнийг онгоцноос буусны дараа утсаар холбогдож, дараах асуултад хариулт авсныг хүргэж байна.

-Таныг эх орондоо ирлээ гэж сонслоо?

-Дөнгөж сая буулаа. Нутгийн агаар сайхан байна.

-Таныг ирсэнд итгэж чадахгүй байна. Яаж ирэв?

-Яах вэ? Явсан шигээ л хүрээд ирлээ.

-Германы тал таныг яаж явуулав?

-Намайг “Та чөлөөтэй л гэж хэлсэн”. 

-Та бүтэн жил хэний буруугаас болж хоригдчихов?

-Хэний буруу, зөвийг би мэдэхгүй. Учир нь олдох байлгүй дээ.

-Та нутгаа санав уу?

-Саналгүй яахав. Миний төлөө санаа зовж байсан хүн бүхэнд баярласнаа өөрөөр чинь дамжуулан илэрхийлж болох уу?

-Таны тухай янз бүрээр ярьж байхад санаа тань зовж байв уу?

-Юм  юм л сонсогдсон. Ардаа төртэй, эх оронтой хүн юундаа ч санаа зовох билээ.

-Та болсон явдлын талаар 2 өгүүлбэрээр хэлэх боломж байна уу?

-Ах нь төрд үүрэг хүлээсэн, тангараг өргөсөн цэрэг хүн. Бас хамаагүй ярьж болохгүй зүйл гэж байна шүү дээ дүү минь. Гэхдээ шаардлага гараад ярь гэвэл зарим зүйлийг ярих болно.

-Таныг Ерөнхийлөгчтэй хамт нэг онгоцоор ирлээ гэж сонслоо.

-Тэглээ. Ерөнхийлөгчтэй хамт ирлээ.

-Та хэзээ ажилдаа орох вэ?

-Дарга намайг шууд ажилдаа ор гэсэн. Уг нь би амраагүй яваа л даа. /Инээв/ Одоо ингээд ажил руугаа очно доо.
 
-Та Сөүлээс ирэв үү?

-Тэглээ. Бие хаагаа үзүүлчихээд.

-Таны бие сайн уу?

-Сайн сайн баярлалаа. За баяртай гэснээр утас тасрав.

Тун удахгүй бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын "Чингис хаан" нисэх онгоцны буудалд газардах үеийн сурвалжлагыг хүргэх болно. 

А.Чандмань.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж