Дэндүү давчуу банкны орчинг хумих нь Дэлхийн банкны террор биш биз

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Дэндүү давчуу банкны орчинг хумих нь Дэлхийн банкны террор биш биз

Дэлхийн банкны дэмжлэг Мон­голын эдийн засгийг хүнд үед нь сэхээн амьдруулахад хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тиймээс ч улстөрчид, эдийн засагчид “бурханчлан шүтэх, номчирхлыг нь сонсох” төдийгүй өгсөн зөвлөгөөг нь иш татан мэдэмхийрэх дуртай байдаг.
Дэлхийн хоёрдугаар дайны да­раах­наас Баруун Европын ор­нуу­дад зээл өгч, хөл дээр нь босгохоос гараагаа эхэлсэн энэ байгууллагын үйл ажиллагаа зөвлөж, тусалсан бүх орныхоо эдийн засгийг дандаа аварч байсан гэвэл худлаа болно. Ялангуяа ядуу буурай орнуу­дад өгсөн зээлийн үр дүнг суд­лаад үзэхэд тэгтлээ баярлаж сай­шаагаад байх юм биш гэдгийг түүх харуулдаг.
Үүнийг батлах мэт Монгол Ул­сын Шадар сайд асан, эдийн засагч Да.Ганболд “Дэлхийн банкнаас зээл, тусламж аваад баяжчихсан  улсын түүх хаана ч байхгүй” хэмээсэн удаатай. Энэ талаар манай сонин өмнөх дугаартаа онцлон дурдаж байсан. Тэнд “Дэлхийн банкнаас 25 жи­лийн хугацаатай зээл авсан ядуу буурай болон хөгжиж буй 66 орны 37-д нь эдийн засгийн нөх­цөл байдал сайжраагүйгээр үл ба­рам дордсон”  гэнэ. Үүний жи­шээнд Никарагуа, Нигер зэрэг орныг дурдаж болох бөгөөд харин хөгжсөн цөөн тохиолдлын тэргүүнд Сингапур, Хонгконгийг нэрлэсэн нь бий.

ДЭЛХИЙН БАНКНЫ ЗАХИРЛЫН АЙЛЧЛАЛААС ХОЙШ
10 САРЫН ДАРААХ ДЕСАНТ

Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр Монгол Улсад үзүүлэх зээл тусламжийн “Дунд хугацааны стратегийн баримт бичиг”-ийг баталсан. Энэ бол Дэлхийн банкны Монгол Улстай харилцах, хамтран ажиллах үйл ажиллагаанд гарсан нэг ахиц. Мөн Дэлхийн банкны захирал, ноён Хун Хосе Дабуб өнгөрсөн оны зургадугаар сарын эхээр Монгол Улсад айлчилж, төр, засгийн удирдлагуудтай уулзаж байв.
Ингэхдээ “Та бүхэнд тулгарч байгаа бэрхшээлүүдээс хамгийн их анхаарууштай нь нийгмийн асуудал. Нийгмийн хамгааллын салбарт одоогийн хөтөлбөрүүдээс гадна тодорхой хэмжээний бү­лэг хүмүүст чиглэсэн төсөл хэ­рэгжүүлэх боломжтой. Энэ талаар бид дэмжлэг үзүүлж болно. Уул уурхайн салбарын хувьд Засгийн газраас хийж буй ажил зөв зүйтэй. Бид танай уул уурхайн салбарыг ард түмэндээ үр шимээ өгөөсэй гэж хүсч байна. Дэлхийн банк өөрийн зүгээс дэвшүүлсэн зорилтдоо хүрэхийн тулд дэмжлэг үзүүлэхээс өөр зорилго байхгүй” гэж байв.
Харин тухайн үед тэр захирлыг хүлээн авч уулз­сан Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг “ Монгол Улс олон жижиг арилжааны банктай, эр­гэлтийн хөрөнгө багатай нь хям­ралын энэ үед эрэлт шаард­лагад хүрэхгүй байгаа юм. Энэ бэрхшээлийг даван туулахад дэм­жин тусалж, хамтран ажиллахыг хүсч байна” хэмээн бөхөлзсөнийг санаж байна.
Хариуд нь Дэлхийн банкны захирал “Хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихийн тулд банкны салбар үр дүнтэй сайн ажиллаж байж амжилт олно. Энэ салбараа тогтвортой хөгжүүлж чадахгүй бол нийгмийн бусад сал­барт сөрөг нөлөөүзүүлэх талтай. Банк ашиггүй ажиллаад эхлэхээр шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудал хүнд байдалд ордог. Тий­мээс сөрөг нөлөөллийг ба­гасгахын тулд тодорхой хээмжээний дэмж­лэг үзүүлж байгаа, цаашид ч энэ туслал­цаагаа үргэлжлүүлнэ” хэмээсэн.
Тэдний хоорондох энэ ярианаас хойш яг 10 сарын дараа буюу 2010 оны дөрөвдүгээр сарын 12-нд Дэлхийн банкны шугамаар зарим орны банкны мэргэжилтэн төлөөлөгчид уригдан ирэв. Энэ хооронд Монголын хоёр арил­жааны банк нэгдсэн, хоёр нь “хаалгаа” бариад байсныг дурдах хэрэгтэй. Ингээд Дэлхийн банк, Монголбанктай хамтран “Банкны бүтцийн талаарх дэлхий нийтийн туршлага” сэдэвт зөвлөгөөн боллоо.

АРИЛЖААНЫ БАНКУУДЫГ ЦӨӨРҮҮЛЭХ ДИКТАТУРЫН
АРГА ДЭЭР САНАЛ НЭГДЭВ

Тэр зөвлөгөөнөөр Мон­голбанк­наас удахгүй хэрэгжүүлэх гэж буй банкны салбарын бүтцийн өөрч­лөлтийн төлөвлөгөөнд гадны шин­жээчдээс зөвлөгөө авах зорилготой хэмээн танилцуулсан. Тэд “Дэлхийн эдийн засгийн хямралд Монгол Улс тэгтлээ айхавтар нэрвэгдээгүй ажээ. Монголын хувьд хамгийн эмзэг цэг нь банкны салбар юм байна” гэж оношлон ярьж байв. Дэлхийн банкны мэргэжилтнүүд “Танай улс банкны системдээ бүтцийн өөрчлөлт хийх ёстой. Тэгэхгүй бол танай арилжааны банкууд бизнесийн салбараа зогсонги байдалд оруулахаар байна” хэмээн онцолсон. Ингэхдээ арилжааны банкуудаас урьтаж Монголбанкинд бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Улстөрчдөөс ангид байлга” гэж зөвлөсөн. Энэ оргүй зүйл биш ээ.
Яагаад Монголбанк арилжааны банкуудад шалгалт хийгээд “Хэвийн ажиллаж байна” гэсэн дүгнэлт гаргаад байхад зарим банкны байдал хэдийнэ хүндэрчихсэн байв? “Анод” банкны хувьд л гэхэд олон удаагийн шалгалтаар зөрчил илрэхгүй байсан. Бараг цагдаа, тагнуулынхан оролцож байж, дээр нь Монголбанкны хяналт шалгалтын газрынхан олон улсын банк санхүүгийн салбарт шалгалт хийдэг янз бүрийн арга туршлагыг хольж хэрэглэн ёстой л мэргэжлийн ур чадвараараа ил­рүүлсэн. Гэтэл илрүүлсэн хойно нь гэм буруутай хүмүүст хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах ажил дэндүү удаашралтай явж байгаа нь үнэн. Үүнийг улс төрөөс холдуулж ойлгох аргагүй. Банктай улстөрчид, улстөржсөн банкируудын цус ойртолтыг эмчилж илааршуулахад ихээхэн хөрөнгө хүч шаардагдах биз ээ.
Энэ талаараа Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн зөвлөгөөтэй са­нал нэг байна. Нөгөөтэйгүүр Мон­голын банкуудын олонхи нь гад­ныхны мэдэлд байна гэдэг тэдний дүгнэлт бас л бултах аргагүй үнэн.
Тэр ч байтугай энэ оны эхэнд Японд болсон нэгэн албан ёсны уулзалт дээр Японы тал Монголын банкуудын аккредитивыг Монголын Засгийн газар хариуцах ёстой гэсэн утгатай шаардлагыг манай талд гардуулсан. Ингэхдээ “Нээсэн аккредитиваа Монголын банк төлж чадахгүй байна гэдэг нь Монгол Улс банкгүй болсонтой адил биш үү” хэмээн шүүмжилснийг эх сурвалж мэдээлж байсан. Гашуун сонсогдох ч гарцаагүй үнэн энд байна. Монгол Улс арав гаруйхан банктай, түүний дийлэнх нь Орос, Япон зэрэг гадны хөрөнгө оруулагчдын гарт, хувьцаа эзэмшигчид нь Мон­голын улс төр, бизнесийн хү­рээ­нийхэн гээд бодохоор дэндүү дав­чуу, явцуу орон зайд банк үйл ажил­лагаагаа явуулж байна. Үнэн хэрэгтээ зарим банкны жин­хэнэ эздийг мэдэхгүй байгаагаа Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын чуулганы танхимд нуулгүй хэлж байсан ч удаатай юм шүү.
Харамсалтай нь ажлынхаа гүнд орж, үүнийг цэгцлэхийн оронд арил­жааны банкуудыг цөө­рүү­лэх тухай ярьж эхэлсэн нь түг­шүүр төрүүлэв. Мон­голбанкны ерөн­хийлөгч Л.Пү­рэв­дорж анх томилогдсоныхоо да­раахан хийсэн мэ­дэгдлүүдээс хам­гийн эхэлж олныг цочирдуулж, дүр­гүйцлийг хүргэсэн алхам нь энэ байв. Мэдээж олон жижгээс цөөн чанартайг илүүд үзэж байгаа нь ойлгомжтой. Гол шалтгаан нь томоохон зээл өгөх чадваргүй, заримдаа 2-3 банк нийлж байж том эх үүсвэрийг бүрдүүлдэг гэсэн гомдол газар авсных байж болох юм. Гэхдээ жижиг гэгдээд байгаа арилжааны банкууд бизнесийн хэчнээн бай­гууллагын “голыг зогоож” явааг судалж үзэх нь зөв биз ээ. Айхавтар том хэмжээтэй биш боловч тогт­вор­той, найдвартай, зугуухан үйл ажиллагаа явуулж, үүргээ бие­лүүлж байгаа хувийн банкуудад хал­дах нь оновчтой хувилбар биш.
Харин “Гал дээр тос нэмэх”-ийн үл­­гэрээр Дэлхийн банкны мэр­гэ­жилт­нүүд түүний саналыг дэмжсэн санаануудыг саяын зөв­лөгөөний үеэр хэлж байсан нь ан­хаарал татлаа. Тухайлбал “өөрийн орны туршлагаас” ярьж буй тэр хүмүүсийн ярианд эхлээд банк­ны тоог цөөлөөд цэгцэлсэн чинь байдал аятай саяхан болоод явчихсан гэсэн санаа давтагдаж байв. Энэ нь зохион байгуулалттай юм биш биз гэсэн ажиг сэжиг ч төрүүлж байх юм.

НЭГ ОРНЫГ НӨГӨӨ ОРОНД МУУЛАХ ГАЖ ТАКТИКААС ТЭД ЮУ ХОЖДОГ ВЭ

Нөгөөтэйгүүр Дэлхийн банкны хийж буй ажлын бас нэг хэсэг нь банкны мэргэжилтнүүд туршлагаа солилцдог явдал. Хөндлөнгөөс харахад глобал, гоё арга мэт ха­рагддаг. Хүндрэлийг яаж даван туулс­наа яриад л, зөвлөж, ан­хааруулаад л. Үнэн хэрэгтээ хөгж­лийн нууц, давуу чанараа ямар ч сайн хөрш орондоо яриад байдаг энэ арга цаанаа юу нууж байгаа бол гэж бодмоор. Гаднын нэг улс орноос ирсэн эдийн засагч хэдэн хуудас илтгэл бэлдээд ирчихсэн. Түүнийгээ график зураг, судалгааны үзүүлэлтүүдтэй дэлгэцэн дээр тайлбарлаад л байна.
Зарим нь өөрийн орны тухай, заримдаа намайг тэнд ажиллахад тийм юм билээ гэж ёстой л далан булчирхайгаа нь тоочиж байх юм. Сонсогчдоос хэн ч ямар ч тоо ба­римт асуусан түгдрэлгүй хэлж өгөөд л. Өнөөх үндэсний аюулгүй бай­дал, төрийн хар хайрцагны бод­лого, нууц тоо баримтууд огт хамаагүй. Дээрх сайхан туршлагыг сонсч байхад манайхаас ч гэсэн хэн нэг нь очоод ингэж ярих ёстой юу гэж эрхгүй бодогдоно. Зөвхөн мэдээлээд, санал бодлоо илэрхийлээд зогсохгүй дүгнэлт гаргадаг гэж байгаа. Энэ удаад ч гэсэн Монголбанкны удирдлагууд Дэлхийн банкны шинжээчдээр дүг­нэлт гаргуулан  өөрсдийн бо­ловсруулсан “Монгол Улсын банк­ны салбарт бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг” дэмжүүлээд ав­лаа. Багагүй хэмжээний хөрөнгө зарцуулан байж урьж ирүүлсэн гол зо­рилго нь энэ. УИХ Монголбанкны бо­ловсруулсан төлөвлөгөөг өөчилж, гоочлоод, дахин хийж ир гээд нүүр рүү нь шидэх ма­гад­­лал өн­дөр. Үүнийг Дэлхийн бан­каар дэм­жүүлбэл “Дэлхийн бан­кийг эсэр­гүүцэх”-ээс айгаад хүн­дэтгэн хүлээж авч магад. Дээр нь улстөрчдийг банкнаас хол бай гээд хэлүүлчихсэн. Одоо хэмжээгүй эрхт, халдашгүй дар­хан Монголбанк хараат бусаар ажиллаж арилжааны банкуудаас алийг нь сорчилж авч үлдэхээ өөрсдийн шалгуураар шийднэ гэсэн үг үү. Үүний л төлөө Дэлхийн банкнаас зо­чин урьж, зөвлөгөөн зохион байгуулсан дүр зураг харагдаж бай­на. Монголын эдийн засгийн урдаа барьдаг, учир мэдэх хүмүүс ч энэ талаар хатуу үг чулуудсан бай­даг. Тухайлбал, одоогийн УИХ-ын ги­шүүн О.Чулуунбат Мон­голбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Монгол Улс Дэлхийн банктай, банк­гүй болно. Тэд хийсэн ч, хий­гээгүй ч үр дүн нь ижилхэн гарна” хэмээсэн удаатай. Үнэндээ зөвлөгөөг ажил гэхэд хэцүү л дээ. Тэр тусмаа ерөөж, хараагаад байгаа юм шиг “чинжүүтэй зөвлөгөө”-г авах ч хэцүү, хаяхад ч бэрх.
Мөн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл “Дэл­хийн банкны төлөөлөгч Монгол Ул­сад ирээд, эдийн засгийг нь ашиг­лан мөнгөний мониторинг тур­шилт хийж байна” хэмээсэн. Дээрх туршлага солилцох “глобал тактик”-ийн ард ийм зүйл нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй.
Дэлхийн банкны зөвлөмжид гол төлөв хөгжиж буй орнууд аль салбартаа ямар төрлийн ажлыг да­руй хийх хэрэгтэй байгаа, үүнд хэдий хэмжээний хөрөнгө шаард­лагатайг дурдаад бид тусалж болох юм гэдэг. Яг өлссөн хүнд хоол харуулаад “идье гэвэл…” гэдэгтэй адил.  Энэ удаад ч “Танайх банкны салбараа аваръя гэвэл маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Бид тусалъя” гэсэн санаа хэлж буй. Мөн эрчим хүч, цэвэр ус гээд олны анхаарлын төвдэх эмзэг сэдвийг барьж авч хөрөнгө оруулж байгаа тухайгаа пиар хийж эхэллээ. Өнгөрсөн он жилүүдэд хүнд цаг үедээ гаднынхнаас авсан зээл бүхэн өнөөдөр бидний өмнөөр болон хуримтлагдсан. Үүнийг бид харж байна. Тиймээс “Инээсэн бүхэн нөхөр биш” гэгчээр “Тусламж бүхэн сайныг санаж, зөвлөмж бүхэн зөвийг хэлдэггүй” гэдгийг зээл гэхээр инээд алдан алгаа тосдог эрхэм улстөрчдөд сануулахад илүүдэхгүй биз ээ.

Тоймч
 У.Оргилмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж