Шинэ озэки хэвлэлийн хурал хийлгэв

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Шинэ озэки хэвлэлийн хурал хийлгэв

Японы хамгийн ирээдүйтэй сумоч гэгдэж буй Котошогикү өнгөрөгч ням гаригт өндөрлөсөн аки башёд 12 даваа авснаар озэки цол хүртэх болзол хангасан юм. Японы үндэсний спорт атал ёкозуна, озэки цолтнуудын дотор дотоодын төлөөлөлгүй болоод байсан учир Сумогийн холбооноос бараг хүчээр шахам аль нэг бөхөө озэки цолонд “зүтгүүлсэн” нь ямартай ч биеллээ олсон. Аки башёд сэкиваки цолтой барилдсан Котошогикү башё өндөрлөсний маргааш өдөр нь буюу өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, озэки цолонд хүрсэндээ хязгааргүй их баяртай байгаа тухайгаа хуучилжээ.

Сумогийн холбооны удирдах зөвлөл маргааш хуралдаж, Садогатакэ дэвжээний бөх Котошогикүг албан ёсоор озэки цолонд “өргөмжилнө”. Ингэснээр тэрбээр өөрийн төдийгүй япончуудын хүсэл мөрөөдлийг биелүүлж, ирэх арваннэгдүгээр сарын кюүшю башёд озэки цолтой зодоглох юм. Чиба мужийн Садогатакэ дэвжээнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр шинэхэн озэки Котошогикү “Миний хувьд озэки цол гэдэг давж дийлшгүй уул нуруу мэт байлаа. Озэки цолонд хүрнэ гэдэг миний мөрөөдөл байсан” хэмээн ярьжээ.

Намрын башё өндөрлөсний дараа Котошогикү баяр хүргэсэн, бахархсан, магтаалын үгс харамгүй хүртжээ. Тэрбээр дөрвөн жилийн дараа Японоос төрж буй озэки юм. Тэрбээр “Би шөнө нойр хүрэхгүй, сайн унтаж чадаагүй. Гэтэл өглөө маш сэргэг, сайхан сэрсэн. Цаашид би өөрийн зан авир, биеэ авч явах байдал, хэл яриа болгоноо анхаарч, Сумогийн холбооны төлөө ажиллах болно” хэмээжээ. Садогатакэ дэвжээний оякатагийн хэлснээр Котошогикүгийн дараагийн зорилго бол сумо бөхийн хамгийн дээд цол болох ёкозуна цол хүртэхийн төлөө тэмцэх гэнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж