С.Баяр Хятадад ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

С.Баяр Хятадад ажиллаж байна

УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй байгаагаас намын бүлгүүд хуралдаан
зарлаж чадахгүйд хүрч, түүнийгээ дагаад байнгын хороодын хуралдаан
цуцлагдахад хүрээд буй. Эрхэм гишүүдийн ирцийг сонирхвол, УИХ-ын Тамгын
газраас гаргасан өнөөдрийн мэдээгээр 76 гишүүнээс 66 нь ажиллаж байна
гэх. Ийм хэмжээний ирцтэй байхад чуулганы нэгдсэн хуралдаан ч зарлах
боломжтой. Гэвч гишүүдийн хувьд намрын чуулган эхэлсний дараа л ажилдаа
шуурхайлан орохоор биеэ нөөж буй бололтой. Гадаадад болон орон нутагт
томилолтоор ажиллаж байгаа гишүүдийн хувьд С.Баяр УИХ-аас томилолт
өвөртлөн өмнөд хөршийг зорьжээ. Тэрбээр есдүгээр сарын 19-нөөс эхэлж
Хятад улсад ажиллаж байгаа аж. Чухам ямар ажил амжуулж яваа нь
тодорхойгүй ч, ирэх пүрэв гаригт буюу энэ сарын 29-нд ажлаа дуусган
Улаанбаатар хотод ирэх юм байна. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хятадын
онцгой бүс болох Хонконг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Филиппин улсыг
зорьсон бөгөөд энэ сарын 30-нд ирнэ.

Харин УИХ-ын дэд дарга Г.Батхүү Өвөрхангай аймагт, УИХ-ын гишүүн
Х.Бадамсүрэн Өмнөговь, Н.Батбаяр Архангай аймагт тус бүр ажиллаж буй бол
УИХ-ын гишүүн Р.Раш Дундговь аймагт, Ш.Сайхансамбуу гишүүн Завхан
аймагт ажиллаж байна. Р.Раш гишүүн намрын чуулган эхлэхийн өмнө буцаж
ирэх бол бусад гишүүд есдүгээр сарын 28-30-ны хооронд Улаанбаатар хотод
ирэх ажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж