Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Угтаа энэ жил ажлын байр нэмэгдэж, хөдөлмөр эрхлэх хүний тоо өсч сүйд болсонгүй. Харин ажлын байрнаас илүүтэй “Нэлээд хэдэн хөшөөтэй болоод амжив уу даа” гэх бодол төрөх боллоо. Сүүлийн хэд хоногийн дотор л гэхэд нэлээд хэдэн хөшөөний сураг гараад амжлаа шүү. “Маамуу нааш ир” гэх дуу хөшөөжиж, “Монголын хүүхдийн ордон”-ы гадна сүндэрлэсэн. Мөн Сангийн яамнаас “Эрдэнэсийн арал” нэртэй хөшөөт цэцэрлэгийг тавдугаар сургуулийн хажууханд байрлах хэдэн байрны голд бариад амжив. “Эрдэнэсийн арал” хөшөөт цэцэрлэгт хүрээлэнг тус яамны 100 жилийн ойг тохиолдуулан барьж ашиглалтад оруулсан гэх. Мөн ирэх сарын гурванд БСШУЯ-ны хамт олон “Багшийн хөшөө” ашиглалтад оруулах сурагтай. Ингээд бичээд байвал манай улс ч олон хөшөөтэй болох нь дээ. Ер нь манай төр засгийнхан ажлын байр, хөдөлмөр эрхлэлт, эмзэг бүлгийнхэн гэхээсээ илүүтэй хөшөөнд л анхаарал хандуулах гээд байна. Энэ нь ч зөв л дөө. Нэгэнт ажлын байр нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хотын утааг бууруулж чадахгүйгээс хойш хөшөөнд л анхаарлаа хандуулсан нь дээр. Одоо Батлан хамгаалах яам “Цэргийн хөшөө”, Эрүүл мэндийн яам “Эмчийн хөшөө”, Гадаад харилцааны яам “Дипломат ажилтаны хөшөө”, БХБЯам “Барилгачны хөшөө”, Хууль зүй, дотоод хэргийн яам “Цагдаагийн хөшөө”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам “Тариаланчийн хөшөө”, Эрдэс баялаг, эрчим хүчний яам “Уурхайчны хөшөө” гээд байгуулж өгөх хэрэгтэй. Үүн дээрээс Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Ажилчны хөшөө”, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Сэтгүүлчийн хөшөө” зэргийг байгуулах хэрэгтэй. Мөн орон нутгийн малчид нэгдэж байгад “Малчны хөшөө” ч байгуулж болно. Ер нь хөшөө байгуулах моод дэлгэрүүлж байгаа юм бол хүн бүр хөшөө босгоод байх хэрэгтэй шүү. Гадны орнуудад ч бас иймэрхүү хөшөөнүүд байдаг л даа. Гэхдээ тэнд хөшөө барихаасаа өмнө иргэдийнхээ амжиргааны түвшин, амьдрах орчинг сайжруулдаг юм билээ. Гэтэл манайд ард түмний амжиргааг бодохоосоо өмнө хөшөө л бодоод, босгоод байх юм даа.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин