“Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

“Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш буурчээ

Монголын Засгийн газар есдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харахаар болж, Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлж, 50 хувьд хүргэх болон нөөц ашигласны нэмэлт төлбөрийн асуудлаар “Айвенхоу Майнз Лимитед” болон “Рио Тинто Интернейшнл Холдингс Лимитед”  компанитай хэлэлцээ хийх талаар ярилцсан нь дэлхийн уул уурхай, эдийн засгийн салбарын онцлох сэдвүүдийн нэг хэвээр байна. Ердөө хоёрхон хоногийн өмнө /IX.25/ “Рио Тинто” групп Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Монголын Засгийн газарт тайлбар хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн ч 2009 онд баталсан төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх бодолгүй байгаагаа илэрхийлсэн байгаа.

“Оюутолгой” төслийн гүйцэтгэх захирал Кэмерон МакРэй ням гаригт “Монголын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах талаар “Рио Тинто” группт одоогоор албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд "Бид Монголын Засгийн газраас албан ёсны мэдэгдэл ирсэн үед энэ асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн” гэдгээ илэрхийлсэн юм. Гэхдээ ноён Кэмерон МакРэй “Бид гэрээнд заасны дагуу тохиролцсондоо хүрэхийг хичээж байгаа шиг Монголын Засгийн газрыг хэлсэн үгэндээ эзэн болно гэж найдаж байна” гэсэн сануулга өгөхөө мартаагүй юм.

Тэгвэл “Оюутолгой” төслийн гүйцэтгэх захирал Кэмерон МакРэй ням гаригт хийсэн энэхүү мэдэгдлийн дараа буюу өчигдөр төслийг хэрэгжүүлж буй Канадын “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 12 хувиар буурчээ. “Айвенхоу Майнз” Монголын Засгийн газартай байгуулсан “Оюутолгой” төслийн  2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхгүй гэсэн мэдэгдэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хангалттай цацагдсан ч тус компанийн хувьцааны ханш Нью-Йорк болон Торонтогийн хөрөнгийн бирж дээр ийнхүү савалж эхэлсэн байна.

Энэ талаар “Ройтерс” агентлаг дараах мэдээллийг
өнөөдөр нийтэлсэн байна.

“Айвенхоу Майнз” компани Монголын Өмнөговь аймаг дахь “Оюутолгой” төслийг Англи-Австралийн уул уурхайн групп болох “Рио Тинто”-той хамтран хэрэгжүүлж байгаа юм. “Айвенхоу Майнз”-ын эзэмшлийн 48.5 хувийг “Рио Тинто” групп эзэмшдэг бөгөөд өнгөрсөн наймдугаар сард хувьцаагаа 49 хувь болгон өсгөж байлаа. “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхээр 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд “Айвенхоу Майнз” эзэмшлийн 66 хувь,  Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшихээр заасан байдаг. Гэрээнд ордыг ашиглаж эхэлснээс хойш 30 жилийн дараа Монголын Засгийн газрын эзэмшил 50 хувь хүртэл нэмэгдэхээр заасан байдаг бол Монголын парламентын 20 гишүүн Ерөнхий сайд С.Батболдод “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж, Монголын Засгийн газрын эзэмшлийн хувийг өсгөх санал оруулснаар Монголын тал хөрөнгө оруулагчдыг дахин хэлэлцээнд уриад байгаа юм.

Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт баасан гаригт /IX.23/ хэвлэлийнхэнд мэдэгдэл хийхдээ “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж, эзэмшлийн хувийг 50 хувьд хүргэхээр “Айвенхоу Майнз”-тай ойрын хугацаанд хэлэлцээрийн ширээнд сууна гэж мэдэгдсэн байна. 2012 оноос төслийн эхний шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” төсөлд хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалт хийсэн байгаа бөгөөд тэд “Оюутолгой” төслөөс эхний арван жилийн хугацаанд жилд дунджаар 650,000 унци алт, гурван сая унци мөнгө, 544,000 тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа.

“Айвенхоу Майнз” компанийн гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд “Оюутолгой” хөрөнгө оруулалтын гэрээг “Монголын хууль тогтоомжийн дагуу байгуулсан шударга гэрээ” гэж үзэж буйгаа мэдэгдэж байсан бол энэ удаа  “Айвенхоу Майнз” компанийн зүгээс Монголын Засгийн газарт явуулсан мэдэгдэлдээ "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол оронд асар их боломж буйг  хөрөнгө оруулагчдад харуулж, итгэл төрүүлэх эхлэл болсон” гэдгийг онцолжээ. Харин гэрээнд өөрчлөлт оруулах санал оруулагсдын нэг, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "Гэрээг хуулийн дагуу байгуулсныг бүгд мэднэ. Гэхдээ энэ гэрээг өөрчлөх ёстой. Гадаадын компаниуд хөрөнгө оруулахдаа маш их эрсдэл хүлээдгийг бид ойлгож байна. Гэвч гэрээнд хоёр талын ашиг сонирхлын аль алиныг харгалзаж үзэх ёстой. Бизнест итгэл хамгийн чухал. Гэрээ гэдэг дахин хянаж, өөрчлөхийн тулд байгуулдаг зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээнд ойрын хугацаанд өөрчлөлт оруулж, төсөлд хөрөнгө оруулсан компанийн хөрөнгийг буцаан олгоно. Гэрээнд өөрчлөлт оруулахад 5-10 жил ч шаардагдаж болзошгүй” гэж мэдэгдээд буй. Харин энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Оюун ”Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаар гишүүд нэгдсэн саналд хүрээгүй. “Оюутолгой”-н гэрээг нэгэнт баталсан болохоор энэ асуудлыг дахин сөхөх шаардлагагүй” гэж хэлсэн байна.

Алт, зэсийн хэмжээгээрээ дэлхийн том ордуудын нэгд тооцогдох “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон энэ мэт бүрхэг байдал төслийг гүйцэтгэгч “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны үнэ Олон улсын хөрөнгийн зах зээлд унахад хүргэж байна.

“Айвенхоу Майнз”-ын үнэт цаас өчигдрийн байдлаар Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 13.99 ам.долларт хүрч, 12.6 хувиар буурсан бол Торонтогийн хөрөнгийн бирж дээр 14.47 ам.доллараар арилжаалагдсан нь 12.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин “Рио Тинто”-гийн  нэгж хувьцаа Лондонгийн хөрөнгийн бирж дээр 2,945.77 пенсээр арилжаалагдсан нь 0.7 хувиар буурсан гэсэн үг юм.  Торонтогийн хөрөнгийн бирж дээр өнгөрсөн хоёрдугаар сард 28.98 ам.долларт хүрч, рекорд тогтоож байсан “Айвенхоу Майнз”-ын хувьцаа дэлхийн эдийн засгийн сорилтууд, зэсийн үнийн бууралтаас шалтгаалан өнөөдрийг хүртэлх хугацаанд 50 хувиар буурсан байна.

“Рио Тинто”-ийн удирдлагуудын зүгээс “Оюутолгой” дахь эрчим хүчний нийлүүлэлтийг тодорхой хугацаанд зогсоох тухай мэдэгдлийг “Айвенхоу Майнз”-д явуулсан гэсэн мэдээлэл байгаа ч батлагдаагүй байгаа юм. “Айвенхоу Майнз” компанийн хувьд  “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхийн тулд Хятадаас эрчим хүч авах гэрээ байгуулсан байдаг юм.

Бэлтгэсэн Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж