Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

“Аварга” хүү

Гиннесийн номд үндэсний бө­­хийг бүртгүүлэхээр зохион бай­гуул­сан 6002 бөхийн барилдаан есөн өдрийн турш үргэлжилж өнгөрсөн ням гарагт өндөрлөлөө. Олон жил цэргийн арслан цолтой барилдаж, тэгш дөрвөн ой давхацсан энэ жи­лийн баяр наадмаар улсын заан цолд хүрсэн Ч.Санжаадамба энэ ба­рилдаанд 13 давж түрүүллээ. Харин өнөө жи­лийн наадамд түрүүлж, ши­нээр аварга цол хүртсэн С.Мөнхбат үзүүр­лэв. Ч.Санжаадамбын хувьд за­луу бөх, дараа нь цэргийн арслан бай­хаасаа л уран барилдаанаар үзэгч­дийг шуугиулж, “Ирээдүйд аварга болох хүү” гэгддэг байлаа. Сүүлийн жилүүдэд наадмын үзүүр, түрүүний бөхийн тааварт ч түүний нэр байнга “хадаатай” байсан гэхэд болно. Сайн бөх гэдгээ ч өмнө нь нэг бус удаа ба­талж, улсын баяраас бусад томоохон хэд хэдэн наадамд түрүүлсэн юм. Монгол туургатны барилдааныг Өвөрмонголд зохион байгуулахад хоёр удаа, 2009 онд Улаанбаатарт болоход нь нэг удаа түрүүлж байлаа. Архангай аймгийн Хашаат сумын харьяат тэрбээр багаасаа үндэсний бөхөөр хичээллэсэн нэгэн. Түүний багш нь улсын заан З.Дүвчин. Хашаат суманд ажлаар очихдоо анх Ч.Санжаадамбыг олж харсан бөгөөд дараа жил нь хотод авчирч гэртээ байлгаад зогсохгүй бөхийн дугуйландаа авсан гэдэг. “Монгол бөхийн шинжийг биедээ агуулсан, хоёр дахь Бат-Эрдэнэ” ч гэж бөх сонирхогч зарим хүн түүнийг дүг­нэдэг. Хүмүүсээс зэмлэл, магтаалыг зэрэг хүртээд байсан энэ удаагийн 6002 “нүцгэн” бөхийн барилдааныг ямар ч гэсэн тэр өнгөлж, 15 сая төгрөгөөр шагнуулав. Хамгийн гол нь энэ жилийн баяр наадмаар түүнийг түрүүлж магадгүй гэсэн тааврыг эвдсэн, нэгэн үеийн бөх С.Мөнх­бат аваргыг энэ барилдаанд давж түрүүлсэн нь ярианы гол сэдэв байв. Түүнийг энэ цаг үеийн монгол бөхийн өнгийг тодорхойлох залуу гэдэг ч оргүй үг биш дэг ээ.  

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж