В.Путин Америкчуудыг сандаргаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

В.Путин Америкчуудыг сандаргаж эхэллээ

Владимир Путин эргэн ирлээ. Тэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болов. Энэ нь Оросын улс төртэй холбоотой олон асуултын хариу болж чадлаа. Гэвч эндээс дахиад өөр асуулт ч бас урган гарч ирсэн юм.

Сүүлийн хэдэн сарын турш В.Путин, Д.Медведев хоёрын хэн нь Оросын дараагийн Ерөнхийлөгч болох бол хэмээн олон улсын хэвлэлүүд шуугицгааж байв. Д.Медведев өөрөө ч нэр дэвших бодолтой байгаагаа мэдэгдэж, В.Путины талаар янз бүрийн зүйл ярихаас татгалзаж байсан. Харин энэ үеэс В.Путин Оросын томоохон телевизүүдээр хэдэн цагийн турш ярьж, дэмжигчдээ цуглуулан ард түмэн нь түүнийг эргэн ирэхийг хүлээж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж эхэлсэн юм. Гэтэл Д.Медведев түүнтэй харьцуулахад юу ч хийгээгүй. Магадгүй түүнд ямар  нэгэн зүйл хийх боломж олгоогүй байх. Эцэст нь В.Путин Нэгдсэн Орос намынхныхаа олонхийн дэмжлэгийг авч, сонгуульд нэр дэвшихээр болов.  
В.Путин Оросын Ерөнхийлөгч болбол Д.Медведевийг Ерөнхий сайд болгоно гэж амласан. Орост ирэх оноос эхлэн Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа дөрвөн жил байсныг зургаа болгон сунгаж магадгүй байгаа. Сонгуулийн тухай хуулинд нь зааснаар бол Оросын Ерөнхийлөгчөөр хоёр удаа улиран сонгогдсоны дараа нэг удаа завсарласны эцэст дахин нэр дэвших боломжтой байдаг. Тэгээд дахин завсаргүй хоёр удаа Ерөнхийлөгч болж болно. Тэгэхээр хэрэв В.Путин дахин Ерөнхийлөгч болбол ОХУ-ын Төрийн тэргүүнээр 12 жил ажиллана гэсэн үг. Одоо дөнгөж 59 настай, эрүүл чийрэг биетэй В.Путинд энэ бол боломжгүй зүйл биш.

Оросын ард түмэн В.Путинг улс орноо нэг гарт зангидаж чадах хүчирхэг удирдагч мэтээр төсөөлдөг. В.Путин өөрөө ч ийм дүр төрхийг бий болгосон. Уг нь Д.Медведев улс оронд нь газар аваад байгаа авлигатай тэмцэж, шүүхийн тогтолцоог өөрчлөхийг зорьсон. Гэхдээ түүний ажлын үр дүн хараахан илэрч эхлээгүй байгаа. Өөрийнхөө эхлүүлсэн эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлж дуусахын тулд Ерөнхийлөгч биш юм аа гэхэд, ядаж Ерөнхий сайд байх нь Д.Медведевт хэрэгтэй. Харин В.Путины хувьд өмнө нь Ерөнхийлөгч байх үедээ Авлигын эсрэг хууль батлахаас татгалзаж байсан. Тиймээс энэ удаад ч мөн энэ асуудлыг шийдэхэд хойш сууж мэднэ хэмээн “Вашингтон Пост” сонинд тэмдэглэжээ. Орост хэвлэл мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь төрийн мэдлийнх байдаг учраас тэд сөрөг хүчнийнхний байр суурийг огт гаргадаггүй. Төрийн думд суудалтай дөрвөн сөрөг хүчний ердөө нэг нь л Нэгдсэн Орос намын эсрэг байр суурийг зоригтой илэрхийлж чаддаг. Ийм нөхцөл байдлыг В.Путин анх Ерөнхийлөгч болсон цагаасаа хойш бий болгожээ. Тэгэхээр диктатурын дэглэм ноёрхсон “ардчилсан” Орос орон цаашид ч оршин тогтносон хэвээр байх нь. Оросын нэгэн судалгааны төвөөс явуулсан судалгаагаар Д.Медведев, В.Путин хоёрын рейтинг ойролцоо гарсан. Гэхдээ залуусын дийлэнх нь Д.Медведевийг, нас тогтсон хүмүүсийн олонх нь В.Путинг дэмжжээ.

В.Путины үед түүнд таалагдаагүй Оросын олон олигархи гадуурхагдаж байсан. “ЮКОС”-ын тэргүүн асан М.Ходорковский бол хамгийн том жишээ. Харин В.Путин Ерөнхийлөгч болбол М.Ходорковский суллаг­дахгүй нь тодорхой болно гэсэн үг. Гэтэл түүнээс болж барууны орнууд Оросыг хүний эрхийг дээдэлдэггүй, бизнесийн чөлөөтэй таатай орчинг бүрдүүлэхийн оронд бизнес эрхлэгчдийг хорьж цагдаж байна хэмээн шүүмжилж байсан билээ. Тиймээс хэдийгээр В.Путин эдийн засгийн шинэчлэлийг дэмжих боловч гадны хөрөнгө оруулагчдыг татах таатай орчинг бүрдүүлэхэд хүндрэлтэй болох юм. Тэрбээр баячуудын татварыг нэмэхээ мэ­дэгдэж, иргэдийнхээ хэрэглээг нэ­мэгдүүлэхийг зорьж ажиллана хэ­мээн онцолжээ. Түүнчлэн Оросын Сангийн сайд Алексей Кудрин удахгүй албан ажлаа хүлээлгэн өгнө гэх мэдээлэл тархсан нь Д.Медведевийн эхлүүлсэн эдийн засгийн шинэчлэл төгсөх үгүйг эргэлзээтэй болгож байна. Хэдийгээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг өөрийнх нь бодлогыг дэмжиж байгаа гэж мэдэгдсэн боловч энэ ёс төдий үг ч байж болох юм.

В.Путин эргэн ирснээр хам­гийн тодорхойгүй болж байгаа нэг асуудал бол Орос, АНУ-ын харилцаа. Д.Медведев АНУ-тай найрсаг харилцаж байсан. Түүний хүчинд Барак Обама Оросыг Дэлхийн худалдааны байгуулагад элсүүлэхээр болж, зэвсэглэлийн салбарт хамтрах шинэ боломжууд ч нээгдсэн юм. Цөмийн цэнэгт пуужингуудын тоог цөөлөх гэрээ байгуулах ажил Д.Медведевийн үед нааштай шийдэгдсэн билээ. Гэхдээ В.Путин АНУ-д сэжиглэнгүй хандаж байгаагаа нэг бус удаа илэрхийлж байв. Тиймээс “В.Путин эргэж ирнэ” гэх мэдээ “Б.Обама Оростой харилцах харилцаагаа цоо шинээр эхлүүлнэ” гэсэнтэй утга нэг сонсогдож байгаа юм. Хэдийгээр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчид хоёр орны харилцаа урьдын адил байна хэмээн мэдэгдсэн ч ажиглагчид үүнийг үгүйсгэж байна.

АНУ-ын “Фрийдом хаус”-ын тэргүүн Дэвид Крэмер “В.Путин АНУ-д тийм ч хүндэтгэлтэй ханддаггүй. Тиймээс хоёр орны харилцаанд ил биш ч гэсэн далд байдлаар таагүй уур амьсгал бүрдэнэ” гэжээ. Дэлхийн худалдааны байгууллагад элсэх ажлыг Д.Медведев шаргуу дэмжиж байсан бол энэ тал дээр В.Путин шүүмжлэлтэй хандаж байгаагаа олон удаа илэрхийлж байв. Тэгэхээр ойрмогхондоо ОХУ Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон болохгүй үлдэх бололтой. Цөмийн зэвсгээс татгалзах асуудалд Д.Медведев Иранд дарамт үзүүлж байсан. Мөн Афганистантай холбоотой цэргийн онгоцны асуудлыг ч зөвшөөрсөн. Гэтэл В.Путин эдгээр асуудалд Д.Медведевийг шүүмжилж байсан юм. “Викиликс”-ийн дэлгэсэн баримтууд дунд АНУ-ын дипломат төлөөлөгчид Д.Медведевийг В.Пу­тин гэдэг “Бэтмэн”-ий туслах Робин хэмээн нэрлэж, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс “Оросын ардчилал үгүй болж, олигархи хүн засгийн эрхийг барьж байна” хэмээн тодорхойлсон юм. Гэхдээ энэ бол Д.Медведевийг Ерөнхийлөгч болохоос өмнөх үеийн дипломатчдын өгч байсан мэдээлэл. Харин одоо Орос оронд ардчиллын салхийг дахин сэвэлзүүлж байсан Д.Медведев биш харин өнөөх “Засгийн эрхэнд гарсан олигархи” нь дахин гарч ирэх нь. Америкчууд сандрахгүй байж чадна гэж үү.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж