Зэсийн үнийн огцом уналт 7300 ам.долларт хүрэв

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Зэсийн үнийн огцом уналт 7300 ам.долларт хүрэв

Засгийн
газар төсвийн тодот­го­лоо УИХ-д харуулах цаг дө­хөж байгаа энэ үед
зэсийн үнэ хэ­дий хэмжээгээр өсөж, ганцхан са­рын дотор хэрхэн 1600
орчим ам.дол­ла­раар буурсныг хэн хүнгүй онцгойлон анхаарах нь тодорхой.
Үндэсний ста­тистикийн хорооны мэдээлэлд дурьдсанаар манай улсын нийт
экс­портын 40 хүртэлх хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа аж. Өмнөх
жи­лүүдийнхээс даруй 10 орчим ху­виар буурсан ч  энэхүү өнгөт металл
улсын төсвийн багагүй хэс­гийг бүрдүүлдэг хэвээр байгаа юм. Энэ оны
төсөвт нэг тонн зэсийн үнийг 5983.1 ам.доллараар тооцож, дэл­хийн зах
зээл дээр хэлбэлзэх ханшийг 8425 ам.доллар байхаар дундажилж байсан.
Өнгөрсөн жи­лийн өдийд гаргаж байсан энэ прогноз энэ зуны турш унаагүй
нь саяхныг хүртэл “азны юм” байлаа. Тэр чинээгээрээ бидэнд алт, зэсийн
үнэ, өнгө хоёр “гялалзан” харагдаж байв. Харин энэ сарын эхээр тонн нь
9300 ам.долларт хүрч байсан зэ­сийн үнэ өнөөдөр 7000 ам.доллар болт­­лоо
уруудах болсон. Тодорхой хэлбэл, тонн зэс www.BBC.com сайтын биз­нес
сек­тор дахь үзүүлэлтээр 7380, Лон­дон­гийн метал­лын бирж дээр 7280
ам.дол­ларын ханш­тай байна.

Өнгөрсөн жилийн өдийд зэсийн үнэ яагаад өндөр байх учиртайг ма­най
“төсөвчид” болон эдийн засагч ги­шүүд “Дэлхийн эдийн засаг эр­гэлт
буцалтгүйгээр сэргэлээ” хэ­мээн тайлбарлаж, макро түвшний яриа­гаараа
баталж байсан юм. Гэтэл өнөөх сэргэсэн хэмээн ярьж байсан АНУ, Европын
орнууд нь байтугай, баялаг болон түүхий эдийн үнийг зах зээлийнхээ
багтаамжаар тодотгож өгөх Ази тэр дундаа Хятадын эдийн засагт сөрөг үр
дүнгүүд харагдах бол­лоо. Метал, бэлдэцүүдийг эс тооцвол хэрэглээгээрээ
тэргүүлж, зэсийг их хэмжээгээр импортолдог бүс нь Ев­ропын холбоо байдаг
гэнэ. Үүний дараа АНУ, Хятад, Японы эдийн засаг үйлдвэрлэлийнхээ цар
хүрээнээс ха­маарч металлын гол худалдан авагч болдог. Зэсийн үнийн
талаар са­наа зовинодог мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эдийн засгийн
хувьд Европ хүнд байдалд орвол түүнийг дагаад Хятад, Японы эдийн засаг
барьц алдах төлөвтэй байгаа гэнэ. Мэдээж хэрэг зэсийн ханш үйлд­вэр­лэл
нэмэгдэж, эдийн засаг өсө­хөөр чангардаг. Харин эдийн зас­гийн өсөлт
саарвал зэсийн ханш өнөөд­рийнх шиг унасаар байх аж. Бидэнд дэндүү
хамаатай нь л зэс болохоос ойрын өдрүүдэд дэлхийн зах зээл дээр бүх
металлын ханш огцом унаж байгаа юм.

Манай улсын хувьд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 100 ам.доллараар
өсөхөд төсвийн орлого жилдээ 10 тэрбум төгрөгөөр нэмэгддэг гэсэн
тоо­цоог гаргасан байдаг. Тэгэхээр 100 ам.доллараар унахад дээрх
хэм­жээний мөнгө манай улсын төс­вөөс “мултардаг” байх нь. Гэхдээ үнийн
савалгаа харьцангүй оны сүүлээр буюу хоёрдугаар улирлын хагаст нөлөөллөө
үзүүлж байгаа нь ма­най улсын Засгийн газрыг зэсээс тө­сөвт оруулах
орлогодоо бага зэрэг тохир­гоо хийх боломжийг олгож байна.

Саяхан зэсийн үнэд нэгэн суурь шин­жилгээ хийснийг олж үзэв. Бие даасан
шинжээчдийн Purplebook мэдээллийн санд бичсэнээр “2008 онд олон улсын
хямралыг Хятад ажралгүй давж, дэлхийн эдийн засгийг нуруундаа үүрсэн
боловч суурь өвчин нь эмчлэгдээгүй. Дэл­хийн хамгийн том эдийн засаг
болох Европын холбоо үндсэндээ өрийн хямралд гүнзгий орж, энэ нь
цаашлаад нийгмийн хямрал болох тийшээгээ хандаж эхэлсэн. Гэтэл яг энэ
үеэр Ойрхи дорнодод бослого гарч, төрийн эр­гэлтүүд хийгдэж байгаа нь
энэ зүгээс ирэх эрэлтийг үгүй хийж орхисон. Америкийн ажилгүйдлийн
түвшин өндөрт цойлж эрэлт сайжрах төлөв харагдахгүй байгаа нь Хятадын
эдийн зас­гийн суурь зарим үзүүлэлтүүдтэй хав­сарч зэсэнд томоохон
цохилт үзүүлж магадгүй боллоо. Хятадад сүү­лийн жилүүдэд барилгажилт
эдийн засгийн өсөлтөө хэд нугалан явагд­сан нь хэт их нийлүүлэлтийг
за­рим бүс нутгуудад үүсгэж хоосон хөн­дий байшингууд олширсон байна.
Гэтэл хүн ам төвлөрсөн бүсүүдэд орон сууцны үнэ огцом өссөн, дээрээс нь
инфляци 2010 оны сүүлчээс эрчээ авч эхэлсэн нь ард ир­гэдийн дунд
тогтворгүй байдал үүс­гэж магадгүй. Энэ бүх нөхцөл байд­лыг тооцож үзвэл
зэсийн ханш урт хугацаанд өндөр түвшинд байх бо­ловч үе, үе огцом унах,
уналт дунд хугацаанд үргэлжлэх эрсдэл маш их байгаа нь харагдаж байна”
хэмээжээ.

Одоогоор УИХ-ын Төсвийн байн­гын хороо болон Сангийн яамны Төс­­вийн
бодлогын газрынхан зэ­сийн үнийн дээрх уналтыг ажирах сө­хөөгүй, ирэх
оны төсөвтөө санаа зо­винож суугаа байх. Тэгээд ч төсөвт тооц­сон үнэ
хүртэл нь унаагүй цагт тэд бидэн шиг “сэтгэлээ чилээхгүй” биз. Харин ч
“Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш унасан ч бид Тогтвор­жуу­лалтын
сандаа мөнгө нөөцлөөд байна” гэж хэлэх биз. Тэднийхээр энэ жил бид 
ханшийн өсөлт, зөрүүгээс 500 орчим тэрбум төгрөгийг энэ санд та­тах
боломжтой байж. Гэхдээ зэсийн үнийн хэлбэлзлээс шалтгаалж 183.1 орчим
тэрбум төгрөгийн ор­ло­го төвлөрүүлэх боломжтой хэ­мээн мэдэгдэж байсан.
Ойрын өд­рүүдэд үргэлжилж буй уналт хэ­дэн жилийн өмнөх шиг 3-4 дахин
нугарч буурахгүй байвал бид зэсээс орох орлогодоо тайвширч, бусад
стра­те­гийн бүтээгдэхүүнүүдийнхээ ор­ло­гыг тоолж, ирэх оныхоо төсвийг
драфт­лах биз.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж