Н.Ганбямба: ”АН-ынхан шинэчлэх сонирхолгүй байгаа”

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Н.Ганбямба: ”АН-ынхан шинэчлэх сонирхолгүй байгаа”

Н.ГАНБЯМБА: АРДЧИЛСАН НАМЫНХАН Л СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ХҮСЭЛГҮЙ БАЙГАА БАЙХ

УИХ-ын гишүүн Н.Ганбямбыг “Ярилцах танхим”-даа урилаа.

– Хаврын чуулган завсарласны дараа нэг ч удаа хуралдаагүй Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх зөвшилцлийн ажлын хэсгийнхэн өчигдөр хуралдсан.  Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийг сонслоо.  Энэ мэт идэвхгүй үйлдлээс нь харахад Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх хүсэл Ардын нам хийгээд, Ардчилсан намын аль алинд нь байхгүй байгаа юм биш шүү?

-Уг нь хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх боломж байсан ч Ардчилсан намынхан чуулганы хуралдаанаас завсарлага авснаар энэхүү ажил өдий болтол сунжирсан. УИХ-ын тухай хуулиар завсарлага авах эрхийг нь заагаад өгчихсөн болохоор энэ мэт үйлдэл гарч байна. Тэгэхээр ирэх жилийн сонгуулиар бүлэг байгуулах хэмжээний нөхөд УИХ-д орж ирээд дургүй нь хүрвэл завсарлага авахад УИХ-ын дөрвөн жилийн ажил гацаж магад гэдгийг харуулаад байгаа юм шүү дээ. Ажлын хэсгийнхэн зөвшилцөлд хүрэх арга замыг хайхгүй байгаагийн цаад зорилго нь юу ч байж болно.  Ер нь зөвшилцөх гэхээсээ илүүтэй УИХ-ыг үймүүлэх, төрийн хямрал бий болгох маягийн байдлаар асуудалд хандах зорилготой хүн байхыг үгүйсгэхгүй.

-Яагаад ингэж бодож байгаа юм бэ?

-Анх Ерөнхий сайд асан С.Баяр “Таван төгөлдөршил” илтгэлдээ 2008 оны сонгуулийг 100 хувь пропорциональ тогтолцоогоор явуулах санал гаргаж байсан юм. Гэтэл Ардчилсан намынхан хүчтэй эсэргүүцэж, 2008 оны сонгуулийг одоогийн мажоритари тогтолцоогоор явуулсан шүү дээ. Тухайн үед манай намынхан сонгуулийн одоогийн тогтолцоог эсэргүүцэж байсан ч Ардчилсан намынхны хүсэлтээр болгосон. Тиймээс энэ удаад Ардын намынхан Сонгуулийн тухай хуулийг шинэчлэхгүй байх ямар нэгэн санаа агуулаагүй. Ердөө л мажоритари хувилбар давамгайлсан тогтолцоог л дэмжиж байгаа юм.

-Тэгэхээр Ардчилсан намынхан л Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх хүсэлгүй байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм санаа агуулж байгааг үгүйсгэх аргагүй. Анхнаасаа завсарлага авч, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх ажлыг хойшлуулсан нь Ардчилсан намынхан. Мөн Ардын намаас “Эрх баригч хоёр нам нь зөвшилцөлд хүрч чадахгүй юм бол ард түмний санал асуулга явуулья” гэсэн санал гаргасан. Үнэхээр л тохиролцож чадахгүй байсан юм бол эртхэн “Нам сонгох уу, хүн сонгох уу” гээд л ард түмнээс асуучих байсан юм. Энэ бүх ажлуудыг удаашруулаад байгаагаас нь харахад Ардчилсан намынханд сонгуулийн тогтолцоог шинэчлэхгүй байх нь  ашигтай байх магадлалтай.

-Уг нь танай намынхан уугуул нэрээ сэргээгээгүй байсан бол огт өөр санал гаргах байсан юм биш үү. МАХН хэмээх нэрийг Н.Энхбаяр авсан учир намын нэр дугуйлах хувилбараас Ардын намынхан зугатаад байгаа гэх яриа гарсан шүү дээ?

-Улс төрийн хамгийн хүчирхэг нам болох Ардын намыг хагалах бодлого үргэлж байсаар ирсэн. Одоо ч байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөнүүд “Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг” байдаг атлаа ганцхан л зүйл дээр үзэл санаагаа нэгтгэдэг шүү дээ. Тэр нь Ардын намыг  хагалах ажиллагаа. Хамгийн наад захын жишээг хэлэхэд улсынх нь Ерөнхийлөгч  хүртэл ийм үйлдэл хийсэн. МАХН хэмээх нэрийг Н.Энхбаярт өгсөн асуудал бол Ардын намынхныг хүчин мөхөсдүүлэх гэсэн оролдлогын л нэг. Тэнэг л биш бол хүн бүр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг МАХН хэмээх нэрийг бүртгэх үүрэг Улсын дээд шүүхэд өгснийг ойлгож байгаа. Тиймээс Н.Энхбаярын хүрээлэлд байгаа хүмүүс Ардын намыг “Хорлон сүйтгэх” үйл ажиллагааг нэлээд явуулна. Сонгууль хүртэл энэ бүхэн нь улам эрчимжих байх.

-Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын эвссэн нь МАНАН-ийн эсрэг нэгдэж байгаа бус зөвхөн Ардын намын хүчийг сулруулахаар эртнээс найруулсан жүжиг гэж хэлэх гээд байна уу, та?

-М.Энхсайхан, Н.Энхбаяр гэдэг хоёр хүн ямар хүмүүс билээ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Өнөөдрийн төр засаг тэдний “Баас”-ыг цэвэрлэх  гэж зовж байна. Монголын төр засагт тэдний учруулсан балаг багадаагүй. Монгол Улс өнөөг хүртэл хөгжиж чадаагүй, ажилгүйдэл, ядуурал хэрээс хэтэрсэн, албан тушаалыг мөнгөний хэмжүүрээр хэмжих болсон нь  тэдний үлдээсэн хар мөр. Гэтэл өнөөдөр энхийн цагаан тагтаа болж харагдах гээд байх юм.  Тэгэхээр энэ хоёр хүн яагаад ингэж нэгдэж, нийлээд байгааг ч сонирхоход буруутахгүй л болов уу.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр  УИХ-ын гишүүдийн талаар улс төрийн хар ном гаргаж гэж байгаа гэдгээ мэдэгдсэн. Гэтэл түүний тухай хар ном гаргахаар болсон гэж сонссон. Энэ номыг Ардын намаас гаргах магадлалтай гэж байсан. Та энэ талаар сонссон уу?

-Огт сонсоогүй юм байна. Н.Энхбаяр улс төрийн явуулга их явуулах нь тодорхой л доо.

-Н.Энхбаяр “2008 онд МАХН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан гишүүдийг МАХН-д элсэх ёстой” гэсэн уриалга гаргасан. Д.Тэрбишдагва гишүүн тэргүүтэй хэсэг гишүүд нэгдэх сураг байсан?

-Н.Энхбаярын хүсэл хязгааргүй. Алтан загасны эмгэн шиг хүссэн хүсэл бүрт нь  таардаг хууль гэж юу байх вэ дээ. Ер нь энэ хүнд сэрүүн зүүдэлж байгаа зүйл олон байгаа байх.

-Тэгвэл МАХН, МҮАН, болон Хамуг Монголын хөдөлмөрийн нам Ардын намын хүчтэй өрсөлдөгч байж чадах уу?

– УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр анх одоогийн МАХН хэмээх нам байгуулсныг би мэднэ. Гэтэл харамсалтай нь нэг том олигархи гарч ирээд МАХН-ын дарга болчихлоо шүү дээ.  Тиймээс МАХН-аас Ц.Шинэбаяр нарын нөхөд гарч Хамуг Монголын хөдөлмөрийн намыг байгуулсан гэж ойлгож байгаа.

-Эрх баригч хоёр намаас 21 гишүүн Засгийн газарт УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талын эзэмшлийн хувийг 50 хувь болгох шаардлага тавьсан. Гэтэл анхнаасаа байгуулсан гэрээнд 30 жилийн дараа Монголын талын эзэмшлийн хувийг 50 хувь болгоно гэж заасан байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх боломжтой юу?

-Оюутолгойн гэрээг өөрчлөх бүрэн боломжтой. Гэхдээ үүнийг өөрчлөхийн тулд эхлээд хуулиа өөрчлөх ёстой. Хуулиндаа “Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж байж Монголын талын эзэмшлийн хувийг нэмэх боломжтой” гэж заасан байдаг. Энэ парламентаас өмнө гаргасан тэрхүү хуулийг өөрчлөх эрх УИХ-д бий. Тийм учраас УИХ-д л хандах хэрэгтэй болов уу. Засгийн газар хууль батлах байгууллага биш шүү дээ.

-Ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболд Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын дунд хагарал үүссэнээс болоод шинэ Засгийн газар бүрдүүлэх төлөвлөгөө бэлэн болчихсон. Шинэ Ерөнхий сайд ч тодорхой болсон гэх яриа Ардын намынхны дунд гарсан байсан?

-Надад л тийм зүйл ажиглагдаагүй. Удирдах зөвлөлийн хурал дээр л ярилцдаггүй юм бол жирийн гишүүд бидэнд иймэрхүү зүйл мэдэгддэггүй шүү дээ. Энэ тухай өөрсдөөс нь асуувал арай илүү хариулт өгөх байх.

-Сонгуулийн тухай хуулийг шинэчлэхээр  гурван хувилбар дэвшүүлсэн байгаа. Та алийг нь дэмжиж байгаа вэ?

-Миний хувьд 24:52 гэсэн хувилбар дээр санал нэгдээд байгаа. Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан пропорциональ тогтолцоо ч байж болно. Энэ бол нөөцөнд байгаа нэг гайгүй хувилбар нь. Улсын хэмжээнд нэг бүтэн тойрог үүсгээд, эндээс сонгогдсон 76-г нэлээд шигшиж байж гишүүдийг бүрдүүлнэ гэсэн үг. Хүнийх нь нэрээр нь санал дугуйлаад, өөрсдийнхөө цуглуулсан оноогоор нам, намаар нь жагсааж болно. Энэ тохиолдолд шударга сонгууль болох магадлал өндөр. Гэхдээ 50:26 ч байж болох юм. Ардын намынхан 24:52 гэсэн хувилбараа доошлуулаад доошлуулаад энэ санал дээр ирж байгаа шүү дээ.

-“Ирэх оны сонгуулийг шинэ тогтолцоогоор явуулсан ч булхайтай сонгууль болно” гэж зарим гишүүн хэлж байсан. Таны хувьд юу гэж бодож байна вэ?

-Сонгуулийн тухай хуулийг шинэчлэлээ ч гэсэн сонгуулийн үр дүнд нөлөөлөх өөр хүчин зүйлс их бий. Тухайлбал, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг асар их шүү дээ. Ялангуяа, маш олон телевизүүд төрөн гарч байна. Үүний цаана нөгөө л олигархиуд байгаа шүү дээ. Мөнгөтэй хүнийг сайлж, мөнгөгүйг нь муулж байгаа энэ бүхнээс л эхлээд салах ёстой. Болдог бол Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө энэ бүхнийг хуульчилж өгмөөр байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж