
Дээр дурьдсан аймгуудын ургац тээвэрлэлтийн гол замуудыг засахад зориулж Засгийн газрын нөөц сангаас 292 сая төгрөг гаргахаар болсон. Мөн зам, гүүрийн эвдрэлийг төлөвлөсөн хугацаанд, технологийн дагуу чанартай гүйцэтгүүлэхийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад даалгасан билээ. Шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас Авто замын газрын дансанд шилжүүлэх ёстой юм. Авто замын газрын Захиргаа, санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Л.Энхболдтой уулзаж энэ талаар тодруулахад “Засгийн газрын нөөц сангаас манай байгууллагын дансанд зам засахад шаардлагатай мөнгийг оруулаагүй байгаа. Сангийн яамнаас “Ажлаа хийж дуусга. Дараа нь ажлынхаа гүйцэтгэлийг танилцуул. Түүний дараа мөнгийг шилжүүлнэ” гэсэн хариуг өгсөн. Тэгэхээр одоо зам засвар, арчлалтыг хийж байгаа компаниуд өөрийн хөрөнгөө ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн үг. Ер нь бол зам, засварын ажлыг ийм зарчмаар хийдэг” хэмээн ярилаа. Засгийн газраас гаргасан шийдвэрийн хүрээнд Дархан-Сэлэнгэ чиглэлийн 305 километр замын салдаг уулзвараас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг сум хүртэлх 107 километр зам, Дулаанхааны дөрвөн замын уулзвараас Ерөө-Хүдэр хүртэлх 180 километр зам, Орхон-Булган аймгийн чиглэлийн замаас Сэлэнгэ сумын Ингэт толгой хүртэлх 45 километр зам, Хулстайн гурван даваа, Хялганат тосгон дундах 17 километр зам, Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Ханатайн бригад хүртэлх Цуурайн давааны 17 километр зам, Дархан-Уул аймгийн Орхон сум хүртэлх 11 километр зам, Жавхлант сум хүртэлх найман километр зам, Төв аймгийн Багахангай-Угтаалцайдам-Цээл сум хүртэлх 121 километр зам гээд нийт 468 километр замыг засах шийдвэр гаргасан аж. Эдгээр замуудыг зассанаар ойрын хэдэн жилдээ ургац тээвэрлэх гол замуудын асуудалд санаа зовохгүй байж болох аж. Авто замын газраас мэдээлж буйгаар хайрган замуудад зохист найрлага бүхий материал нэмж, хусалт хийх, модон гүүр засварлах зэрэг ажлуудыг “Төв-АЗЗА”, “Булган-АЗЗА”, “Сэлэнгэ-АЗЗА”, “Орхон-АЗЗА”, “Дархан-GЗЗА” компаниуд гүйцэтгэж байгаа юм байна. Мөн зам, гүүр засах ажил одоо дуусах тийшээ ханджээ. Авто замын газрын Зам ашиглалт, засварын удирдлага, хяналтын хэлтсийн мэргэжилтэн А.Гантулга “Сэлэнгэ аймгийн Шаамар-Зүүнбүрэн-Цагаануур-Түшиг сум хүртэлх замын ажил 50 орчим хувьтай үргэлжилж байгаа. Ингэт толгой хүртэлх 45 километр замын ажил 70 гаруй хувьтай байгаа гэсэн мэдээ ирүүлсэн. Бусад замыг засах ажил бол дууссан. Ерөнхийдөө ажлыг тохиролцсоны дагуу урьдчилан гүйцэтгэж эхэлсэн байсан юм. Засварын ажлын гүйцэтгэлтэй удахгүй танилцах байх” гэлээ.
"Улс төрийн тойм" сонин