
Дэлхийн банкнаас гаргасан ээлжит судалгаанд Монгол Улсын эдийн засаг энэ онд маш хурдацтай өсөж байгааг дурьджээ. Тэнд өгүүлснээр эхний улиралд 9.9 хувьтай байсан эдийн засгийн өсөлт хоёрдугаар хагаст өмнөх оны мөн үеийнхээс огцом дээшилж, 17.3 хувьд хүрчээ. Мөн уул уурхай болон аж үйлдвэрийн салбар энэ оны хоёрдугаар улиралд 12.9 хувиар тэлжээ. Гэхдээ дээрх өсөлт өнөөдрийн байдлаар тийм ч алга ташим зүйл биш болж хувирах нь. Учир нь төсвийн зардал 27 хувиар нэмэгдэж, тэр нь голчлон цалин болон бэлэн мөнгө тараах зардал болж хувирсан нь эрсдэл учруулах гэнэ. Онолын хувьд ямар үндэслэлтэйг нь мэдэхгүй ч хувийн хэвшлийн зарцуулалт тэлсэн болон импорт 106 хувиар нэмэгдсэн нь ч инфляци нэмэгдэх шалтгаан болох аж.
“Инфляци түвшин өндөр. Дээр нь эдийн засаг нь хэт халсан энэ үед дэлхийн эдийн засгийн хямрал дахин гарч бид нэрвэгдэхэд хүрвэл, экспорт маань зөвхөн БНХАУ-аас хамааралтай болно” гэж Дэлхийн банкныхан сануулжээ. Хэрвээ үүнийг яаралтай анхаарахгүй бол энэ оны сүүлээр инфляци 20 хувьд хүрч болзошгүй аж. Албаны хурлуудын үеэр Төвбанк ч үүнийг нэг их үгүйсгээгүй билээ. Ямар ч байсан энэ намрын чуулган Дэлхийн банк, Монголбанк зэрэг санхүүгийн бүтцүүдийг нэлээд айлгах нь. Дэлхийн банкныханы дурьдсанаар бид энэхүү эдийн засгийн өсөлтийн зурвас үед мөнгөний зарцуулалтдаа анхаарч, бүсээ чангалах хэрэгтэй гэнэ. Үгүй бол импортын бодлого нь урд хөршөөс бүрэн хамааралтай шиг экспорт нь ч адилхан болох эрсдэл байгаа бололтой.
"Улс төрийн тойм" сонин