Архангайчууд аа, АН-ыг МАН-аар солихгүй биз

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Архангайчууд аа, АН-ыг МАН-аар солихгүй биз

Хуанлийн хуудас 2012 оныг заахад хэдхэн сар үлдэв. УИХ Үндсэн хууль байтугай Сонгуулийн тухай хуулийг шинэчлэхээс “айж” буй энэ цагт намуудад сонгуулийн синдром хэдийнэ эхэлжээ. Ирэх сонгуульд нэр дэвшихээр горилогсод улс төрийн тавцнаа хэдэн оймс илүү элээснээрээ өрсөлдөцгөөж, эрх ашгийн “сэлэм”-ээ нэг нэгэн рүүгээ далайж байна. Юун нам нэгт журмын нөхөр, юун хамтарсан Засгийн газар. Тэдний хувьд, энэ бол эрх мэдлийн төлөөх тулаан. Эрх мэдэлд ээлж дараа гэж байдаггүй. Харин тэрхүү суудалд зөвхөн ялагч л залардаг жамтай билээ. Тиймээс хамтарсан Засгийн газрын кабинетыг хамтран бүрдүүлсэн Ардын нам болон Ардчилсан намынхан энэ мөчөөс эхлэн улаан, цэнхрээрээ эрс ялгарах хэрэгтэй болох нь. Төрийн ордонд уусан сүлэлдсэн эдгээр өнгөний чухам аль нь УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр илүү ялгарахыг хамтдаа тольдоцгооё.

УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай аймаг. Товчхондоо, хамгийн эрсдэлтэй тойрог. Нэр дэвшигчдийн хувьд арын сайхан хангай нутгийнхны аашийг олоход их хэцүү. Учир нь тэдэнд улс төрийн хоёрхон л сонголт бий. Яг л солигддог тэмдэг шиг. Нэг нь эрх баригч хүчин, харин нөгөө нь Ардчилсан нам. Архангай аймгийнхан “Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” гэсэн шиг УИХ-ын сонгуулийн үеэр ийм л сонголт хийдэг хүмүүс. Тэднийг бас хэт туйлшрамтгай ч гэж болно. Яагаад гээч. Яагаад гэвэл, тэд олон өнгө холилдуулах тун дургүй. Нэг бол улаан, аль эсвэл цэнхэр өнгийг л сонгодог. Тиймээс Архангайнхан парламентын сонгуулийн түүхийг хэрхэн бичилцэж ирснийг сонирхох ёстой юм байна.  

УИХ-ын 1996 оны сонгууль. Ардчилсан холбоо эвслийнхэн парламентад олонхийн орон зайг анх удаа эзлэхэд Архангайн сонгогчид чухал үүрэг гүйцэтгэсэн. Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшигч Р.Гончигдорж 11653, тухайн үеийн МАХН-аас нэр дэвшигч С.Төмөр-Очир 5538, Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшигч С.Ламбаа 8878 санал авч УИХ-ын гишүүн болов. Нийт гурван мандат бүхий тойрогт Архангай аймгийнхан 2:1 гэсэн харьцаатай сонголт хийсэн нь энэ.
УИХ-ын 2000 оны сонгууль. Архангайн сонгогчид орон нутагтаа сонгуулийн хувьсгал хийв. Тэд 1996 онд Ардчилсан намынханд илүү оноо өгч байсан бол энэ удаад Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан тийш харц унагаж эхэллээ. Харц унагаад ч зогсохгүй улс төрийн бэлгэдлээрээ улаан өнгийг сонгов. Б.Чадраа, С.Төмөр-Очир, М.Далайхүү… Тийм ээ, тэд УИХ-ын 2000 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшиж, Архангайн тойргийг дөрвөн жил эзэгнэсэн билээ.

УИХ-ын 2004 оны сонгууль.
Хангай нутгийнхан хахир ааш гаргаж, эрх баригчдаас нүүр буруулах нь тэр. Н.Энхбаярын экипажийнхан эгдүүг нь хүргэсэн үү, Тамир гол, Тэрхийн цагаан нуур орчимд хүчтэй савлагаа мэдрэгдэв. Ажиглагчдын таамаглал ч ёсоор болж, Ардчилсан намаас нэр дэвшигч “Фортуна” Н.Батбаяр, Р.Гончигдорж, С.Ламбаа нар Архангайнхныг УИХ-д төлөөлөх болов. Ийнхүү Архангай маягийн улс төрийн загварт цэнхэр өнгө зонхилж эхэлсэн юм. УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүн ч мөн адил.

Харин одоо… Ажиглагчид УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийг “Туршилтын туулайнууд” хэмээн урьдчилан нэрлэчихэж. Учир нь УИХ ичсэн нүүрэндээ Сонгуулийн тухай хуульд ядаж цэг, таслалын өөрчлөлт хийж л таарна. Гэвч улстөрчдийн сонгосон гол сэдэв болох сонгуулийн тогтолцооны өөрчлөлт чухам аль намд илүү харшилж, алинд нь эергээр “үйлчлэх”-ийг одоохондоо таашгүй нь. Гэлээ гээд яах вэ. Ирэх сонгуульд нэр дэвшихийг хүсэмжлэн улаан, цэнхэр зангиагаар ижилссэн кандидатууд жагсаалын цэрэг адил эрэмбэ дараагаа хүлээн номхон зогсоцгооно. Ардчилсан намын зарим гишүүн “Ирэх сонгуульд нэр дэвших хандивын мөнгөө намдаа тушаачихсан. Тавин сая төгрөг гэдэг бага мөнгө биш шүү. Манай намын 150 гаруй гишүүн 50, 50 сая төгрөгөө тушаачихсан” хэмээн ам бардам байгаа бол нөгөө хэсэг нь “Ардын намынхан нэр дэвших хүсэлтэй гишүүдээсээ хандивын мөнгө авахгүй гэсэн. Тэд тийм операци явуулаагүй байхад манай намынхан түрүүлж хөдлөн эвгүй байдалд орлоо” гэцгээж байна. Харин Ардын намынхны хувьд “УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээр горилогсдоос манай намын удирдлагууд “Хандив авна” ч гээгүй. Бас “Үгүй” ч гэж хэлээгүй шүү дээ” гэсэн юм. Гэхдээ энэ бол улс төрийн хүчнүүдийн хэтэвчний асуудал. Тиймээс түр орхиё.

Огцом сонголт хийдэг рефлекстэй Архангайд сонгуулийн халуун цэг хаана төвлөрөх вэ. Ардын намд уу, аль эсвэл Ардчилсан намд уу. Архангайнхан сүүлийн найман жилийн туршид солиогүй цэнхэр өнгийн зангиагаа тайлах уу, болих уу. Арай улстөрч-имижмэйкерүүд тэдэнд “2012 оны загварын чиг хандлагыг улаан өнгийн зангиа тодорхойлно” гээд хэлчихсэн юм биш биз. Хамгийн сонирхолтой нь гоо үзэсгэлэнгээрээ гайхуулдаг Тэрхийн цагаан нуур орчмын бүсгүйчүүд нэр дэвшигчдийн чухам хэнийг нь онцолно гэж. Үүнийг бас тандах л хэрэгтэй юм байна.

УИХ-ын 2012 оны сонгуульд Ардын намаас Т.Бадамжунай, Ч.Ганзориг, Ц.Сүхбаатар нар нэр дэвших сурагтай. Т.Бадамжунайн хувьд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд. УИХ-ын 2004 оны сонгуульд тухайн үеийн МАХН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулж байсан. Харамсалтай нь түүний хувь улстөрчийн замнал тийм ч дардан байгаагүй. “Хадгаламж” банктай холбоотой хэрэгт холбогдож, эрхэм гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэхдээ хүрч байв. Гэвч намынхан нь түүнийг аварч үлдсэн удаатай. Харин УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр мань эр намынхаа сонгуулийн штабыг удирдаж, их ялалтын төлөөсөнд сайдын сэнтийд заларсан билээ. “Эрдэнэт”-ийн Ч.Ганзориг. Ингэж хэлбэл Архангайнхан байтугай Монгол даяараа түүнийг андахгүй. Бөхийг ч, морийг ч ивээн тэтгэдэг энэ эрд нам нь хариу барих цаг болсон байх. Тиймээс ч “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг ирэх сонгуулиар нэр дэвшихээ ил, далд зарлачихаад байгаа. Дэд сайд, хамтарсан үйлд­вэрийн ерөнхий захирал… Хэдийгээр Архангайнхан түүнийг УИХ-ын гишүүнээр сонгох албагүй ч мань эрийн халаасанд парламентчийн мандат бий. Яг л “Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий” гэдэг шиг.

Ц.Сүхбаатар гэж хэн бэ. Ардын намаас нэр дэвших магадлалтай гурван эрхмийн тоонд түүний нэр орсон байх юм. Намтар түүхийг нь харвал, тэрбээр Ардын намын нарийн бичгийн даргын алба хашдаг. Эдийн засгийн ухааны доктор, профессор. Нэгэн цагт Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын алба хашиж явсан юм билээ. Харамсалтай нь эрх баригч хүчний удирдлагын эрхийг барилцаж яваа Ц.Сүхбаатарын хувьд олонд танигдсан фигур биш. Зүгээр л намын аппаратын ажилтны имижтэй нэгэн. Ардын нам ийнхүү Архангайд төрж, өссөн кандидатуудыг уугуул нутгийнханд нь санал болгохоор зэхэж байна. Харин Ардчилсан нам…

“Танай намаас ирэх сонгуулиар Архангайд хэн, хэн нэр дэвших вэ”. Эл асуултыг Ардчилсан намын аль ч гишүүдээс асуусан, тэд үгсэж тохиролцсон мэт “Н.Батбаяр, Р.Гон­чигдорж, С.Ламбаа” хэмээн ха­риулцгааж байна. Тэгмэгцээ “Ар­хангай дахь тэдний хаанчлал дуусаагүй байна. Арын сайхан хангайнхан Ардчилсан намд УИХ-ын хоёр ч сонгууль дараалан са­налаа өгсөн нь тэдний гавьяа” гэв.

Нацагийн Удвал. “Ганц дайчин ганцаардахгүй” гэдэгчлэн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ бүсгүй ирэх жил Архангайд өрсөлдвөл гайхах хэрэггүй шүү. Учир нь тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуульд Н.Энхбаяр биш, С.Баяр гэдэг даргатай МАХН-аас энэ аймагт нэр дэвшиж байсан юм. Тухайн үед МАХН-ын Ёс зүйн хорооны даргын алба хашиж байсан Н.Удвал Архангай аймгийнханд зориулан дуу, шүлэг зохиолгож байсан ч Ардчилсан намын гуравт аргагүйн эрхэнд ялагдсан гэдэг. Гэвч өдгөө тэрбээр зөвхөн гурван хүнтэй биш, Ардын нам хэмээгч бүхэл бүтэн намтай арцалдаж яваа. Тиймээс УИХ-ын гишүүний суудалд залрахын тулд ирэх сонгуулийн үеэр ширүүхэн дайралт хийхийг үгүйсгэшгүй. Харин одоохондоо экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хамтран авлигачдын тухай “Хар ном” бичиж суугаа байлгүй. Арай энэ бүсгүй “Авлигачдыг цээрлүүлнэ” гэх үгсээр уриа хийх юм биш байгаа. Яг М.Энхсайхан шиг. Архангайнхан Н.Энхбаяр гэдэг даргатай МАХН-ыг Ардын намтай андуураад дугуйлчихвал түүнд боломж байж болох л юм. Эцэст нь Архангай аймгийнхнаас нэг зүйл асууя. “Та бүхэн Ардчилсан намыг Ардын намаар солихгүй биз” гэж.   

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж