Санхүүгийн нэн аюултай пирамид

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Санхүүгийн нэн аюултай пирамид

Монгол Улсын Засгийн газар энэ оны гуравдугаар сарын 16-нд 65 дугаар тогтоолоороо Хөгжлийн банк­ны 800 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 10 жил хүртэлх хугацаатай төгрөг болон гадаад валютаар арилжаалахыг тус банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуунд зөвшөөрсөн. Мөн “Хүүгийн төлбөрт нь Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй” хэмээн уг тогтоолд дурьджээ. Харин үүнээс дөрөвхөн сарын дараа буюу 2011 оны долоодугаар сарын 20-ны 232 дугаар тогтоолоороо дээрх тогтоолд нэгэн өөрчлөлт оруулахаар болжээ. Үүнд, “Санхүүгийн эх үүсвэрийг нь бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны 800.0 (найман зуун) тэрбум төг­рөгийн үнэт цаасыг 10 жил хүртэлх хугацаатай төгрөг, гадаад валют болон хаалттай хэлбэрээр (private placement) арилжаалахыг Мон­гол Улсын Хөгжлийн банк­ны Төлөөлөн удирдах зөвлөл (Ч.Хашчулуун)-д зөв­шөөрсүгэй гэж өөрчил­сүгэй” хэ­мээсэн байдаг. Ингээд Сан­гийн яам, Хөгжлийн банк хоёр нь Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн эх үүсвэрийг олон нийтийн хараанаас далд байдлаар санхүүжүүлэх эрхээ олж авсан юм. Үүнд нь Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргаад өгчихсөн учраас маш найдвартай гэж үзээд гаднынхан дуртайяа худалдан авах нь дамжиггүй.

Дэлхийн томоохон баячуудын дийлэнх нь манайх шиг жижиг орны Засгийн газрын бондыг худалдан авч баяжсан жишээ байдаг. Уг нь манай гадаад валютын нөөцөд нэг их наяд төгрөгийн илүүдэл хөрөнгө буй. Мөн дээрх хэмжээний үнийн дүнтэй бондыг худалдан авах дотоодын компаниуд ч бий. Дангаараа биш юмаа гэхэд консорциум байгуулж нэгдээд ч Засгийн газрын бондыг авч болно гэх зэргээр эдийн засагчид, судлаачдын зүгээс бодож үзүүштэй  олон саналыг хэлдэг юм билээ. Гэвч Засгийн газар, Хөгжлийн банкны удирдлагууд дээрх асуултын хариуд “Хөгжлийн банк болон Монголбанкны гадаад валютын улсын нөөцийн удирдлагын зорилт өөр учраас Хөгжлийн банкны эх үүсвэрийг тэрхүү илүүдэл нөөцөөс гаргаж болохгүй” гэсэн шалтгийг албаны хүмүүсээр хэлүүлчихээд гаднаас мөнгө хайх, түүнийгээ олны нүд, чихээс далд хийх боломжит орчноо бүрдүүлээд авлаа. “Монголд ашиг авч ирэх, санхүү, эдийн засгийн зөв гарц бүхнийг үе үеийн Засгийн газрууд ард түмний нүд чихнээс далдуур ашиглаж, өөрсдөө хожиж байсан түүхтэй. Хэрэв манай улсын хөгжлийн бүх асуудал ил тод шийдэгддэг байсан бол аль хэдийнэ үсрэнгүй хөгжчих байлаа” хэмээн эдийн засагчдын хэлдэг үнэний хувьтай. Харин ширээн доогуур наймаалцан ашиг авч ирснийхээ төлөөсөнд юу барьцаалсан нь хэзээ ч ил байсангүй. Мэдээж мөнгөөр хэмжишгүй барьцаа учраас ашиг авчирдаг нь тодорхой. Үүгээрээ Private placement санхүүгийн нэн аюултай пирамид мөн.

Ийнхүү ардчилсан Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн эх үүсвэр ард түмнээс нууцаар “орж ирэх” нь тодорхой болов. Засгийн газрын хувьд уг бондыг хаалттай хэлбэрээр арилжих бодлого дээрээ хатуу байр суурь баримталсаар удаж буй. Одоогоос бараг нэг жилийн өмнө буюу 2010 оны аравдугаар сарын 15-нд Сангийн сайд С.Баярцогт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр нэгэн чухал мэдээлэл хийсэн юм. Энэ нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тавьсан асуулгатай холбоотой. Эрхэм гишүүн С.Бямбацогт Засгийн газрын бондыг юунд зарцуулсан талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийхийг хүссэн билээ. Энэ асуултад Сангийн сайд С.Баярцогт хариулахдаа “Монгол Улсын Засгийн газар 2002 оноос хойшхи хугацаанд нэг их наяд 720.7 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Үүнийг төсвийн алдагдлыг нөхөх, Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Төрийн албан хаагчдыг урт хугацаатай орон сууцаар хангах, алтны олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр дээрх бондыг зарцуулжээ. Тухайлбал, алтны олборлолтыг нэмэгдүүлэхэд 75 сая ам.долларын үнэ бүхий бондыг хаалттай хэлбэрээр арилжаалсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс бондыг хаалттай хэлбэрээр арилжаалах бодлого баримталж байгаа” хэмээсэн нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны про­токолд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.  Мөн үүний өмнө Засгийн газраас Төрийн банкинд 100 тэрбум төгрөгийн бонд гаргах тухай 2009 оны арванхоёрдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байв. Тухайн үед УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Н.Батбаяр, Д.Арвин нарын олон гишүүн бонд гаргахыг эсэргүүцэж байв. Гэвч хуралдаанд оролцсон 58 гишүүний 32 нь бонд гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, 26 нь татгалзсан тул олонхийн саналаар Засгийн газраас Төрийн банкинд 100 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг хэлэлцэхээр болсон. Төд удалгүй 100 тэрбумын бонд “эзнээ олсон”. Уг нь Монгол Улсын бүх хууль тогтоомжийн дагуу Үнэт цаас гаргах үйл явц төрийн хатуу хяналт дор явагдах ёстой. Тиймээс Засгийн газрын үнэт цаастай холбоотой бүх гүйлгээ олон нийтэд ил тод байх учиртай.

Монгол Улсын Засгийн газрын бондын түүх 1996 оноос эхэлдэг. Анх төсвийн алдагдлыг сан­хүүжүүлэх зорилгоор хямдруулсан бонд гаргаж байсан юм билээ. Товчхондоо 1996-2008 онд нийт 170.2 тэрбум төгрөгийн бонд гаргасны 95 орчим хувийг дотоодын арилжааны банкууд худалдан авсан гэсэн судалгаа байдаг. Эдгээрээс хамгийн дуулиантай нь 2007 оны зургаадугаар сарын 8-нд УИХ-ын 2006 оны 69, 2007 оны 26 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  Засгийн газрын “40  мянган айлын орон сууц” хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 60 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Уг бондыг Монголын хөрөнгийн биржээр арилжиж, нийт хувьцааны 38.6 хувийг “ХААН”, 33.5 хувийг Худалдаа хөгжлийн банк, 15.7 хувийг “Голомт”, үлдсэн 12.3 хувийг “Анод”, “Капитрон” банкууд авсан байдаг. Хамгийн сонирхолтой нь энэхүү арилжааны дараа буюу 2007 оны зургадугаар сарын 18-нд Засгийн газрын бонд гаргах тухай Сангийн яам, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан журам гаргасан нь туршлагагүйтсэнийх үү, эсвэл ямар нэг алдаа гаргасных уу гэдэг нь ойлгомжгүй болж өнгөрсөн. Харин одоо Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн бондыг гадаад эх үүсвэрээс олчих санаатай оролдлого нь ил боловч, авах гэж буй аргаа тун их нууцалж байгаа нь сэжигтэй хэвээр байна.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж