Ц.Болд: Би ажилдаа ирж л байгаа биз дээ

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Ц.Болд: Би ажилдаа ирж л байгаа биз дээ

Гэхдээ Пүрэв гарагт саатуулагдсан минь үнэн. Бүх зүйл хуулийн дагуу болсон.

Сонгинохайрхан дүүр­гийн Засаг дарга
Ц.Болд, Нийс­лэлийн захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог
хаягдлын менежментийн хэлт­сийн дарга Б.Дэлгэрбаяр нарт Эрүүгийн хуулийн
150.3-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг завшсан, үрэгдүүлсэн” гэх зүйлээр
энэ сарын 19-өөс эрүү үүсгэсэн байна. Улмаар өнгөрсөн пүрэв гараг буюу
есдүгээр сарын 22-нд баривчлан сатуулжээ. Төдөлгүй маргааш нь буюу
баасан гарагт Засаг дарга Ц.Болдыг байцааж байсан Эрүүгийн цагдаагийн
хэлтэсээс “Цагдан хорих шаард­лагагүй” хэмээн барив­чилгаанаас гаргажээ.
Харин Б.Дэлгэрбаяр саатуулагдсан хэвээр байгаа аж. Уг хэргийг Улсын
мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт
хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаах явцад
шаардлагатай гэж үзвэл дахин саатуулах эрх нь нээлттэй аж.

Нийслэлийн Прокурорын газрынхан энэ талаар  “Хэр­гийг дөнгөж шалгаж
байгаа болохоор хохирлын хэмжээ тог­тоогдоогүй байгаа. Хэрвээ албан
тушаалтай холбоотой хэрэг бол Авлигатай тэмцэх газарт шилжүүлж болно.
Одоохондоо 300 саяын хо­хирол тогтоогдоогүй” гэв. Хэрвээ энэ хоёрын
хэрэг тог­тоогдвол 5-10 жил оноох гэнэ. Зарим сонин хэвлэлээр Ц.Болдыг
“Хуурамч бичиг баримт үйлдэн Б.Дэлгэрбаяраас мөнгө гаргуулж авч байсан.
Цас хайлуулах 300 сая төгрөг хувьдаа завшсан. Ажилдаа ирэхгүй байгаа ”
гэх зэргээр эрүү үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлсэн. Ц.Болд яагаад
суллагдаад, Б.Дэлгэрбаяр нь яагаад хоригдчихов гэсэн асуулт урган гарч
буй. Ямар ч байсан хэнийг ч саатууллаа гэхэд эхний удаад хуулиараа 72
цагийн дотор баривчлаад суллах эсэхээ шийддэг байна. Ц.Болд Улаанбаатар
хотын уна­ган хүүхэд. Тэрбээр хог, хаягдал хариуцсан мэргэжилтнээс,
дүүргийн засаг дарга хүртэл дэвшсэн овсгоотой, сүйхээтэй нэгэн. Анх
социализмын үед ажилчдын районд хороо хариуцсан мэргэжилтэн, ТҮК-д хог
хариуцсан мэргэжилтэн улмаар ТҮК-ийн дарга болов. Удалгүй өмнөх оны
сүүлээр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдсөн ч ялагдал
хүлээсэн юм. Харин эр хүний 13 мэхний хэдийг нь ч юм хавсарч байгаад
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хэмээх нэр хүндтэй ажилд тохоогджээ.
Гэтэл их удалгүй  300 саяын эвгүй хэрэгт орооцолдоод байгаа нь энэ аж.
Түүний холбогдсон хэргийн талаар зарим зүйлийг тодруулахаар
Сонгинохайрхан дүүргийн Тамгын газарт 12:20 цагын үед очиход  ажилтнууд
нь цайндаа гарцгаасан байв. Харин үүдний жижүүрээс Засаг даргыг асуутал
“Хуралтай байгаа хэзээ гарах нь тодорхойгүй. Нарийн бичгээс нь асуу”
гэлээ. Гурван давхарт гарч Засаг даргын туслах гэсэн өрөөний үүдэнд очин
нарийн бичгээс нь Засаг дарга байгаа эсэхийг асуухад “Хуралтай байна.
Хэзээ тарах нь тодорхойгүй” гээд хаалгаа хаачихав. Бид өрөөнийх нь
үүдэнд нэлээн удаан зогссоноо дахин нэг учир байдлаа хэлтэл нарийн
бичгийн дарга нь утас, нэр тэмдэглэж авснаа хурал болж байгаа даргын
өрөө рүү орчихлоо. Хэсэг хугацааны дараа “Дарга ор гэж байна” гэсэн
хариу өгөв. Бид хаалга тогшин ортол дотор нь ердөө гуравхан хүн хуралдаж
байв. Тэнд Ц.Болдоос гадна орлогч дарга Р.Дагва, Тамгын газрын дарга
Л.Эрдэнэчулуун нар байсан юм. Тэгтэл Ц.Болд дарга “Зурагчнаа гаргачих.
Ганцаараа ороод ир” гэж байлаа. Түүнд “Уучлаарай боломжтой бол та
ганцаарчлан хэдэн хором яриа өгөхгүй юу” гэхэд “ Үгүй ээ. Би энэ хоёр
даргын дэргэд өгмөөр байна” гэсэн юм.


Ийм нэгэн давчуухан агаад, хоёр даргынх нь дэргэд Сонгинохайрхан
дүүргийн Засаг дарга Ц.Болдтой холбогдсон хэрэг явдлынх нь талаар
тодрууллаа.

     
-Сонин хэвлэлээр таныг төс­­вийн мөнгө хувьдаа шам­шиг­дуулсан, албан
тушаалаа урвуулан ашигласан, улмаар цагдаагийн газар саатуулагдсан гэх
юм. Энэ үнэн үү?

-Хуулийн байгууллага шалгах нь шалгаж байгаа. Пүрэв гарагт саатуулагдсан
минь үнэн. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу болсон. Надад нуугаад хаагаад
байх юм байхгүй. Зарим хэвлэлээр намайг ажил төрөлдөө ирэхгүй байна гэж
байна билээ. Би энд суудалдаа сууж байна. Ажлаа хийж байна. Та нар ч
гэсэн харж байгаа байх.

-Таны эгч Чингэлтэй дүүргийн шүүгч Ц.Түмэндэлгэрийг өөрийг тань энэ
хэргээс хаацайлж байгаа гэж зарим хэвлэлээр гарсан байна билээ?

-Эгч маань шүүгч хийдэг нь үнэн. Надад тусалж дэмжээд байсан юм байхгүй.
Миний хувийн, гэр бүлийн амьдралд оролцохгүй байвал дээр байх. Өөр зүйл
яримааргүй байна.

 Үүний дараа Чингэлтэй дүүргийн шүүхийн байранд эгч нь гэгдэх
Ц.Түмэндэлгэр шүүгчийн өрөөний үүдэнд ирэв. Туслахад нь учраа хэлэхэд
өрөөлүүгээ ороод гарч ирснээ “Шүүгч завгүй байна. Ажлын өдрөөр хүнтэй
уулзах боломжгүй” гэв.

Л.БААТАРХҮҮ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж