Гандболын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Гандболын тэмцээн болно

Монголын Үндэсний Олон нийтийн Радио, Телевизийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах гандболын 17 дахь удаагийн тэмцээн 5 сарын 1-2-ны өдрүүдэд МУБИС-ийн БТДС-ийн Спорт зааланд болох аж. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг энэхүү тэмцээнийг 1993 оноос эхлэн Монголын Үндэсний Телевизийн санаачлагаар анх зохион байгуулж байсан юм. Энэ жилийн тэмцээнд аймаг, нийслэлийн 10 жилийн  ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй 20 гаруй багийн 250 орчим охид, хөвгүүдийн баг тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа аж.
Улаанбаатараас 1 дүгээр 10 жил, 5 дугаар сургууль, Шинэ Монгол, 52, 20 дугаар сургууль, СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуулийн багууд хүчтэй өрсөлдөгч багийн тоонд зүй ёсоор орж байна. Харин орон нутгаас Дархан-уул, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Зүүн хараа хотын баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээн оролцох багуудыг хэсэгт хуваан тойргийн журмаар тоглолтыг явуулан хэсэг тус бүрээс шалгарсан багууд Олимпийн системээр тоглон аварга багийг тодруулах ажээ.Түүнчлэн тэмцээний эрэгтэй, эмэгтэй багийн шигшээ тоглолтыг Монголын үндэсний телевизийн хүүхдийн редакцийн явуулын станцаар бичлэг хийж орон даяар нэвтрүүлэг бэлтгэн үзүүлэх юм.
Гандболын спортыг хөгжүүлэхэд МҮОНРТ-ийн үе үеийн удирдлагууд идэвхитэй дэмжин ажиллаж ирсэн ба ерөнхий захирал М.Наранбаатар хүүхэд багачуудын спорт, эрүүл мэндийн төлөө,тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд ихээхэн анхаарч, тэмцээний шагнал, хөрөнгө, санхүүжилт, сурталчилгааны зардлыг хариуцан гаргаж  хувь нэмрээ оруулж байна. Харин Монголын гандболын холбоо тэмцээнийбайр талбай, зохион байгуулалт, баг тамирчдыг оролцуулах, бэлтгэх, харилцаа холбоо, шүүж явуулах зэрэг мэргэжлийн асуудлуудыг хариуцан ажиллаж байна. Хүүхэд багачуудын спортын төлөө жил бүр хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа телевизийн ах эгч нартаа гандболын спортыг сонирхогчид ихэдбаяртай байгаа ажээ.
Өнгөрсөн жилийн тэмцээнд охидоос Дархан-уул аймгийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн Н.Нямаа дасгалжуулагчтай Г.Золзаяа ахлагчтай баг, хөвгүүдээс Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотын А.Амгаланбаяр дасгалжуулагчтай С.Нямдорж ахлагчтай багууд аваргын алтан медалийг хүртэж байсан билээ.Энэхүү тэмцээнээс гараагаа эхлэсэн 50 орчим хүүхэд, залуучууд одоогоор спортын мастер, спортын дэд мастер цолыг хүртэн үндэсний хэмжээний тэмцээнүүдэд амжилттай тоглож, гадаадад зохиогддог олон улсын тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг цууриатуулан тоглож байна.Дашрамд дурдахад манай улсын эрэгтэй гандболын баг 2010 оны 11 сард БНХАУ-ын Гуанжоу хотноо болох Азийн наадамд оролцох бэлтгэл сургуулилалтаа хангаж эхлэжээ.                           
МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж