Италийн баг Кобид таван саяын санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Италийн баг Кобид таван саяын санал тавьжээ

Италийн сагсан бөмбөгийн “Виртус Болонья” баг NBA-ын ажил хаялт үргэлжилж буй энэ үед тус лигийн супер оддын нэг Коби Брайнтад таван сая ам.долларын нэг жилийн гэрээ санал болгожээ. Энэ нь тус багийн хувьд хамгийн топ гэж болохуйц санал гэнэ.

“ЛА Лейкерс”-ийн од тоглогч спонсор байгууллагын зүгээс зохион байгуулж буй аяллын хүрээнд энэ долоо хоногт Италид зочлох бөгөөд энэ үеэр тун боломжийнд тооцогдох энэхүү гэрээний саналыг хүлээн авна гэдэгт “Виртус” багийн удирдлага итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Коби Брайнт багадаа Италид амьдарч байсан, италиар муугүй ярьж, ойлголцдог, мөн түүний аав нь Италийн сагсан бөмбөгт нэгэн үе хүч сорьж байсан бөгөөд энэ улс оронтой холбоотой дурсамж цөөнгүй тул эдгээр нь Кобиг Италид авчрах бас нэг том шалтгаан болж буй гэнэ. NBA-д таван удаа түрүүлж, Бүх оддын тоглолтод 13 удаа сонгогдон оролцсон түүний аав Жое Брайнт 1984-1991 оны хооронд Италийн “Рьети”, “Режо ди Калабрия”, “Пистойя” болон “Режана” багуудад тоглож байсан юм. Харин өдгөө WNBA-ын “Лос-Анжелес Спаркс” багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

“Виртус” баг Италийн лигт 15 удаа түрүүлсэн боловч 2001 оноос аваргын цом өргөөгүй. Тэд ирэх сарын 9-нд “Рома”-тай Италийн лигийн нээлтийн тоглолтоо хийх юм.

Италийн багаас гадна Туркийн “Бешикташ” болон Хятадын бас нэгэн баг Кобид богино хугацаатай гэрээний санал тавиад байгаа.

Дашрамд сонирхуулахад, Кобид санал тавьсан “Виртус” баг Ману Жинобиллитэй тохиролцоонд хүрээд байгаа. 2002 онд “Сан-Антонио Спурс”-тай гэрээ байгуулж, NBA-д хөл тавихаас өмнө тэрбээр “Болонья”-д тоглож байсан юм. Мөн “Денвер Наггетс”-ийн довтлогч Данило Галлинари өнгөрсөн долоо хоногт Италтийн “Олимпия Милано” багт тоглохоор гэрээ байгуулжээ.

Тэднээс гадна NBA-ын өөр бусад тоглогчид ч гадны лигүүдэд тоглохоор гэрээ байгуулсаар байна. Тухайлбал, “Наггетс”-ийн чөлөөт агент Уилсон Чандлер, Жей-Ар Смит нар Хятадыг сонгосон бол мөн л “Наггетс”-ийн Тай Лоусон Литвад, “Нью-Жерси Нэтс”-ийн Дерон Уилльямс Туркт тоглохоор “Бешикташ”-тай гэрээ байгуулаад байгаа юм.

NBA-ын улирлын тоглолтууд аравдугаар сарын сүүлээр эхэлдэг ч энэ удаад лигийн удирдлага болоод тоглогчид хөдөлмөрийн гэрээний асуудалд тохиролцож чадахгүй байгаа учраас ажил хаялт өрнөөд буй билээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж