”Сонгуулийн тогтолцооноос үл хамаарах технологи сонгоно”

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

”Сонгуулийн тогтолцооноос үл хамаарах технологи сонгоно”

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өчигдөр боллоо. Уг хуралдаанд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож, ирэх оны сонгуулийн бэлтгэлийг хангах чиглэлээр хийж буй ажлынхаа талаар мэдээлэл хийсэн юм. Эх сурвалжуудаас авсан мэдээллээр бол сонгуулийг автомат системээр явуулахтай холбоотойгоор ямар ч байсан ухаалаг үнэмлэхийг хэвлэж, 1.8 сая орчим хүнд тараахаар ажлууд эхнээсээ хийгдэж эхэлжээ. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-н гэхэд ухаалаг үнэмлэх иргэдийн гарт очих боломжтой гэж үзсэн юм байна. Өөрөөр хэлбэл, ирэх онд сонгууль хийхэд иргэдийн үнэмлэхтэй холбоотойгоор гардаг маргаан цэгцэрнэ гэж үзэж буй аж. Харин Сонгуулийн ерөнхий хорооны хувьд автомат машиныг ажиллуулж чадах мэргэжилтэнг бэлтгэхээс эхлээд нэлээд асуудал үүсч мэдэхээр байгаа гэнэ. Зарим гишүүний хэлж буйгаар УИХ дахь хоёр намын бүлэг сонгуулийнхаа тогтолцоон дээр тохиролцохоос илүүтэй ажил Сонгуулийн ерөнхий хороон дээр үүсч магадгүй гэж үзэж буй юм.

Дээрх асуудалтай холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжаваас дараах асуултад хариулт авав.

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг даруй батлахгүй бол бэлтгэл ажлыг хангахад бэрхшээл тулах нь ээ гэдгийг танай талаас хаврын чуулганы үеэр мэдэгдэж байсан. Намрын чуулганаар хуулийг батлахаар цаг хугацаатай тулж, мэдэхээр байна уу. Энэ асуудлыг ажлын хэсгийн хуралдаанаар хөндсөн үү?

-Сонгуулийн ерөнхий хорооны хувьд хаврын чуулганы төгсгөл хүртэл Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийг баталчих болов уу гэж найдаж нэлээд харсан. Гэхдээ бидний шийдэл бол сонгуулийн тогтолцоо ямар байдлаар батлагдах юм, түүнтэй холбогдоод саналын хуудас маань ямар хэлбэртэй болох вэ гэдгээс үл хамаараад, ямар ч хэлбэрийн тогтолцоо,  саналын хуудас байсан тэрэнд ажиллаж болох технологийг сонгох шийдлийг гаргаад явж байна.

-Тэгвэл одоо хэдэн компанитай гэрээ байгуулаад байна вэ. Нийт хэдэн автомат машин авахаар болж байгаа вэ?

-Энэ асуудлыг хэлэх боломжгүй. Яагаад гэвэл компаниудыг сонгон шалгаруулах ажил явж байна. Туршилтууд хийгдээд дуусч байна. Тийм учраас ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа  энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны хурлаар хэлэлцэж байж, аль компанийн ямар технологийг сонгов гэдгээ зарлана. Үүнээс наана зарлаж болохгүй. Бусад салбарт тендер дүгнэхээс өмнө ямар нэгэн мэдээлэл өгдөггүй шүү дээ. Тэрэнтэй адилхан сонгон шалгаруулалтын дүн гарахаас өмнө бид ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй.

-Сонгуулийг автомат системээр явуулахаар түүнийг ажиллуулах мэргэжилтэн хэрэгтэй байна гэсэн асуудал яригдлаа гэсэн?

-Мэдээллийн технологийн талаар зохих мэдлэгтэй хүмүүсийг л дайчилна шүү дээ, энэ ажилд. Төрийн байгууллага байна уу, бусад байгууллага байна уу, сургуулиуд байна уу, оюутнууд байна уу, тэр бол асуудал биш. Тэднийг дайчилж байж, тэднийг сургаж байж, эрхийн үнэмлэх олгож байж, сонгуулийн техниктэй харилцах эрхийг өгнө. Тэр бол нүсэр ажил.

-Сум суурин газрууд эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүйгээс сонгуулийг автомат системээр явуулахад хүндрэл учирна гэсэн юм яригдсан гэх юм. Зохицуулах боломжтой юу?

-Эрчим хүчний асуудлыг шийдэх бололцоо бий. Бидний шаардлага болгож байгаа, технологид ч тийм шаардлага бий. Монголын нөхцөлд аккумлятор ажиллуулах,  машинд холбох цахилгаан үүсгүүр гээд технологийн дэвшлүүд бий. Тийм учраас энэ асуудлыг шийдэх бололцоотой гэж үзэж байгаа.

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд Орон нутгийн сонгууль, УИХ-ын Сонгуулийг хамтад нь зохион байгуулахаар байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд хоёр сонгуулийг хамт зохион байгуулж чадах уу?

-Энэ хоёр хууль тусдаа хууль. Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрхийг хуулиас үзээрэй, УИХ-ын Сонгуулийг л зохион байгуулах үүрэгтэй. Түүнээс Орон нутгийн сонгуулийг зохион байгуулахгүй. Орон нутгийн сонгуулийг орон нутгийн сонгуулийн хороод зохион байгуулдаг. Тэгэхээр хоёр ялгаатай субьект энэ сонгуулиудыг зохион байгуулдаг учраас Сонгуулийн ерөнхий хороо бол зөвхөн УИХ-ын сонгуулиа л зохион байгуулна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж