Д.Медведевийн улс төрийн буулт

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Д.Медведевийн улс төрийн буулт

ОХУ-ын дараагийн ерөнхийлөгчид “Нэгдсэн Орос” намаас В.Путин нэр дэвшихээр болсонд  сөрөг хүчнийхэн  дургүйцлээ илэрхийлж “Хөөрхий Орос орон минь” хэмээн уулга алдахад хүрээд байгаа аж. Тэдний зарим нь энэ үйл явдлаас хойш сарын дараа гэхэд л 500-800 мянган хүн дүрвэнэ хэмээн үзжээ. Ингээд “Нэгдсэн Орос” намаас В.Путин ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших  асуудлыг тус улсын сөрөг хүчнийхэн хэрхэн хүлээн авч буйг тоймлон хүргэж байна.

Үр дүнтэй улс төрийн сан­гийн тэргүүн Глеб Павловский:

-Энэ нь Дмитрий Мед­ве­девийн улс төрийн буулт. Сайн дурынх ч байж магад, үгүй ч байж магадгүй. Шахалтын ямар хэлбэртэй тулгарсан нь ойл­гомжгүй байна. Сонирхолтой нь цөмийн гүрний ерөнхийлөгчийн тушаал хувийн тохиролцоогоор хийгдэж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшихэд бэлэн гэж Мед­ве­дев ярьж байхдаа худал хэлж байсныг бид тайлбарлах шалт­гаан алга. Түүний байр суурь ямар нэгэн нөхцөл байдлаар өөрчлөгдсөн байж болно. Хэрэв тэр жинхэнэ улстөрч юм бол яагаад ийм шийдвэр гаргасан, ямар учраас өөрийнхөө ажлыг амжилтгүй гэж үзсэнээ тайлбарлах ёстой. Үүнийг хийж чадахгүй бол яагаад “Нэгдмэл Орос”-ын тэргүүн байгаа нь ойлгомжгүй болно.

Оросын коммунистуудын лидер Геннадий Зюганов:

-Бидний хувьд ямар нэгэн шинэ зүйл алга. Путин, Медведев нарын хослолд цаашид зүтгэхээс өөр аргагүй. Тэднийг эвдэх ямар ч оролдлого нь сүүлийн жилүүдийн бодлого бүтэлгүйтсэнийг харуулна. Тэгээд л тэд нэг нь сонгуулийн жагсаалтыг тэргүүлж, нөгөө нь ерөнхийлөгчийн сонгуульд  өрсөлдөхөөр тохиролцоо хийж байгаа юм. Энэ солилцоо улс оронд юуг ч өөрчлөхгүй. Засгийн газар нь мэргэжлийн биш. Нөөцийн сан тав дахин буурлаа. Үйлдвэрлэлийн ямар ч салбар ажиллахгүй байна. Путины хувьд түүний сүүдэр нь “Нэгдмэл Орос”-ыг ялагдлаас аварч чадахгүй. Боловсон хүний салбарын шинэ бодлогын талаар би сонсох хүсэлтэй байна. Одоогоор ганц ч санал нь биеллээ олсонгүй.

“Ренессанс Капитал” хөрөнгө оруулалтын компанийн стратегич Ованес Оганесян:

– Ийм зүйл болно гэсэн хүлээлт байсан. Гэхдээ аравдугаар сарын сүүлчээр тодорхой болно гэж. Путин ерөнхийлөгч болно гэсэн мэдээлэлд зах зээлийн эхний хандлага сөрөг гарах байх. Ер нь бол зах зээл Путин хоёр таарамж муутай байсныг бид мэднэ. Улс төрийн эрсдэл буурч, байдал тогтворжиж байгаа мэдээлэл зах зээлд ямагт нааштай эерэг хандлага бий болгодог. Тэд Медведевийг ерөнхийлөгчөөр дэвшүүлэхээр сонгосон бол зах зээлийн хандлагыг арай эерэг болгох байлаа. Зах зээлийн дараагийн үйлдэл нь ерөнхийлөгч болон, ерөнхий сайдын баг ямар байхаас хамаарна. Медведевийн баг Путинийхийг бодвол арай либераль талдаа байх болов уу.

“Шударга Орос” намын лидер Сергей Миронов:

-Эдгээр жилүүдэд Засгийн газ­рын ажилд бидний зүгээс хэлэх юм их байсан. “Нэгдмэл Орос” намд ч бидний шаардлага улам их бай­гаа. Бид одоо намынхаа хур­лыг хаа­гаад дараа нь намрын сүүл­чээр ерөнхийлөгчийн кампанит ажилд хэрхэн оролцох талаар да­хин ярилцана. Бид өмнөх байр суу­ринаасаа ухрахгүй бөгөөд “Нэгдмэл Орос” намын нэр дэвшигчийг дэм­жихгүй. Медведев думын жагсаал­тыг толгойлно гэж байхад намынхан нь баяртай байсан уу үгүй юу гэд­гийг та нар телевизээр харсан биз дээ.

Ард түмний эрх чөлөөний на­мын хамтрагч дарга Борис Немцов:

-Путин цэвэр дүрээрээ өдөөн хатгагч. Тэр Оросын ард түмнийг самуунд өдөөж байна. Тэр самууныг турхирч байна. Засаглалын солилцооны институт алга болсон орнуудын ард түмэн шиг тэр Оросын ард түмнийг самуунд өдөөж байна. Сарын дараа төв банк хичнээн хэмжээний мөнгө гадагш урссаныг зарлана. Би бараг алдахгүй, 100 тэрбум ам.доллар, 500-800 мянган хүн дүрвэнэ гэж би дүгнэж байна. Улс оронд хөгжлийн инерцийн хувилбар байх болно. Тэр нь хамгийн муу хувилбар. Тэнэг биш хүмүүс надтай маргаж байлаа. “Боря, тэр Мубаракийг хараагүй гэж үү, Каддафийг хараагүй гэж үү, Ассадыг үзэхгүй байна гэж үү?” гээд л тэд маргаж байв” “Залуус аа, тэр чинь Сократ биш, Спиноза биш. Тэр аймхай. Бүгдийг тэнд алдана, гэж айж байгаа. Эцсийн эцэст тэр өөрийн хэргийн төлөө үхэн үхтлээ зүтгэх болно. Хөөрхий Орос орон минь. Путин үхтэлээ буцан ирж байна. Тэр хичнээн урт наслахыг би мэдэхгүй. Орос сүйрэх үү Путин түрүүлж үхэх үү гэдгийг би мэдэхгүй. Орос л үлдээсэй гэдгийг би илүүд үзнэ.

Мэдээлийн бодлогын хөгжлийн сангийн бүс нутгийн хөтөлбөрийн удирдагч Александр Кынев:

-Ойрын хугацаанд нэр хүндгүй шийдвэрүүд  гарах нь тодорхой. Хэрэв Медведев ерөнхий сайд болбол аянга зайлуулагч болно гэсэн үг. Үүний зэрэгцээ Путин ирээдүйн сонгуулийн дүнгээс өөрийгөө зайлуулж байна. Сонгуулийн дараа “Нэгдсэн Орос”-ын дүн муу гарвал түүнийг жагсаалтад Путин байгаагүйгээр тайлбарлахад амар болох ёстой.

Ард түмний эрх чөлөөний намын хамтрагч дарга бөгөөд 2000-2004 оны Оросын Засгийн газрын тэргүүн Михаил Касьянов:

-Туслах нь даргаа ерөнхийлөгчид дэвшүүлж, харин дарга нь туслахдаа одоо чи улс төрийн кампанийг тэргүүлэх болж байна гэж хэлж буй. Байдал маш хурдан өөрчлөгдөнө. Энэ засгийн уналт нь  харваас тодорхой. Путин ерөнхийлөгчийн суудалд сууж байгаа болохоор энэ хугацаа ойртох ёстой гэж би бодож байна. Дараагийн сонгууль гэхэд Орос огт өөр орон болно. Дараа жил эсвэл хоёр жилийн дараа ч юм уу гурван жилээс хэтрэлгүй засаг унана. Бид хүчээ нэгтгэх хэрэгтэй. Өнөөгийн нэгдсэн ардчилагчид бид өнөөдөр үүнийг хийж байна.

Төрийн думын “Шударга Орос” намын жигүүрийн орлогч дарга Оксана Дмитриева:

-Миний хувьд гэнэтийн… Путиныг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн нэг хугацааны дараа дэвшүү­лэх нь Үндсэн хуулийн утга санааг зөрчөөгүй л дээ. Гэхдээ үнэн хэрэгтээ бол тэр нь түүнийг эвдэж байна. 2008 онд тэрээр хоёр бүрэн эрхийн хугацааг дуусгаад ерөнхийлөгчид дэвшихгүйгээр татгалзсан нь Үнд­сэн хуулийн утга санаанд үнэнч байгаагийн илэрхийлэл болж байв. Энэ байр сууриа баримтлан дахин ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх ёстой байлаа.


Төрийн думын “Шударга Орос” намын жигүүрийн орлогч дарга Геннадий Гудков:

-“Нэгдмэл Орос намын” жагсаалтыг Медведев толгойлох болсон нь гунигтай мэдээ.  Ойрын жилүүдэд нийгмийн томоохон эсэргүүцэл гарч магадгүй. Медведев сөргөлдөөний цорын ганц том улстөрч байх  боломжоо устгалаа. Нам нь одоо Медведевд хандлагаа чиглүүлэх болж байна.

Бүс нутгийн банкуудын эвс­лийн ерөнхийлөгч Анатолий Аксаков:

-Энэ солилцооноос болж эрс өөр шинэ зүйл гарахгүй. Сүүлийн 11 жилд Путин улс орны бодит бодлогыг тодорхойлж, харин Медведев тодорхой хэмжээнд өнгө аясаа оруулж байсан. Гэхдээ системийн бүтээгч нь Путин. Тиймээс ч эдийн засгийн бодлогын стратегийг Путин тогтоож, Медведев тактикт ямар нэгэн өөрчлөлт оруулж байх биз.

“Открытие” санхүүгийн компанийн ерөнхий эдийн засагч Владимир Тихомиров:

-Ямар ч өөрчлөлт гарахгүй. Сүүлийн жилүүдийн туршлагаас харахад тэд ямар ч зөрөлдөөнгүйгээр тохиролцсон бодлого явуулж ирсэн юм. Нэмэгдэхүүний байрлалыг сольсоноор нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Медведев гарч гээд Засгийн газрын чиглэл өөрчлөг­дөхгүй. Ерөнхийлөгч манайд давуу эрхтэй. Медведев ерөнхийлөгч бол­сон ч өмнөх Путиныхээс өөр ямар нэгэн шинэ чиглэл санаачлаагүй. Медведевийн гаргасан алхмуудыг Путин дэмжиж ирсэн. Тиймээс ямар ч өөрчлөлт гарахгүй. Сонгуулийн дараа тийм ч чухал биш өөрчлөлтүүд гарах байх, шинэчлэл хурдсана гэж би найдаж байна. Энэ тухай Путин ярихдаа цалин хөлс нэмэх замаар төрийн зарлагыг дандаа нэмэгдүүлж чадахгүй гэсэн байгаа.

Оросын банкуудын холбооны ерөнхийлөгч Гарегин Тосунян:

-Би улс төрд оролцох дургүй. Гэхдээ энэ солилцооноос ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байх.

Москвагийн Карнегийн тө­вийн шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн Алексей Малашенко:

-Энэ шийдвэр хэзээ шийдэгдсэн нь чухал биш. Гэхдээ миний бодлоор Ярославльд болсон чуулганы дараа шийдэгдсэн болов уу. Бүгд л үүний тулд явж байсан юм. Манай улс төрийн амьдрал намагт шигдээсээр байгаа гэдэг тодорхой боллоо. АНУ, Европын холбоо аль эртнээс Путиныг харж байна. Харин хэн ерөнхий сайд болох вэ гэдэг асуудал одоо таавар хэвээр байна. Медведевийн асуудал нэг мөр шийдэгдсэн гэдэгт 100 хувийн итгэл байхгүй. Тэтгэврийн шинэчлэл явагдана. Татвар эрс нэмэгдэх болно. Ерөнхий сайдад л хамаг цохилт ирнэ дээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж