Барилгын материалын гаалийн татварыг нэмнэ гэв үү

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Барилгын материалын гаалийн татварыг нэмнэ гэв үү

Гаалийн тарифын зөвлөл өнгөр­сөн баасан гаригт хуралджээ. Хурлаас  гарсан шийдвэрүүдийн нэг нь импортоор орж ирж буй зарим нэр төрлийн барилгын материалын гаалийн албан татварыг нэмэхээр болсон явдал. Энэхүү мэдээлэл үйлдвэрлэгчдийг баярлуулж, харин иргэдэд айдас төрүүлж байна. Учир нь байрны үнийг нэмэх бас нэгэн шалтгаан болчихгүй байгаа даа гэх эмзэглэл.

Зуун мянган байр баригдаж, зургаан хувийн хүүтэй зээл гарах гэсээр байтал байрны үнэ талийсан. Өнгөрсөн өвөл 35 сая төгрөг байсан нэг өрөө байр өнөөдөр 40 сая төгрөгийн үнэтэй болчихоод байгаа.  Байрны үнэ өсч байгаа нэг шалтгааныг компаниуд барилгын материалын үнэ өсч байгаатай холбон тайлбарлаж буй. Гэтэл нэмэр дээр нь нэрмээс гэгчээр импортоор оруулж ирж буй барилгын материалд ногдуулж буй гаалийн албан татварыг нэмэхээр болчихлоо.  Хуралдаанаар  гарсан шийдвэр нь ерөнхийдөө үндэс­ний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа нэг хэлбэр гэнэ. Үндэсний үйлдвэрүүд өнөөдөр хүнд байдалтай байгаа гэнэ. Барилгын материалын дийлэнхийг Хятадаас нийлүүлж байгаа болохоор үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ зарж борлуулах зах зээлгүй болчихоод байгаа юм байх. Тодруулбал, 2011 онд манай улсад 500 гаруй барилгын материалын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа ч урд хөршөөс их хэмжээний барилгын материал орж ирдэг учир үндэсний үйлдвэрлэгчид бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй аж. Тиймээс ижил нэр төрлийн импортын бараанаас хамгаалах зорилгоор үйлдвэрлэлээс хангах хэрэгтэй хэмээн зөвлөлийн гишүүд онцолж дэмжжээ. Үүнийг ч зарим хүмүүс үндэсний үйлдвэрлэгчдийн лобби хэмээн хардаж буйгаа нуухгүй байна.

Өнөөдрийн хувьд монгол тоосго нэг ширхэг нь 130-150 төгрөг байгаа бол хятад тоосго 110-120 төгрөгийн үнэтэй байгаа. Бөөндвөл 100-гаас доош төгрөгөөр авах боломжтой юм билээ. Хөтөлийн цемент, хятад цемент хоёрын хувьд үнийн хувьд ялгаатай.  Хятад цемент нэг тонн 148 мянган төгрөг бол, Хөтөл цемент шохойн үйлдвэрийн нэг тонн нь 160 мянган төгрөг.

Гаалийн тарифын зөвлөлөөс гаргасан дээрх шийдвэр “100 мян­ган айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Шинэ бүтээн байгуулалт дунд зорилтот” хөтөлбөрийн дагуу шийдэгдэж байгаа юм байна. “Шинэ бүтээн байгуулалт” дунд зорилтот хөтөлбөрийн хүрээнд нэлээд барилгын салбарыг цогцоор нь хөгжүүлэх, үүнд барилгын үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, барилгын мате­риалын паркийг байгуулах аж­лууд багтсан байгаа. Тухайлбал, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрлэл болон Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд тө­рөөс багагүй анхаарал тавихаар шийд­вэр­лэ­сэн. Уг ажлын хүрээнд ийнхүү эхний арга хэмжээний эхлэл нь тавигдаж байгаа бололтой.

Харин импортлогчид үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний үнийг буулгахгүйгээр хичнээн импортын барилгын материалын албан татварыг нэмэгдүүллээ ч үр дүнгүй, байрны үнийг өсгөх бас нэг сайхан далим болно хэмээн үзэж байгаа.

Энэ талаар Монголын барилгачдын холбооны тэргүүн М.Батбаатараас тодруулахад “Барилгын материалын үнэ өсөхгүй. Хэрвээ үндэсний үйлдвэр­лэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буулгахгүй бол бид хариуцлага тооцно. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, түүхий эдийнх нь гаалийн татварыг тэглэсэн. Тэгэхээр буулгахгүй бол болохгүй биз дээ” гэх маягийн үг хэлсэн.  Гэхдээ л барилгын материалын үнийг үйлдвэрлэгчид нь буулгахгүй, барилга угсралтын компаниуд нь өндөр үнээр барилгын материал худалдаж аваад байвал байрны үнэ буурна гэдэг лөөлөө болох биз. Үнэндээ хэн нэгний лоббигоор хэрэглэгчийг хэтэвчинд халдсан үйлдвэл болохгүй гэх газаргүй байна. Учир нь өнгөрсөн жил хилээр оруулж ирж буй машинд ногдуулж буй гаалийн албан татварыг нэмнэ гэх сургаар ченжүүд машиныхаа үнийг нэгээс хоёр сая төгрөгөөр өсгөж орхисон нууц биш. Хэдийгээр дараа нь нэмэхээ больсон шүү гэж хичнээн хашгираад нөгөө өнгөрсөн борооны дараа цув нөмрөхтэй адилхан зүйл болоод өнгөрсөн. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байнаа гээд бага дунд орлоготой иргэдийг байртай болгох хүсэлийг нь мохоох “хэрэгсэл” болчихгүй байгаасай гэж найдая. Хэрвээ хэрэг буруудвал Гаалийн тарифын зөвлөл хариуцлагыг нь хар толгойгоороо даах уу.

Ж.Эрхэс

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж