”Тусламжаар өгөх хангалттай мөнгө ОУВС-д байхгүй”

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

”Тусламжаар өгөх хангалттай мөнгө ОУВС-д байхгүй”

КРИСТИН ЛАГАР: “ТУСЛАМЖААР ӨГӨХ ХАНГАЛТТАЙ МӨНГӨ ОУВС-Д БАЙХГҮЙ”

Дэлхийн улстөр, нийгэм, эдийн засгийн ээлжит их цугла­ралт  болж байх зуур Вашингтон хотноо Их 20 (G 20) -ийн сангийн сайд нар болон ОУВС-ийн шинэ тэргүүн нарын уулзалт зэрэгцсэн нь магадгүй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганаас ч илүү олон нийтийн анхааралд байсан гэж хэлж болно. Ердөө гурав дөрөвхөн жилийн өмнө хямралд өртөж арайхийн амьсгал аваад байсан дэлхийн эдийн засаг дахин нэг хүнд сорилтын өмнө тулгараад байгаа нь энэхүү уулзалтыг анхаарлын төвд аваачсан хэрэг.

Европын хамтын нийгэм­лэгт багтах Грекийн асар их өр зөвхөн энэ улсыг туйлдуулаад зогсохгүй яг л өрсөн даалууг нураадаг шиг “цэнхэр тивийнх­нийг”, цаашлаад бусад орны эдийн засгийг ч мөн адил тэр чигт нь унагаж мэдэхээр болсон тул ийнхүү түгшүүр зарлаад байгаа юм. Хамгийн эмгэнэлтэй нь энэ уулзалтад цугларсан дэлхийн их гүрнүүдийн лидерүүд Грекийн өрийн асуудлыг шийдэх талаар одоохондоо ямар ч төлөвлөгөө байхгүй гэж хэлж байгаа аж. Үүний зэрэгцээ ОУВС-ийн ши­нэ тэргүүний аргаа барсан гэмээр мэдэгдэл ч дэлхийн сан­хүүгийнхнийг цочоогоод авсан байна.

Уг нь бол Европоос эх­тэй их хямралын нэг аврал нь ОУВС-ийн санаачилга байх болов уу гэсэн дэлхий ний­тийн хүлээлт байсан. Гэтэл ОУВС-ийн шинэхэн тэргүүн хатагтай Кристин Лагар “хэрэв Европын орнуудын төсвийн өрөөс үүдэлтэй хямрал цаашид тархсаар байх юм бол евро-бүсийн томоохон орнуудаас болон ОУВС-аас тэдгээр орнуу­дад тусламж болгон гаргах хан­галттай мөнгө байхгүй” гэж мэдэгдсэн байна. Ямар ч л байсан ОУВС-ийн мөнгө энэ хямралаас гаргахад хүрэлцэхгүй гэж тэр тодотгожээ. “Бидний боломж 400 тэрбум евро орчим байгаа нь өнөөдөртөө бол асуудлыг шийдэж хүрэхээр харагдаж байж болох юм. Гэхдээ тогтворгүй нөхцөлд байгаа орнуудад хямрал гарвал шаардагдаж болзошгүй хэрэгцээг хангана гэхэд дэндүү жулдана” гэж Лагар хэлжээ.

Хатагтай Лагарын үзэж байгаагаар бол ОУВС өнөөгийн хямралыг гэтлэхэд хөрөнгө гаргаж болох ч байдал цаашид хурцадвал санхүүгийн энэ тусламж ямар ч өөрчлөлт гаргаж дийлэхгүй гэнэ. Хэдийгээр “хэргийн эзэн” болоод байгаа Грекийн сангийн сайд энэ хуралдааны үеэр “ Юу ч болж байсан бид төсвийн алдагдлаа багасгах болно” гэж байгаа ч энэ нь олон улсын санхүүгийн лидерүүдийг тайвшруулахгүй байгаа юм байна. Хэдий тийм боловч дэлхийн лидерүүд Грект өрийн хямралаасаа гарах боломж олгон улмаар евро-бүсэд үлдээх төлөвлөгөө боловсруулахыг чармайж байгаа аж.

Энэ төлөвлөгөөний гол зорилтууд дотор Европын холбооны банкууд дахь хөрөнгийн дахин хуваарилалтыг хийх болон Европын санхүүгийн тогтворжилтийн зээлийн бүтэц байгуулж түүнд зориулсан санг арвижуулах асуудал гол нь болж байгаа юм. Эхний зорилтын тухайд бол евро-бүсэд хуримтлагдаад байгаа асар их хөрөнгийг урсгалыг Грекийн өрийг дарахад зориулах тухай асуудал юм. ОУВС болон Европын холбооноос Грекийн өрийн талыг нь шууд тэглэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа нь Европын банкуудад тодорхой хэмжээний бэрхшээл үүсгэнэ гэж үзэж байгаа аж. Мэдээж европын банкуудад энэхүү хүндрэлийг даван гарах нөхөн төлбөр хийж болох авч ерөнхийдөө доргионд орж таарах нь.

Хоёр дахь зорилтын тухайд бол Европын санхүүгийн тогтворжилтын зээлийн бүтцийг чадваржуулах тухай нэлээд тулгамдсан гэж хэлж болохоор асуудал байна. Энэ бүтэц нь хямралын үндэс суурийг  тавьчихаад байгаа Грек, Португаль зэрэг орнуудын төсвийн алдагдлыг хааж, өрийн хямралаас гаргахад нь зориулагдах мөнгийг бий болгох үүрэг хүлээж байгаа бөгөөд одоогоор хөрөнгийн эх үүсвэрээ хэрхэн татах нь шийдэгдэж дуусаагүй л байгаа билээ.

Хэдийгээр ОУВС-ийн тэргүүн хатагтай Лагар 400 тэрбум еврогоос илүү хөрөнгийг дээрхи зээлийн санд өгөх боломжгүй гэж байгаа ч европчууд энэ дүнг өсгөж чадна гэж зарим эх сурвалж баталж байна. Тухайлбал ВВС-ийн бизнесийн тоймч үзэхдээ Европын холбооны банкууд болон гишүүн орнуудаас хөрөнгө татсанаар дээрхи 400 тэрбумын хязгаарыг 2 их наяд еврогийн хэмжээнд хүргэчих боломжтой талаар дурджээ. Мөн үүний зэрэгцээ Европын төв банк Итали болон Испанийн засгийн газраас гаргаж байгаа бондуудыг худалдан авч эдгээр орнуудыг их хэмжээний тусламж авахаас сэргийлж болох тухай ч яригдаж байна.Тэгээд ч Их 20-ийн уулзалтын үеэр ОУВС-ийн Европын газрын тэргүүн Антонио Бургос Европын төв банк энэхүү тулгараад байгаа хямралын эсрэг тэмцэхэд маш том үүрэгтэй гэж хэлсэн нь зүгээр ч нэг сануулга биш байжээ.

Нөгөө талаар Европын санхүүгийн тогтворжилтийн зээлийн бүтэц бий болгох асуудал бас ч тийм дардан замаар явахгүй бололтой. Их 20-иийн хуралдаан дээр Германы сангийн сайд Вольфганг Шойбль Герман улс энэ саналыг дэмжиж байгаа ч Европын санхүүгийн тогтворжилтийн зээлийн бүтцийг бий болгох асуудлыг Европын холбооны гишүүн 17 орнуудын зөвшөөрлийг авч байж байгуулах ёстой гэсэн байна. Хэрэв ийм санал асуулга явуулахаар болбол тус зээлийн бүтцийг санхүүжүүлэх асуудал мэдээж хэсэг хугацаанд саатаж таарна.
Харин хүнд суртлын саадыг давах энэ хугацаанд Европын хямрал хаашаа ч эргэж мэдэхээр байгаа тул Шойблийн энэ үг ялангуяа тусламж авах орнуудад таалагдаагүй нь лав. Гэвч ийм асуудал гарч байгаад ганцхан өөрөө ч биш харин эрт асуудлыг тавихаа “санаагүй” Европ даяараа буруутай гэдгийг ч тэр хэлэхээ мартсангүй. Тэр хэлэхдээ, “Бидэнд ямар ч гэрээ хэлэлцээ алга байна, тэгээд ч үүний талаар шүүн хэлэлцэх, баталгаажуулах бас зөвшөөрүүлэх хэрэгтэй болно. Магадгүй бид энэ бүхнийг төлөвлөснөөсөө хурдан хийж болох л юм” гэжээ.

Гэвч евро-бүсийг хямралаас гаргах арга хэмжээний төлөвлөлтийг ирэх сарын сүүлээр Брюссельд болох Европын холбооны зөвлөлийн хуралдаан болон 11-р сард Францын Канн хотод болох Их 20-ийн дараагийн уулзалт дээр л эцэслэн тогтохоор болж байгаа юм байна. Харин энэ хооронд Грекийн өрийг яах вэ гэдэг нь бас л ноцтой болчихоод байгаа билээ. Мэдээлж байгаагаас үзэхэд ирэх аравдугаар сарын дунд үеэс эхлэн Грек улс өрөө төлж дийлэхгүйд хүрч байгаа юм.

Грекчүүд Европын санхүүгийн тогтворжилтийн зээлийн туслалцааг шийдэгдтэл одоогоор ОУВС-д л найдаж байхаас өөр аргагүйд хүрч байна. Өнгөрсөн оны тавдугаар сард ОУВС-аас дэмжигдсэн туслалцааны санхүүжилтийг тус улс одоогоор авч байгаа хэдий ч асар их өрийн дарамтаас бие даан гарах хүртлээ яагаа ч үгүй байгаа аж. Мөн ОУВС-ийн тулгаж байгаа шаардлагыг грекчүүд хангахгүй л бол дараагийн шатны зээлийн эрхээ нээлгэж чадахгүйд хүрэхээр байгаа гэнэ. Тэгээд ч хоёр дахь шатны санхүүгийн дэмжлэгийг аль зургадугаар сард Грект өгөхөөр шийдсэн байсан ч евро-бүсийн хэд хэдэн орны парламентаар энэ асуудлыг хэлэцүүлэн дэмжлэг авч амжаагүй байсаар өдийг хүрч байгаа юм. Хэзээ хэлэлцэж шийдэх нь ч тодорхойгүй байгаа тул грекчүүдийн хувьд нөхцөл байдал улам бүр хүнд болсоор….

PS: Вашингтон хотноо болсон санхүүчдийн уулзалтын үеэр өдгөө өрийн дарамтаас болж хямралд ороод байгаа Грекийн сангийн сайдын хэлсэн үг гойд анхаарал татав. Тэрээр дэлхийн банк санхүүгийн “мангасуудын” өмнө үг хэлэхдээ Грек улс “өөрийн өрийг багасгахын тулд улстөрийн үнэ цэнээр төлж барагдуулж болох аливаа шаардлагатай санаачилгыг хүлээж авахад бэлэн байна “гэж хэлжээ. Грекийн сайдын хэлсэн энэ үгийг болон удахгүй Европт бий болгохоор ярьж байгаа Европын санхүүгийн тогтворжилтийн зээлийн бүтэц зэргийг эргэцүүлж харахад нэг сонин бодол төрсөн юм.

Дээхнэ үед социалист орнуудын хүрээнд орос нэрээрээ СЭВ буюу Монголоор бол Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл гэж байгууллага байсныг санаж байна. Нэг талаасаа эдийн засгийн хамтын нөхөрлөл юм шиг атлаа цаанаа улстөрийн ашиг сонирхлыг давхар илэрхийлж гишүүн орнуудаа “шахдаг” тийм газар байж. Тэгвэл ОУВС, Европын холбооны зүгээс байгуулж байгаа дээр дурдагдсан санхүүгийн бүтэц болон хуучин цагийн СЭВ хэмээх байгууллага хоёрын хооронд адил зүйл их байх бололтой.

Гэхдээ асуудлын гол нь энэ биш юм. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал улам бүр ээдрээтэй болохын хэрээр эдийн засгийн шахалтаар дамжин ирэх улстөр, геополитикийн тулгалтууд ч улам идэвхжих бололтой байна. Ямар ч бүс нутгийн хамтын нийгэмлэгээс дутахааргүй зангарагтай хоёр хөрштэй болоод ч тэр үү Монгол харьцангуй бие даасан мэт байгаа ч цаашдаа эдийн засаг-улстөр гэсэн давхар эрчлээстэй энэ олон зангилаанууд дунд орон зайгаа олно гэдэг ч …Гэхдээ энэ бол тусдаа сэдэв биз дээ.

М.НАСТ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж