Үл танигдам Оюутолгой

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Үл танигдам Оюутолгой

Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар хөрөнгө оруулагчдыг хэлэлцээрийн ширээнд урьсан тухай мэдээлэл хамгийн ха­луун сэдвүүдийн нэг болоод бай­гаа. “Рио тинто” компанийн зү­гээс өнгөрсөн ням гаригт 2009 онд байгуулсан гэрээг ямар нэгэн байдлаар өөрчлөх бодолгүй байгааг Оюутолгой төслийн гүйцэтгэх захи­рал Кэмерон МакРэй е-майлаар мэ­дэгд­сэн тухай мэдээлэл гарсан юм. Яг энэ талаар Оюутолгой төслийн талбайд өнгөрөгч ням гаригт болсон ёслолын ажиллагааны үеэр “Рио Тинто” группын зэсийн бүлгийн захирал ноён Эндрю Хартинг сана­лыг албан ёсоор бичгээр хүлээн аваа­гүй байгаа, бичгээр хүлээн авсны эцэст хариу хэлэх боломжтой гэсэн товчхон бөгөөд дипломат хариулт хэлэв. Энэ асуултыг Оюутолгой  төс­­лийн бүтээн байгуулалтын аж­лын­хаа 50 хувийг гүйцэтгэсний ёс­лолын ажиллагааны үеэр асуух нь зохимжгүй л байсан байх. Оюу­толгойн бүтээн байгуулалтын нүсэр их ажлын талбайд зассан даруухан боловч гоёмсог тайзнаа бүтээн байгуулалтын тухай бахдам тоо баримт, баяр хөөрийн чин сэтгэлийн үгс ундарч байхад шүү дээ. Гэхдээ ямар ч тохиолдолд хам­гийн анхаарал татах асуултыг асуухгүй өнгөрөх нь сэтгүүлчдийн хувьд бол тэвчээр шалгасан бөгөөд тэнэг хэрэг болох учраас. 

Харин Оюутолгойн ажлын тэн хагас гэсэн даруухан тодотголд зангилагдаж байгаа их ажлын талаар өгүүлэхэд үг ч багадам байгаа бололтой, их ажил бүтээсэн хүмүүсийн хувьд. Хэзээний чамбай үгтэй Ерөн­хийлөгч асан Н.Багабанди өнөөдөр алга ташилт нижигнүүлж байгаа энэ зам дардан байгаагүй, зүрх алдам бэрх­шээлүүдийг туулан гарсан гэд­гийг сануулсан нь ч зүй. Зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээг батлах гэж л зургаан жилийн дуншсан би­лээ. Цаашдаа ч цэцэг өргөсөн замаар бид оргилд хүрэх­гүй гэж “Оюутолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Багабанди анхааруулав. Титэм үгээрээ алдартай манай экс Ерөнхийлөгч үнэхээр л үгийн донж, даацыг гайхуулан цэгцтэй бөгөөд гүн утгатай үгсийг Оюутолгойн индрээс мөнөөх л эрхэмсэг төрхөөрөө өгүү­лэв. Түүний Оюутолгой гэдэг үг өнөө­дөр монголчуудад дотно танил шиг маань сонсогддог бол ирээдүйд ачлалт ээж шиг минь сонсогдох болтугай хэмээсэн үг энд ажиллагсдын бол самсааг шархируулсан байх.

Оюутолгой гэдэг энэ их ордоос бид зөвхөн мөнгө, эдийн засгийн өсөлтөөс гадна өөр олон зүйлийг, гэрэлт ирээдүйг хүлээж байгаа болохоор шүү дээ.  Ёслолын ажиллагааны гол зочин “Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ноён Ян Дү Плесси анх удаагаа Монголд ирж байгаа гэдгээрээ монголчуудын сонирхлыг их татаж байсан. Шаламгай цэгц алхаанаас л эрч хүч басхүү том компанийн удирдах ажилтны дүр төрх мэдрэгдэм энэ ноёнтон Оюутолгойд ирээд тун сэтгэл ханамжтай байгаа бололтой. Тэрээр “Рио Тинто” компани 2012 оны алтан ивээн тэтгэгчдийн нэг болон өнөөдөр л гэхэд Оюутолгойгоос олборлосон алт, зэс тэргүүтнээр олимпийн аваргууд, шагналтнуудын энгэрт гялалзах медалийг үйлдвэрлэж байгааг бахархан онцлов. Түүний дэлхийн бусад уурхайнууд атаархмаар уурхай байгуулахын тулд маш их хүч, чармайлт хэрэгтэй гэсэн анхааруулгаас ийм гайхам уурхай байгуулж чадна гэсэн “амбици” тод мэдрэгдэж байна лээ. Дэлхийд ус ашиглалтаараа хамгийн орчин үеийн, үйлдвэрлэлийн шат дамжлага болгонд усныхаа 80 хувийг эргүүлэн ашиглах зэс баяжуулах үйлдвэр, нэг удаадаа 150 хүн дээш, доош тээвэрлэх чадвартай, газрын гадаргаас дээш 96 метр, доошоо 1300 метр 2-р босоо ам, үүнийг нэгдүгээр босоо амтай холбон нийт 150 метр хөндлөн нэвтрэх чадвартай хонгил тэргүүтэн гээд Оюутолгойн дэлхийд аварга байх тоо, үзүүлэлтүүд зөндөө.  Зэс баяжуулах үйлдвэр нь л гэхэд бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор хоногт 150 мянган тонн зэс баяжуулна гэдэг утгаараа ч дэлхийн хамгийн аварга таван үйлдвэрийн нэг болох юм байна.

Үл танигдам Оюутолгой

Дорнын говийн Оюутолгой хэмээх хангайнхны хувьд бол ширээ шиг гэж чамлахаар жижигхэн овооны нэр өнөөдөр дэлхийд алдартай болоод байгаа. Гэтэл өнөөдөр энд босч сүндэрлээд байгаа их бүтээн байгуулалт 15 жилийн өмнө гурван геологич гурван гэр /нэг нь нутгийн иргэнээс түр гуйж барьсан нар сар гэрэлтэм ванаг буюу говийнхны илүү гэр байсан гэж байгаа юм аа/ барьж байсантай бүү хэл Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан 2009 онд сүндэрлэх ганц байгууламж нь байсан 1-р босоо амтай харьцуулах ч аргагүй гайхмаар. Жил гаруйхны өмнө харж байсан Оюутолгойтой харьцуулахад чиг баримжаа авах ч аргагүй өөрчлөгдсөнийг гайхахад төв оффисоос ирсэн ажилтан “Бид ч гэсэн нэг, хоёр сарын дараа ирэхэд л баримжаалах аргагүй өөрчлөгдөөд байгаа юм аа” гэж даруухнаар өгүүлэв.

Эртээ урьдын буюу 2-3 жилийн өмнөх дурсамжнаасаа харьцуулахад Оюутолгойн даруухан нисэх буудлаас давхин ирэхэд Монгол Улсын далбаа хатгасан Оюутолгой гэсэн лого бичигтэй хашаа угтдаг байлаа. Энэ даруухан хашааны зураг ч уншигчдад танил болсон байх, олон жил Оюутолгойн нүүр царай нь болж байсан болохоор. Гэтэл Оюутолгойд олонтаа очсон бичигч вээр тэр хаалгыг хаагаад олдоггүй ээ. Хэзээ хойно, бусад барилга байгууламжтай харьцуулахад бяцхан харагдам болсон хашаа мөнөөх хаягтайгаа байгааг нь арайхийн таньсан. Түүнтэй эн зэрэгцүүлэх аргагүй олон байгууламж сүндэрлэн боссон болохоор…
 
Одоо жижигхэн харагдах болсон энэ хашаанд бөмбөгөр аяны байр байх бөгөөд энд ёслолын үеэр ноён Ян Дү Плесси анхдагч гурван геологичийн хоёр монгол байсан гэж онцолж байсан Санж /Монгол Улсын тэргүүний геологич С.Санждорж/, гавьяат уурхайчин, геологич Д.Гарамжав гуай хоёр зочдыг угтдаг байлаа. Гэрийнхээ гадаа илүү пинд мод төмөртэй ноцолдож, ажлынх нь хажуугаар сатааруулж гэмээнэ ширүүхэн үгээр ширвэдэг яхир өвгөний төрхтэй Д.Гарамжав гуай, геологич хүн л ийм байх ёстой гэмээр хүдэр том биетэй, алиалвал ч алиалчмаар, дуу аялвал ч гурван дугараа алдахгүй гэмээр бууралтаж яваа үстэй Санж ах хоёр геологи хайгуулын гайхмаар гэмээр ажлаа танилцуулдаг сан. Бүтээн байгуулалт эхлэх нь байтугай Оюутолгойд гэрээ байгуулж ажил эхлэх нь үү үгүй гэж эргэлзэж байсан он жилүүдэд шүү дээ.  Санж ах өнөөдөр ч зочдыг угтаж авч, уурхайгаа баруун солгойгүй тайлбарладаг гол хүн нь хэвээр. Тэрбээр 15 жилийн тэртээ Оюутолгойд хайгуул шинжилгээ хийхээр хэрхэн зуны хүйтэн бороонд майхнаа дэрвүүлж, ширүүн салхинд ширвүүлж байсан тухайгаа бяцхан товхимол болгон гаргасан байна лээ. Геологийн хэсгийн гэж өнөөдөр нэрлэгдсэн хашаанд Оюутолгойн үе болгоноос өрөмдөн гаргасан бэлдцүүдийг модон савнуудад хураачихсан. Эгнүүлээд тавих юм бол Эрдэнэт руу ирээд буцахын дайны урт болно гэж бахархдаг сан. Харин тэдний бахархаж байсан эдгээр бэлдцүүдийг одоо хэдийнэ судалж шинжлээд, газар доороос нь ухаж гаргаж, бүр гурил шиг нунтаглан, цэвэрлэж баяжмал болгох үйлдвэрийг барьж эхэлжээ.

Хоёр толгойн баярууд

Монголд ер нь хоёр толгойн тухай л яриа өрнөөд байдаг юм биш үү гэж хошигнох үе байдаг. Үнэндээ ч хамаг бүхний анхаарал ийш нь чиглэсэн нь ч бас үнэн. Өнгөрөгч амралтын өдрүүдэд ч гэсэн Чингис хаан зочид буудалд хоёр толгойг зоригсод олон байсныг сонирхуулахад илүүдэхгүй болов уу. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн орд газарт олборлолт хийж байгаа “Энержи рессурс” компанийнхан өнгөрсөн бямба гаригт цахилгаан станцынхаа нээлтийн баярыг хийх байсан учраас хэвлэл мэдээллийн танил нөхөд хоёр хэсэгт хуваагдчихсан бие биеэсээ “Оюутолгой явах гэж байна уу, эсвэл Тавантолгой юу” гэж лавлан асууж байлаа. Тавантолгойн баярт л гэхэд 100 гаруй зочид оролцохоор онгоц нь бяцхан хүлээгдэж саатаж байсан бол Оюутолгойнхон ням гаригт болох ёслолын арга хэмжээндээ зориулан онгоцын гурван чаартер буюу “рейс” захиалжээ. Онгоц бага зэрэг саатсанаас болоод хоёр толгойг зоригсод Чингис хаан олон улсын нисэх буудалд “түгжрэл” үүсгэх шахав. Хажуугаар нь бас УБ-Даланзадгад, Ховд-Улаанбаатар гэсэн нислэгүүд бууж мордоно. Анзаарахад орон нутгийн нислэгүүд ч их болсон бололтой. Энэ нь ч бас Монголын эдийн засгийн хөл хөдөлгөөн ихэссэний нэг илрэл гэлтэй.

Онцгой хоёр толгойн онцгой баярт давхар урилгатай эрхмүүд ч байсан. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, одоо ч сайн муугаараа хэлүүлж байгаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Тавантолгойн баяраас Оюутолгойн ёслол рүү шууд давхиж ирсэн бололтой харагдсан. Сурвалжлагын эхлэлд үл өгүүлэн ёс алдсанаа залруулахад Оюутолгойн бүтээн байгуулалтын ажлын 50 хувийг гүйцэтгэсэн ёслолд “Оюутолгой”-н ТУЗ-ийн Монголын талын төлөөлөл Ерөнхийлөгч асан Н.Багабанди болон П.Цагаан, Ч.Энхболд нар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Ашигт малтмалын газрын дарга Г.Батхуяг, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн нарын хүндэт зочид ирсэн байлаа.  

Өдөр өдрөөр өөрчлөгдөх Оюутолгой

Үй олон төмөр сараалж л эрээлжлэн сүлжин босгож байгаа алсаас тал саран мэт харагдах байгууламж бол зэсийн баяжмалын агуулах. Үүнээс цааш түүнээс жижиг биш зэсийн хүдрийн агуулах бас баяжуулах үйлдвэр байгаа. 96 метр буюу зүйрлэвэл 31 давхар байшинтэй тэнцэх 2-р босоо амнаас 2,7 км урт конвейрээр 24 цагийн турш зэс бүхий хүдрийг ийш нь зөөх учиртай. Тасралтгүй ажиллах конвейрт хүдрээ дамжуулахаас өмнө ухаж гаргасан бүхнээ хонины хорголны дайны болгож бутлах үйлдвэр бас 2-р босоо амны хажууханд байрлах аж. Энэ бол ерөнхийдөө мэргэжилтнүүдийн танилцуулснаас мэргэжлийн бус хүний ойлгож тогтоож авсан, бас уншигчдадаа наад захын ойлголт зураглалыг харуулах үүднээс ишилж байгаа хэсэг шүү дээ. Түүнээс биш нарийн учир бүхнийг энд танилцуулах гэвэл нөгөө “Бичиг мэддэг хүний дэргэд ч ичмээр дамшиг даа” гэдэг шиг л болох байх. Ямар ч гэсэн эндээс харж, мэдэрсэн зүйл гэвэл асар их бүтээн байгуулалт өрнөж, яв цав төлөвлөсөн цараатай ажлын эхний хэсгийг Оюутолгойнхон нугалж чаджээ гэдгийг л өгүүлэх гэснийх бөлгөө.

Олж сонссоноор бол Оюутолгойнхон анхны зэсийн баяжмалаа ирэх 2012 оны зургадугаар сарын 12-нд гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл билэгт сайн өдөр анхны зэсийн баяжмалаа экспортод гаргах ёслол болох болов уу. Гэхдээ мэдээж хэрэг яг албан ёсоор энэ өдрийг товлосон ч хэрэг биш гэж тэднийхэн даруухан тайлбарлаж байна лээ. Уурхайн их ажил адармаатай төвөгтэй ч цаг хугацаа, үйлдэл бүтээлээ яг таг тооцоолох дуртай төслийнхөн яг энэ тоон хослолт өдөр ёслолоо хийнэ гэж бэлэгшээж, гадагшаагаа бол албан ёсоор зарлахгүй л байгаа хэрэг буй за. Тэгэхээр “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Ерөнхийлөгч асан Н.Баганбандийн хэлсэнчлэн “Анхны баяжмал ачих цувааг үдэх мөчийг хамтдаа хүлээцгээе”. Н.Багабанди эрхэм ажлын тэн хагасыг нугалсан ёслолд хэлсэн үгээ яг ийм ерөөлөөр өндөрлүүлсэн юм. Ерөөлөөр болох болтугай.  

А.Алтантуяа

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж