”Ц.Болдыг баривчилсан нь үнэн”

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

”Ц.Болдыг баривчилсан нь үнэн”

“Ц.БОЛДЫГ БАРИВЧИЛСАН  НЬ ҮНЭН, Д.БАТХУЯГИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГООГҮЙ”

Нийслэлийн прокурорын газрын мөрдөн байцаах газар нэлээд дуулиантай хэргүүд дээр ажиллаж байна. УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд гэхчилэн. Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягт өнгөрсөн гуравдугаар сард эрүү үүсгэсэн талаар хэвлэлээр багагүй шуугисан. Хууль зөрчин ашигт малтмалын 192 тусгай зөвшөөрөл бусдад олгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэгт татагдан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж буй түүний хэргийг мөрдөн байцаагч нь харин хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.  Монгол Улсын Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий малтмалын бүс, ой сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох  тухай хуулийг зөрчиж олгосон ашигт малтмалын 192 зөвшөөрөл дотор Зоост-Уул, Баян нуур, Алтан  од, Гурван тэс, Шаажгайн гол, Хонгор толгой, Баян ноён зэрэг нутгийн ардуудын сүслэн шүтэж бишэрдэг байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газрууд олон бий гэдэг. Уг хэрэгт сэжигтнээр татагдсан АМГ-ын дарга Д.Батхуягт төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Наранхүүтэй холбоотой хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлсэн ч дахин мөрдөн байцаалтанд буцаажээ. “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрөнгө завшсан гэх түүний хэргээс үүдэн эд хөрөнгийг нь битүүмжилт, гадаад руу гарахыг нь хориглоод байгаа талаар бид өмнө нь бас мэдээлж байсан.

Харин дараагийн удаад СХД-ийн засаг дарга Ц.Болдыг “авлига”-ын хэргээр баривчилсан нь үнэн болохыг албаны хүмүүс нотоллоо. СХД-ийн засаг дарга Ц.Болдыг эрүүгийн гэмт хэрэгт сэжигтнээр татан баривчилсан УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгттэй тэмцэх хэлтсийнхэн байцаалт аваад суллажээ. Харин нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаярыг цагдан хорьсон хэвээр байгаа аж. Ц.Болдыг цас хайлуулах бодис авах байсан дүүргийн төсвийн 300 сая төгрөгийг хувьдаа завшсан гэж сэжиглэж байгаа аж. Ц.Болд нь өмнө нийслэлийн Тохижилт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Б.Дэлгэрбаяр нар нь ажил мэргэжлийн хувьд хамтран ажиллаж байсан гэж хэлж болохуйц юм. Энэ хэргийг талаар тодруулахад, “Би мөнгө завшаагүй” гэж Ц.Болд энэ тухай товчхон хариулт өгч байна.

Энэ талаар  нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн шалгах хоёрдугаар хэлтсийн дарга  Т.Жадамбатай ярилцсан юм.

-СХД-ийн Засаг дарга Ц.Болд, нийс­лэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлт­сийн дарга Б.Дэлгэрбаяр нарыг эрүү­гийн хэрэгт сэжигтнээр татаж баривчилсан гэх мэдээлэл байгаа.

-Тэдэнд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 19-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэгээд энэ сарын 22-нд  буюу өнгөрөгч пүрэв гаригт баривчилсан. Хуулиараа баривчлаад  72 цагийн дотор цагдан хорих, суллах эсэхийг шийддэг. СХД-ийн засаг дарга Ц.Болдыг цагдан хорих шаардлагагүй гэж үзээд сулласан. Харин Б.Дэлгэрбаярыг хорьж байгаа. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад цагдан хорих шаардлагатай гэж үзвэл эрх нь нээлттэй.

-Ц.Болд дарга  болохоор намайг баривч­лаагүй, би мөнгө завшаагүй гэсэн мэдээлэл өгөөд байгаа шүү дээ?

-Баривчлаад, дараа нь сулласан. Хэргийг шалгаж байгаа болохоор үүнээс өөр мэдээлэл өгмөөргүй байна. Мөрдөн байцаалтын явцад мөнгө завшсан уу, үгүй юу гэдгийг тодруулна. Түүнээс одоогоор мөнгө завшсан уу, үгүй юу гэдгийг шууд хэлэх боломжгүй.

-Тэдэнд ямар зүйл ангиар хэрэг үүсгэ­сэн бэ. Улсад 300 сая төгрөгийн хохирол учруулсан гэх асуудал яригдаж байгаа юм билээ?

-Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг завшсан, үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа. Хэргийг дөнгөж шалгаж эхэлж байгаа тул хохирлын хэмжээ тодорхойгүй. Хэрэв энэ хэрэг албан тушаалтай холбоотой бол АТГ-т шилжүүлж болно. 300 сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн зүйл одоогоор тогтоогдоогүй.

-Авлигатай тэмцэх газар УИХ-ын ги­шүүн Х.Наранхүүг “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байхдаа их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан хэргээр шалгаж байгаад Прокурорт шилжүүлсэн гэж дуулдсан?

-УИХ-ын гишүүн Х.Наранхүү “Эрдэнэт” уулын баяжуулах улсын үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгасан юм билээ.  Тус газраас хэргийг нийслэлийн Прокурорт шилжүүлээд байсан нь үнэн.  Манай прокурорын газраас уг хэргийг нягталж үзээд дахин мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж үзэн буцаасан. Авлигатай тэмцэх газарт буцаасан гэсэн үг шүү дээ.

-Тэр хэрэгт Монголбанкны ерөнхий­лөгч Л.Пүрэвдорж оролцсон юм биш үү. Х.Наранхүү гишүүнийг “Эрдэнэт” үйлд­вэ­рийн захирлаар ажиллаж байхад төв банк­ны ерөнхийлөгч Төрийн өмчийн хороо­ны даргаар ажиллаж байхдаа, хамтдаа мөнгө завшсан байх магадлалтай гэсэн яриа бий?

-Энэ талаар Авлигатай тэмцэх газраас асуусан нь дээр байх. Ямар ч байсан бидний зүгээс дахин шалгах, тодруулах, нягтлах зүйл их байна гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт буцаасан, тэд дахин шалгаж байгаа. Би хэргийг хянаагүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ гэрчийн мэдүүлэг дээр ганц нэг юм нэмэх шаардлагатай байсан гэж дуулсан юм байна. Энэ хэрэг мөрдөн байцаалтад байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй

-2008 оны УИХ-ын сонгуулийн дараа буюу долдугаар сарын 1-нд болсон үймээ­ний үеэр хүн буудсан гэж сэжиглэгдээд бай­гаа цагдаагийн албан хаагчид, албан тушаалт­нуудыг хэргийг сэргээн шалгаж дуусаад танайд шилжүүлсэн гэсэн. Харин танайх шалгаад шүүхэд шилжүүлсэн гэх юм. Тийм зүйл болсон хэрэг үү?

-Тийм юм байхгүй. Тэр худлаа мэдээлэл байна.

-Тэгвэл шүүхэд шилжүүлээгүй, танайх хянаж байгаа гэсэн үг үү?

-Үгүй. Тэр хэргийг Прокурорын дэргэдэх  Мөрдөн байцаах албаныхан шалгаж байгаа. Манайд шилжүүлээгүй гэсэн үг. Тийм болохоор энэ талын мэдээллийг Прокурорын дэргэдэх  Мөрдөн байцаах албаныхнаас асууж тодруулсан нь дээр болов уу.  

-Цагдаагийн албан хаагчдын хэрэгт энгийн хоёр хүнийг сэжигтнээр татсан гэ­сэн тэр үнэн үү. Ямар учраас тэгсэн юм бол?

-Тийм зүйл байхгүй байх. Манайд ирээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан уг хэрэг дээр Прокурорын дэргэдэх  Мөрдөн байцаах албаныхан ажиллаж байгаа нь үнэн.

-Ашигт малтмалын газрын дарга Ч.Батхуягийг Авлигатай тэмцэх газар хууль бусаар лиценз олгосон хэрэгт буруут­ган шалгаж байсан. Гэтэл тус газраас уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтийг танайд уламжилсан гэсэн байх аа?

-Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийг Авлигатай тэмцэх газраас хууль бусаар 192 лиценз олгосон гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл,Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий малтмалын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсны дараа тэрбээр дээр лицензийг олгосон гэсэн үндэслэлээр шалгасан. Д.Батхуягт Прокурорын байгууллагаас 2011 оны хоёрдугаар сарын 17-нд Эрүүгийн хэрэг үүсгэснийг харьяаллын дагуу өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд АТГ хүлээн авч шалгаж эхэлсэн.  Авлигатай тэмцэх газраас түүнийг өнгөрсөн зунжингаа шалгасан юм билээ. Тэгээд манайд хандаж  уг хэргийг хэрэгсэхгүй болгооч гэсэн хүсэлт тавьсан

-Танайхаас уг хэргийг хэрэгсэхгүй бол­го­сон юм уу, тэгээд. Зарим хүмүүс АТГ-аас тавьсан хүсэлтийн дагуу түүний хэр­гийг хэрэгсэхгүй болгосон гэсэн яриа байна?

-Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Харин ч бид нэмэлт мөрдөн байцаалт явуулах хэрэгтэй, шалгаж, тодруулах зүйл байна гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт эргүүлэн буцаасан байгаа.

-АТГ-ын мөрдөн байцаагч нарт хэр­гийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргах эрх байдаг хэрэг үү?

-Байлгүй яах вэ. Тухайн мөрдөн байцаагч хэргийг мөрдөх явцдаа олсон нотлох баримт сэлтийг үндэслэн санал гаргах эрхтэй.

-Танайхан ямар шалтгаанаар Ашигт малтмалын газрын даргын хэргийг буцаа­сан юм бол?

-Нэмж тодруулах, шалгах зүйл байсан учраас мөрдөн байцаалтанд буцаасан гэв.

Хэрэв СХД-ийн Засаг дарга Ц.Болд, нийслэлийн Захирагчийн ажлын алба­ны Орчны бохирдол, хог хаягдлын менеж­ментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр нарын гэм буруутай нь тогтоогдвол 5-10 хүртэлх жилийн хорих ял эдлэх хуулийн заалттай аж. Зарим хэвлэлд гарсан мэдээллээр тэднийг хамтран цас хайлуулах бодис авах нэрийдлээр жил бүр төсөвт мөнгө суулгаж, хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байгаа аж. Одоогоор хуурамч баримт гарган улсад 300 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байгаа гэнэ.

Л.Халиу

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж