Амиа хорлогсдын ихэнх нь 16-22 насныхан

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Амиа хорлогсдын ихэнх нь 16-22 насныхан

…Би өөр эцэг эхийн генийг өвлөж өөр газар, орчинд төрөхгүйгээс хойш
миний очих газар, туулах амьдрал тодорхой байгаа. Би зогсох газраа
мэдэхгүй. Харин зогсох газраа урьдчилж мэдэх цорын ганц арга бол яг одоо
амиа хорлох…

Энэ бол нэгэн залуугийн блогдоо бичсэн сүүлчийн тэмдэглэл. “Би яг одоо
амиа хорломоор байна” гэж гарчигласан бичлэгийн дараа энэ блог
“эзэн”-гүй болжээ. Амьдын орчлонд олж болохгүй замаа, үхэгсэдийн
ертөнцөөс хайх нь түүний хамгийн сүүлчийн сонголт байж. Хүнд өвчиндөө
шаналж байгаа хүмүүсийн хүсээд ч олдохгүй амьдралыг тэр хэдхэн хоромд
үгүй хийх сонголтыг хийжээ. Арав, хорь, гуч, дөч…Тэгээд нэг сая. Нэг
оронтой тоо, хоёр оронт руу шилжиж, хоёр оронт тоо гурван оронтод
шилжсээр нэг мэдэхэд зургаан оронт руу орно. Энэ бол дэлхийд амиа
хорлолтоос болж үхэж байгаа нийт хүмүүсийн тоо. Манай тоолол эхэлсэнээс
хойш чухам хичнээн “оронтой тоо”-г эцсийн замд нь үдсэнийг зөвхөн чөтгөр
л мэдэх байх. Эртний Египетийн үеэс дүрс үсгээр шохойн чулуун хавтанд
тэмдэглэгдэж эхэлсэн энэ гунигт үзэгдэл, орчин үеийн мэдээлэлжсэн
нийгмийн цахим хуудаснаа  тэмдэглэгдсээр.

Амиа хорлох үзэгдэл эртний нийгэмд соёл, зан, заншлын нэг байсан бол
өдгөө нийгмийн нэгэн хар үзэгдэл болон хувирч, ямар ч аргаар тэмцээд
хүчрэхгүй болжээ. Цагдаагийн газрууд үүнийг ямарч хэргээс ч илүү хүнд
хэрэг гэж үздэг. Хэргийг үйлдсэн ул мөр нь ил байсаар байтал буруутанг
олох ямар ч боломжгүй. Гол буруутан нь тухайн хүн шүү дээ. Энэ хэргийн
эцэст хурууны хээ, амиа алдсан хүн хоёр л үлддэг. Цагдаа хэрэгтэнг хэзээ
ч амьдаар нь барьж чадахгүй.


Нэг сая руу, 170-уулаа…

Сүүлийн жилүүдэд манай улсад амиа хорлох үзэгдэл ихэссэн гэх. 2009 онд л
гэхэд Монгол улсад 170 хүн амиа хорложээ. Хүн амынхаа тоонд хувааж
үзвэл манай улс амиа хорлох үзэгдлийн хэмжээгээрээ дэлхийн босгыг давах
тун дөхөж байгаа гэх. Хамгийн харамсалтай нь амиа хорлон нас барж байгаа
хүмүүсийн  дийлэнх хувийг 16-22 насны хүмүүс эзэлж байна. Монгол улсын
хүн амын 70 орчим хувийг бүрдүүлдэг залуучууд эмгэнэлт хувь заяаг сонгож
байгаа нь харамсалтай. Саяхан АНУ-ын эрдэмтэд Монголд ч хамаатай нэгэн
судалгааг хийжээ. Хорвоог өөрийн хүслээр орхих хувь заяаг сонгогчдын
дийлэнх хувийг өсвөр насны хүүхдүүд үйлддэг болох нь тогтоогдсон байна.
Өсвөр нас буюу шилжилтийн насанд хүний тархинд очдог мэдрэлийн эсийн тоо
өмнөхөөс эрс нэмэгдэж, сэтгэл санаанд нь өөрчлөлт ордог байна. Тиймээс
үүнийгээ даалгүй амиа хорлох нь өсвөр насныханд ихэвчлэн тохиолддог аж.
Яг энэ үед нь бүтэлгүй хайртай учирч шаналалыг даалгүй амиа хорлодог нь
олонтаа. Сэтгэл зүйч эмч Б.Эрдэнэбаатарын  ярьж буйгаар “Сэтгэл гутралын
хамгийн сүүлчийн түвшинд хүрэхээр хүмүүс ийм шийдвэрийг гаргадаг.
Сэтгэл гутрал ихэнхдээ бүгдийг үгүйсгэхээс эхэлдэг. Харин энэ нь
даамжирвал амьдрал нь утгагүй болж, бүгд түүний эсрэг байгаа мэт
сэтгэгдэл төрнө. Нэг ёсондоо сэтгэцэд нь өөрчлөлт орж байдаг гэсэн үг.
Энэ үед тухайн гутралд орсон хүний адреналин маш ихээр ялгарч улмаар
амиа хорлоход хүргэдэг”  аж. Сэтгэл гутралын гүн хямралд орсон хүн
гаргаж буй шийдвэрээ ухамсарлаж чаддаггүй бөгөөд аливаа асуудалд эрүүл
ухаанаар хандах чадваргүй болсон байдаг ажээ.

Шилжилтийн давалгаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улс орон бүрийн 100 мянган хүн тутамд
амиа хорлолтын хэмжээ нь хэд байгааг нь харьцуулан нэгэн жагсаалтыг
гаргадаг болсоор уджээ. Уг судалгаагаар Литв улс амиа хорлолтоороо
дэлхийд тэргүүлдэг бөгөөд 100 мянган хүнд эзлэх амиа хорлолтын хувь нь
73.7 хувьд хүрдэг байна. Хар жагсаалтын эгнээ ОХУ, Финланд, Украйн,
Франц гээд үргэлжилнэ. Ази тивийн амиа хорлох үзэгдлийн 60 хувь нь Япон,
Хятад, Энэтхэг гэх гуравхан улсад болдог ажээ. Дээрх жагсаалтын эхний
арван байрт орсон улсуудын дийлэнх нь социалист дэглэмээс ардчилсан
нийгэмд шилжсэн улсууд байлаа. Нэг засаглалаас нөгөө засаглал руу
шилжсэн орнуудад нийгмийн янз бүрийн салбар уналтанд орох нь зайлшгүй
бөгөөд үүнийг Английн нэгэн сэтгэгч “шилжилтийн давалгаа” хэмээн
нэрлэсэн байдаг. Шилжилтийн давалгааг тэсч чадсан нэгэн нь амьдралд
хөлөө олон, тэсч чадаагүй нэг нь архичин болж эсвэл эмгэнэлтэй нэг саяын
эгнээ рүү “алхдаг” ч байж болох.

Литв улс бол европдоо амиа хорлолтын тоогоороо дээгүүр байрт ордог.
Шилжилтийн эдийн засгаасаа салж чадахгүй байгаа энэ оронд ажилгүйдэл,
ядуурал, хэд дахин өсчээ. Үүний зэрэгцээ амиа хорлолт энэ улсын томоохон
асуудлын нэг болоод байна. Ямар сайндаа л Литвийн намууд сонгуульд
өрсөлдөхдөө амиа хорлогсдын тоог бууруулна гэж амалж байх вэ… Жил,
жилийн сонгуулиар тэд амладаг ч өнөө болтол дийлж чадсангүй ээ. Харин
өнгөрөгч онд Литвийн сөрөг хүчний нөлөө бүхий эрхэмийн нэг саяын эгнээнд
“элсчээ”. Мөн Литв улсад сүүлийн 20 жилийн дотор хотжилт хамаагүй
ихэссэн байна. Хот нягтарших тусам сэтгэл зүйн өөрчлөлт ихэсч, амиа
хорлох үзэгдэл нэмэгддэг аж. Учир нь үйлдвэрийн ялгаруулж байгаа хорт
бодис, машин, тэрэгний чимээ, хүмүүсийг “нервтүүлдэг” болохоор тэр. Их
хотын дунд цэцэрлэгт хүрээлэн, амралтын газруудыг олон тоогоор нь барих
хүсэл нь ч амиа хорлогчид, сэтгэцийн эмгэгэд өртөгчдийн тоог
бууруулахтай шууд холбоотой.

Эрхэм уншигч та яг одоо 17 тоол. Таныг нэг, хоёр, гурав гээд…17 удаа
тоолоход дэлхийн хаа нэгтээ, хэн нэгэн амиа хорлож байгаа.


Б.Болорсүх

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж