Оюутолгойн төслөөр барьцаалах нь хэнд ашигтай вэ?

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Оюутолгойн төслөөр барьцаалах нь хэнд ашигтай вэ?

“Оюутолгой” төслийн гүйцэтгэх захирал Камерон МакРей өнгөрөгч ням гаригт Монгол Улсын Засгийн газарт мэдэгдэл ирүүлжээ. Энэ нь өнгөрсөн 7 хоногт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотой. Уг хуралдаанаас Оюутолгойн ордыг хамтран ашиглах талаар “Айвенхоу майнз” компанитай 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж, Монголын төрийн эзэмшлийн 34 хувийг 50 хувьд хүргэхээр холбогдох сайд нарт үүрэг өгсөн билээ. 

Харин ноён Камерон МакРей Монголын Засгийн газарт ирүүлсэн мэдэгдэлдээ “Бид 2009 онд баталсан төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх бодолгүй бөгөөд Монголын Засгийн газрыг ч мөн хэлсэн үгэндээ эзэн болно гэж найдаж байна” гэжээ. Түүний хэлснээр Засгийн газар Монголын төрийн хувь эзэмшлийг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл “Айвенхоу майнз”-ийн хувийг бууруулах тухай уг саналаа хамтрагчиддаа одоо болтол албан ёсоор хүргүүлээгүй, хэрвээ “Рио Тинто” группэд энэ талаар албан ёсны мэдээлэл очвол тэд ч бас хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар тайлбараа хийхэд бэлэн байгаа гэнэ. Тиймээс төслийн гүйцэтгэх захирал ноён МакРей Засгийн газрын албан ёсны вэб сайт дээр тавигдсан мэдээлэл, Хөрөнгө оруулалтын банкны үйлчлүүлэгчиддээ илгээсэн албан мэдэгдлийг эх сурвалж болгон уг мэдэгдлийг ирүүлжээ. “Рио Тинто” групп нь Монголын Засгийн газартай Оюутолгойн алт, зэсийн ордыг хамтран ашиглахаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан “Айвенхоу майнз” компанийн 48,5 хувийг эзэмшдэг.

Монголын Засгийн газар ийнхүү хөрөнгө оруулагчидтайгаа “муур хулгана” болж байх зуур гаднын хэвлэл мэдээллүүд Монголын Засгийн газрын шийдвэрийг янз бүрээр тайлбарлаж байна. Тухайлбал, Оюу­толгой төслийн өөр нэгэн хувь эзэмшигч болох “Рио Тинто” ком­панийн зэсийн салбар хариуцсан гүйцэтгэх захирал Эндрью Хардинг хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монголын Засгийн газрын энэ үйлдлийг ирэх онд болох сонгуультай холбон тайлбарласан байна.

Тэр “Оюутолгойн ордын нөөц асар их учир олон хөрөнгө оруулагч хамт­рах сонирхлоо илэрхийлсэн нь монголчуудын хувьд хэлсэн үгнээсээ буцах шалтгаан болсон байж болох юм“ гэжээ. Өөр нэг эх сурвалж “Тавантолгойн баялгаас болж Монголын Засгийн газар болон олон улсын хөрөнгө оруулагчдын   харилцаа хурцдаж эхэллээ. Монголын ард иргэдийн зүгээс төр засгаа гадны­нхантай хэтэрхий их хамтарч бай­гааг шүүмжилсэн нь С.Батболдын Зас­гийн газрыг өмнө нь тохиролцсон гэ­рээ, хэлэлцээрээ өөрчлөх шийдвэр гар­гахад нө­лөөл­жээ” гэж үнэлэв.

Шалтгаан нь ямар байлаа ч гэсэн “Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээнээсээ буцав” гэдэг мэдээлэл гадаадын хэвлэлүүдийн гол “sensation” болж байна. Тэр”буцалт” нь ямархуу үр дүнд хүргэх вэ гэдэг харин монголчуудын асуудал. Тиймээс асуудлыг эхнээс нь харья л даа. Оюутолгой төслийн 34 хувийг Монголын төр, үлдсэн 66 хувийг хөрөнгө оруулагч болох “Айвенхоу майнз” эзэмшиж байгаа. 2007 онд УИХ-аар баталсан Ашигт малтмалын тухай хууль болон 2009 онд баталсан Хөрөнгө оруулалтын гэрээ ёсоор. Ашигт малтмалын тухай хуульд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын 51, хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын 34 хувийг төр эзэмшинэ” гээд заачихсан. Тэр дагуу Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэж, Оюутолгойн ордын 34 хувь Монголын төрд үлдэж, үлдсэн 66 хувь хөрөнгө оруулагч тал болох “Айвенхоу майнз”-ад очсон билээ. Тэр ч байтугай Монголын тал өөрийн 34 хувьд ноогдох хөрөнгө оруулалтыг хийж чадаагүйн улмаас хөрөнгө оруулагч талаас хүүтэй зээл авсан. Ирээдүйд Монголын талд ирэх ноогдол ашгаас эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр.

Энэ бүхнийг тооцсон татварын дараах ашиг Монголын талд 57 байна гэдгийг Хөрөнгө оруулалтын гэрээн дээр ажилласан гурван сайд олон ч удаа ярьж, мэтгэлцэж байж, УИХ дээр гэрээгээ хамгаалж гарсан билээ. Монголын талын хувь эзэмшлийг 51 хувьд хүргэх шаардлага ч бас анхных нь биш. Хөрөнгө оруулалтын гэрээг анх УИХ-аар хэлэлцэж байх үед УИХ-ын хэт “эх оронч” гишүүдийн зүгээс энэ шаардлагыг удаа дараа тавьж, парламентын гадна хүртэл иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцэн жагсч байсан ч хууль хуулиараа, 34 хувь 34 хувиараа л үлдсэн. Харин уул уурхайн энэ их баялгийг хэрхэн үр ашигтай зарцуулах нь бидний асуудал. Тэгээд ч Засгийн газрын зүгээс “Төсөл өөрийн хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувь хэмжээг 51 хувьд хүргэх” амлалт авч, Хөрөнгө оруулалтын гэрээнд энэ хугацааг 30 жилээр зааж өгсөн билээ.

Гэвч саяхан ҮАБЗ-өөс Тавантолгойн ордын хэлэлцээрийн төслийг Засгийн газарт буцаахтай зэрэгцэн УИХ-ын хориод гишүүн Засгийн газарт дахин шаардлага хүргүүлж, “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд засвар оруулахгүй бол Засгийн газрыг чинь нураана” гэж айлгав. Засгийн газар ч үг сүггүй нөгөө шаардлагыг нь хүлээж аваад “Монголын талын эзэмших хувийг 50 хувьд хүргэе” гэдэг юм байна. Эндээс нэг асуулт гарч байна. Хэрвээ Хөрөнгө оруулалтын гэрээг ийм байдлаар хийх боломж Засгийн газарт байсан бол яагаад тухайн үед гэрээ байгуулахдаа үүнийгээ хийгээгүй юм бэ, УИХ-ын гишүүд ч мөн адил тухайн үед яагаад олонхиороо дэмжин Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан бэ? Эсвэл үүнээс хойш гэрээнд өөрчлөлт хийх ёстой ямар шинэ шаардлага, шинэ нөхцөл байдал үүссэн бэ? Хариулт нь “Юу ч өөрчлөгдөөгүй”. Тухайн үед мөрдөж байсан хууль дүрэм тэр л хэвээрээ мөрдөгдөж, гэрээ байгуулсан Засгийн газар ч бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байна. Төр эргэсэнгүй, хууль халагдсангүй. Харин дэлхийн зах зээл дээрх алт зэсийн үнэ жаахан өссөн, харин Монголын улстөрчид ирэх сонгуульдаа бэлтгэж байна.

Тэгэхээр Оюутолгойн ордын 50 хувийг төрд “буцаах” асуудал юунаас эхтэй вэ? Bloomberg-ийн ханшийн өөрчлөлт манай улстөрчдийн шуналыг тэгтэл их хөдөлгөв үү, эсвэл ирэх сонгуулийг угтсан улстөрчдийн ээлжит популизм уу? Аль нь ч байсан Монгол Улсын нэр хүндийг дэлхийн зах зээл дээр нэг их өндөр өргөж өгөхгүй нь харагдаад эхэллээ. Тэгэхээр “Хөрөнгө оруулалтын гэрээ дэлхийд байхгүй сайн гэрээ болсон, алдаа гарвал толгойгоороо хариуцна” гэж байсан гурван сайдын “толгой” мөрөн дээрээ байна уу? Зүгээр Засгийн газрын ажиллах хугацааг хэдхэн сараар сунгахын тулд цаг хожиж, буулт хийв үү? Тийм бол энэ хугацаанд уул уурхай, хөрөнгө оруулалтыг дэмжих төрийн бодлого, олон улсын зах зээл дээрх түншийн нэр хүнд хаана нь тунаж үлдэх вэ?

Б.СЭМҮҮН

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж