Хогоо ачихгүй бол, мөнгөө буцааж авъя

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Хогоо ачихгүй бол, мөнгөө буцааж авъя

Нийслэлийн онцгой байдлын газарт сүүлийн үед хог шатсан гэх дуудлага эрс нэмэгджээ. Хамгийн сүүлд гарсан “Нарантуул” олон улсын худалдааны төвийн наймаачдын бараа хадгалдаг агуулах болон хоёр айлын гэр шатсан харамсалтай хэрэг гарсан. Гэтэл нь энэ нь бөөгнөрсөн хур хог руу дутуу татсан тамхиа хаяснаас болж гал гарсан гэж  холбогдох газрын дүгнэлт гарсан.  Мөн өнгөрсөн бямба гаригт галын зөрчлийн 10 дуудлага ирсний зургаа нь хог шатсан талаарх мэдээлэл. Зарим өдөр зургаан дуудлага ирвэл бүгдээрээ хог шатсан гэх дуудлага байдаг гэнэ.  НОБГ-ын гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Эрдэнэбаатар хэлэхдээ “Иргэд хогийн саванд унтраагаагүй тамхины иш хаяснаар гал гарч байна. Иргэдийн санамсар болгоомжгүйгээс болж ийм ноцтой нөхцөл үүсч байна. Бас иргэд жижиг хогийн сав шатаж байхад гал гарсан гэсэн дуудлага өгдөг. Харж байгаа хүн нь ус авчраад хийх зүйлийг галын машин дуудаж их зардал, чирэгдэл учруулж байна” гэлээ. Тиймээс нийслэлийн Онцгой байдлын газраас иргэд анхаарал болгоомжтой байж,  татсан тамхины ишээ унтрааж хаяж байхыг анхааруулж байна. Гэтэл өнгөрсөн долдугаар сарын 1-нээс гэр хорооллын иргэдийн хогны мөнгийг цахилгааны мөнгөтэй хамт авч байгаа. Тиймээс мөнгөө төлсөн иргэд цаг тухайд нь хогоо ачихыг хороо хориныхоо засаг захиргаанаас гуйдаг аж. 

 Баянгол дүүргийн 20 дугаар хорооны бараг гудамж болгон хогонд дарагджээ.  Тус хорооны иргэн н.Алтанцэцэг “Өнгөрсөн тав, зургадугаар сард хогны машин хааяа хааяа ирээд аччихдаг байсан. Хогны мөнгийг цахилгааны мөнгөтэй цуг авдаг болсноос хойш хүмүүс гудамжинд хог хаях нь бүр ихэссэн. Тэгээд машин нь ирж ачихгүй болохоор хогондоо дарагдсан  нь гэр хороолол болоод байна. Хогоо ач гэсэн шаардлага хүргүүлж, хороондоо хэлэхээр мөнгө орж ирэхээр ачуулна гэх юм гэлээ. Энэ талаар хорооны даргаас нь лавлахад, “Мөнгө төлсөн айлуудын мөнгө нэгдсэн журмаар хотын дүүрэг бүрийн ТҮК-д орж ирэх ёстой ч цаг хугацаандаа орж ирэхгүй байх, хугацаа алдах зэрэг асуудал үүсч байгаа. Тиймээс түлш, мөнгөний асуудлаас болж зарим нэг хорооны хог ачих нь оройтож байгаа” гэсэн юм.

 Хогны мөнгө төлдөггүй гэсэн нэр зүүдэг нийслэлийн гэр хорооллыхон цахилгаанаа таслуулахгүйн тулд хогны мөнгөө өгдөг болсон. Гэтэл харамсалтай нь хогондоо дарагдсан хэвээр. Хонх нь дуугарахаар лам нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг гэдэг шиг. Харин мөнгө хурааж авдаг нийслэлийн нийт хүн амын 62 хувь нь гэр хороололд амьдардаг. Эдгээрийн 20 хувь нь л хогны мөнгөө өгдөг байсан. Тиймээс орон сууцны иргэдийн мөнгөөр нийслэлийн бүх хогийг зөөдөг байсан. Өнгөрсөн додугаар сарын 1-нээс бүх айл өрхийн хогны мөнгийг цахилгааны мөнгөтэй цуг авдаг болсноос нийт гэр хорооллын өрхийн 40 хувь нь мөнгөө төлдөг болсон. Ингэснээр хог ачих, тээвэрлэхэд их хувь нэмэр болно гэдгийг албаныхан хэлж байна лээ. Нийслэлийн нийт өрхийн 60 хувь гэр хороололд амьдардаг гэж үзээд сардаа  төлдөг хогны мөнгө хоёр мянган төгрөг гэвэл багагүй тоо гарна. Дээрх төлбөр хог ачихад хүрэлцдэггүй гэхээр нэг л үнэмшилгүй.

Хотын захирагчийн санаачлагаар сар бүрийн сүүлийн долоо хоногийн бямба гаригт “Бүх нийтийн цэвэрлэгээний өдөр” зарлаж, нийт 17 цэгт байсан хур хогийн өнгөрсөн тавдугаар сараас хойш цэвэрлэж дуусгасан.  Гэвч Улаанбаатар одоо хур хогондоо эргэн дарагдчихаж. Үүний шалтгаан нь хогоо цагт нь ачдаггүйгийх гэдгийг иргэд ч хэлж байгаа. БГД-ийн 22-р хорооны иргэн Г.Саруул “Хогныхоо мөнгийг нэхэхдээ өдөр шөнөгүй ирж нэхдэг хэрнээ хогоо хэзээ ч цагт нь ачдаггүй. Тэгээд хүн байхгүй хойгуур ирээд хаяад явдаг. Мэдээж хүн болгон гэртээ байна гэж байхгүй. Амралтын өдөр хогоо ачдаг болмоор байна. Амралтын өдөр гэртээ эзэнгүй байх нь ховор шүү дээ. Тэгээд дараа нь гэртээ байхгүй байсан гэж тайлбар тавихаа болимоор байна” гэлээ. Хогны асуудал ярихын тулд хогны машины хүрэлцээг нэмэгдүүлэх нь чухал. Одоогоор хог ачдаг машины тоо хүрэлцэхгүй, цаашид хогийг цаг хугацаанл нь ачихын тулд 150 гаруй машин хэрэгтэй гэнэ. Мөн хог хаядлыг дахин боловсруулах  үйлдвэр баригдаж байгаа учраас дээрхи машинууд нь ангилан хаядаг стандарттай байх хэрэгтэйг хотын Ерөнхий менежер Ч.Бат хэлж байсан. Хогоо цагтаа ирж ачихгүй бол мөнгөө буцааж авья гэх хүмүүс ч байсан шүү. Мэдээж, аль үнээ төлчихөөд үйлчилгээгээ авч чадахгүй бол асуудал үүсч л таараа. Талх авахаар дэлгүүр ороод мөнгө өгчихөөд, өнөөдөр дууссан сарын дараа ирж аваарай гэвэл зүгээр гараад явчихдаггүй биз дээ.

Ш.Чимэг

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж