ДЦС-ууд өртэй ч, өвлийн бэлтгэлээ орхигдуулаагүй

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

ДЦС-ууд өртэй ч, өвлийн бэлтгэлээ орхигдуулаагүй

Намрын налгар өдрүүд цаашилж, хахир хүйтэн өвөл хаяанд ирлээ. Тиймээс өвлийг өнтэй давах гол нөхцөлийг бүрдүүлдэг дулааны цахилгаан станцуудын өвлийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар тодрууллаа.

Төвийн бүсийн эрчим хүчний 70 гаруй хувийг нийлүүлдэг Дулааны IV цахилгааны станц засвар шинэчлэл, арчилгаа маш их шаардагдаж байгаа гэнэ.  Тус дулааны цахилгаан станцын ерөнхий инженер М.Амарбаясгалангаас тодруулахад “Төлөвлөсөн засвар шинэчлэлийн ажлууд  болон өвлийн бэлтгэл ажлын 80 гаруй хувийг хангаад байна. Үндсэн засварын ажлууд ч энэ хугацаанд хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар станц 10 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд цаашид нөөцийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байна. Ерөнхийдөө ирэх сарын 15-н гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.

Харин төвийн бүсийн эрчим хүчний 20 гаруй хувийг хангадаг III дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Г.Дамдинсүрэнгээс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодруулахад “Ерөнхийдөө манай станцын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын 70 хувийг хангаад байна. Төлөвлөгөөний дагуу өнөөдрийн байдлаар засвар үйлчилгээ, нүүрсний нөөц бүрдүүлэх тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Одоогоор 25 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Цаашид ирэх сарын нэгэн гэхэд өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангана” гэсэн байр суурьтай байгаа гэдгээ илэрхийллээ.

Дээрх станцуудын дийлэнх нүүрсний нөөцийг бүрдүүлдэг Багануурын нүүрсний уурхайн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа хэдий боловч дулааны цахилгаан станцууд хоорондын есөн тэрбум төгрөгийн өрний асуудал техник технологийн засвар шинэчлэл хийхэд нөлөөлж буй гэнэ. Тус уурхай нь жилд 2.900.000 орчим тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч энэ жилийн тухайд 3.300.000 тонн нүүрсний захиалга аваад байгаа аж. Тус станц нь Засгийн газраас санхүүгийн дэмжлэг болгон төсөвлөсөн 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирснээр сэлбэг хэрэгсэлээ базааж, өвөлжилтийн бэлтгэл ажил жигдрэх шатандаа ороод байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Уурхай одоогоор хоногт 100 гаруй, ачаалал ихсэх үед 130 вагон нүүрс ачих боломжтой байдаг хэдий боловч төмөр замынхантай ойлголцолд хүрэхгүй байгаагийн улмаас нөөц бүрдүүлэх тал дээр эрчимтэй ажиллаж чадахгүй байгаа гэнэ. Орон нутгийн тухайд Даланзадгад, Улаангомын цахилгаан станцууд өнгөрсөн өвлийн ид хүйтнээр үйл ажиллагаа нь доголдож, гал алдахад хүрсэн. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газраас дээрх орон нутгийн дулааны цахилгаан станцуудад засвар шинэчлэлийн ажлуудыг бүрэн хийсэн. Тиймээс ирэх өвлийн тухайд гал алдахгүй гэдгийг амалж байгаа. Станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажил дутуу хангагдвал тухайн станц доголдохоос гадна Улаанбаатар бүү хэл төвийн бүсийн эрчим хүчний асуудал хүндрэх нь мэдээж. Эрвийх дэрвийхээрээ ажиллаж буй холбогдох ажилтнуудын үр дүнг жавар тачигнасан өвөл л шалгах биз ээ.

Д.ДОЛГОР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж