-Шатахуун асгарсан газар одоо хамгаалалтгүй байгаа гэсэн?
-Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу олны нэрлэдэгээр 22-ын товчооноос дотогш 30 метрийн зайд шатахуун ачсан автомашин унаж 32 тонн шатахуун асгарсан. “Магнай трейд”-ийн шатахуун түгээх станцын хажууд асгарсан болохоор галын аюултай нөхцөл байдал үүсч болох байсан. Бид цаг алдалгүй гал гарахаас урьдчилан сэргийлэн хөөс цацаж, шороогоор далан босгож, хоёр өдөр манасан. Шинжилгээ судалгаа хийсний дараа хөрсийг хуулсан. Одоогоор шатахуун асгарсан хөрсийг хуулж, шороогоор хучсан байгаа. Хөрсийг хуулж, аюул багатай болгосон учраас хамгаалалт гаргахгүй байгаа. Гэхдээ асгарсан шатахууны ихэнх нь цемент дээр асгарсан болохоор хөрсөнд хор хөнөөл багатай байх гэж бодож байна.
-Хөрс хуулахаас өмнө агаарт ууршсан болохоор хүнд нөлөөлөх хор хөнөөлтэй юу?
-Тухайн өдөр буюу шатахуун асгарсан газарт 00.20-10.00 цагийн хооронд агаарт нь шинжилгээ хийсэн. Тухайн үед таван хэмийн дулаантай, баруун талаасаа бага зэргийн салхитай байсан. Агаарт ямар нэг хор хөнөөл байхгүй нь шинжилгээний дүнд илэрсэн. Агаарт байх ёстой бодисын хэм хэмжээ хэвийн гэж гарсан. Тиймээс хүнд хор хөнөөлгүй. Харин хөрс, байгаль орчинд хөнөөлтэй эсэхийг шинжилж байгаа юм.Тодорхой хэмжээгээр хөрсөнд нөлөөтэй байх. Бараг 48 цаг хөрсөнд байсан болохоор.
-Хөрсний бохирдлыг шинжилж байгаа гэсэн. Хариу нь хэзээ гарах вэ?
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шатахуун асгарсан хөрсөнд шинжилгээ хийхээр дээж авсан. Шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарна. Хөрсний шинжилгээний хариу гарсны дараа мэргэжлийн байгууллагууд нь дараагийн арга хэмжээг авах байх.
-Жолооч нарын буруугаас осол болсон гэсэн дүгнэлтийг Замын цагдаагаас өгсөн?
-Хэн буруутайг нь цагдаагийн байгууллага шалгана. Бид галын аюулгүй байдал үүсэхээс нь сэргийлж ажилласан. Тухайн үед осол болсон замд зам засварын ажил хийж байсан. Хоёр жолооч бие бидээ зам тавьж өгөхөөс татгалзсан юм билээ. Тэгээд нэгийгээ шахаж овоолсон шорооний хажуугаар эргэх гэж байгаад унасан. Шатахуун ачиж явсан машинын торх гурван тагтай, унахдаа хамгийн сүүлийн таг нь зуурмагны машинд цохигдон асгарсан. Тэр торхонд 68 тонн шатахуун байснаас 32 тонн нь асгарсан. Үлдсэнийг нь газар дээр нь ажиллаж соруулж авсан.
Тэгэхээр манай жолооч нар ч гэсэн өөрсдийн болон иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж замын хөдөлгөөний дүрмээ барьж зорчих хэрэгтэй нь эндээс харагдаж байна. Одоо харъяа дүүргийн цагдаа болон Онцгой байдал, мэргэжлийн хяналтын газрууд шинжилгээ, шалгалтаа хийж байгаа.
"Ардын эрх" сонин