Ингээд цааш хэсэг сонирхоод явж байтал байгалийн чулуулгаар хийсэн жижигхэн үзмэрүүд сонирхлыг минь татлаа. “Эдгээр чулуунууд нь үнэт чулуу бөгөөд ховор байдгаараа онцлогтой. Тийм болохоор үнэтэйдээ бус ховор учраас ийнхүү сувинер болгон зарж байгаа юм” хэмээн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын иргэн С.Бямбацогт гуай талбарлав. Дэргэд минь зогсож буй 12 орчим насны жаал “яаж ингэж хийдэг байнаа” гэх нүдээр сонирхон, шохоорхон харж буй нь илт байлаа. Эдгээр чулуун барималыг 30-70 мянган төгрөгийн ханштайгаар худалдаалж байв. Ийнхүү элдвийг үзэж сонирхон явах зуураа зөгийн аж ахуй эрхэлдэг нэгэнтэй таарав. Түүний авчирсан зөгийн бал нь цэвэр байгалийн гаралтай гэдгээрээ онцлог аж. Тухайлбал навчит ургамлаас гаргаж авсан бал нь хүрэн бор өнгөтэй байхад цэцэгт ургамлаас гаргасан нь тод шаргал өнгөтэй гэдгээрээ өөр хоорондоо ялгарч байв.
Мөн төрөл бүрийн жимсгэнээр дарж хийсэн дарс, ликёр, сархад зэргийг сонирхон худалдан авах иргэд цөөнгүй байсан юм. Уг арга хэмжээнд оролцож буй иргэд, аж ахуй нэгжийн жин хэмжүүрийн баталгааг Стандартчилал хэмжилзүйн газраас баталгаажуулж, харин бүтээгдэхүүний чанарт Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллаж байгаа аж. “Намрын ногоон үзэсгэлэн-2011” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй нэг гол зүйл бол “Алтан Намар” хөгжмийн наадам юм. Энэ наадмаар “Намар цаг” дууны уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд өөр олон үйл ажиллагаа зохиогдох аж. Энэ сарын 30-ыг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэн зургаа дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд Ховд, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн ногоочид идэвхитэй оролцож байлаа. Түүнчлэн тус арга хэмжээнд олон ажил хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд энэ үеэр шилмэл малын дуудлага худалдаа, гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан техник технологийн үзэсгэлэн зэрэг үйл явдлууд болох юм байна.
Ингээд тус арга хэмжээн дээр зарж буй төмс, хүнсний ногооны үнэ ханшийг хүргэе.
Төмс 1кг-700 төг
Лууван 1кг- 500 төг
Байцаа 1кг- 500 төг
Хүрэн манжин-600 төг
Сармис /сүлжээ/-8000 төг, 1кг-10000
Сонгино 1кг- 1500 төг
Шар манжин 1кг- 550 төг
Хулуу 1кг-500 /том/-20000 төг
Эрдэнэшиш 1кг-2500 төг
Улаан лооль 1кг- 2500 төг
Өргөст хэмх- 2000/шилтэй/
Жимсний чанамал- 2500 төг
Дарсан алаг салат-1500 төг
Зөгийн бал 1кг- 25,000 төг, 0.72кг-14,000 төг
"Ардын эрх" сонин