Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

“ABBA” хамтлагийн “Dancing Queen” дууны хөгжмийг УДБЭТ-ын дэргэдэх “Memory Pop Orchestra”-ийн уран бүтээлчид тоглож байна. Хүн бүр суудлаасаа босч бүжиглэмээр цоглог хэмнэл. Сонгодог урлагт 40 жил зүтгэсэн Гавьяат жүжигчин, хийлч, УДБЭТ-ын гоцлол хөгжимчин Л.Мөнхцэцэгийн анхны бие даасан уран бүтээлийн “Violin and Munia” тоглолт ийнхүү эхэллээ.

Хийлч Л.Мөнхцэцэг нь Хөгжим бүжгийн коллежийн хийлийн анги, Армъян Улсын хөгжмийн дээд сургуулийн хийлийн гоцлоочоор төгссөн уран бүтээлч. Түүнийг найз нөхөд нь Мууниа хэмээн дотночилдог. Тэр ч утгаараа сонгодог урлагт элэгтэй үзэгчид Мууниа эгч хэмээн нэрлэх нь олонтаа. Ихэнх хүмүүс дан хөгжмийн тоглолтыг уйтгартай нэгэн хэвийн болдог гэж боддог. Харин энэ удаагийн хийлч Мууниа эгчийн тоглолт тийм байсангүй ээ. Эхнээсээ л үзэгчдийг догдлуулж, уярааж байв. Б.Шаравын хийл хөгжимд зориулан бичсэн “Манан” хөгжмийн бүтээлээр хийлч, хийлч Л.Мөнхцэцэг үзэгчдийг уяраасан. Хатан хийлийн уянгалаг эгшгийг Мууниа эгч бие сэтгэлээрээ мэдэрч тоглодог. Түүний тоглох хийлийн эгшиг үзэгчдийн зүрхэнд хүрч, ёстой л нөгөө биеийн шар үс босно гээч нь болсон.

Мууниа эгч “Memory pop orchestra”-ийг үүсгэн байгуулсан хүн. Энэ утгаараа  түүний ард “Memory pop orchestra” тоглож, сонгодог поп хэмнэлийг мэдрүүлж өгөв. Бөмбөрийн хэмнэл, хийлийн уянгалаг эгшиг, төгөлдөр хуурын аялгуу, цахилгаан хөгжмийн хүчтэй хэмнэл гээд л бүгд сэтгэл догдлуулж, эрч хүч, гоё энергийг бэлэглэх шиг. Үдшийн хамгийн оргил хэсэг нь эгч дүү гурвын хамтран тоглосон Ж.Чулуун агсны “Уран хас” балетын адажио байлаа. Яг энэ мөчид Зууны манлай удирдаач, нэр хөгжмийн зохиолч Ж.Чулуун агсныг бүгд дурсан санасан. Гавьяат жүжигчин, хийлч Л.Мөнхцэцэг, Гавьяат багш, хийлч Л.Алтанцэцэг, Соёлын тэргүүний ажилтан төгөлдөр хуурч Л.Энхцэцэг нар нэрт хөгжмийн зохиолчийн бүтээлийг үзэгчдийн зүрхэнд, сэтгэлд хүртэл тоглосон. Бахархмаар, хайрламаар, хүндэлмээр…

Мууниа эгчид хүндэтгэл үзүүлэн Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын дуурийн гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Эрдэнэтуяа, Ө.Уянга, залуу дуучин Ц.Хулан, УДБЭТ-ын гоцлол дуучин Г.Шижирболд, Э.Хишигдаваа нар ая дуугаараа бэлэг барьсан. Үдшийн эзэн хийлч Мууниа эгч харин тайзнаа даруухан инээмсэглэн байхыг нь харахад эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг үг санаанд бууна. Мууниа эгчийг хамт олон , уран бүтээлчид, үзэгчид хайрлан хүндэлдэг. Түүний сонгодог урлагт зүтгэсэн 40 жилийг үнэлж тоглолтынх нь үеэр Ардын хувьсгалын 90 жилийн ойн хүндэт медалиар, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дээд шагнал “Алтан овоо хишиг” медалиар тус тус шагнасан. 

Үзэгчдийн халуун алга ташилт тасралтгүй үргэлжилсээр. Энэ нь Мууниа эгчийн хамгийн том үнэлэлт юм шиг. Бүгд түүнд хайртай, түүнийг хүндэлдэг. Таньдаг ч таньдаггүй ч бүгд дор бүрнээ Мууниа эгч хэмээн танимхаарна. Харин энэ гайхалтай хөгжимчин тайзнаа хийл хөгжмөө тоглосоор 40 жилийг ардаа үджээ. Даруухан инээмсэглэж, үзэгчдэд мэхийн ёслох Мууниа эгч нэг удаа “Хөгжимчин хүний гар маш их эвдэрдэг. Байнга гараа хөдөлгөж байгаа учир. Бид чинь хумсаа ч будах эрхгүй. Бүр ургуулж болохгүй. Зарим үед бүр гар эвэршинэ. Амарч байгаад эсвэл бэлтгэл хийхгүй хэд хоног болчихвол хөгжмөө тоглоход гарын өндөг их өвддөг. Гар хорсоно, гэсэн ч хөгжимд сэтгэл зүрхээ зориулсан учир өвдөлтийг ч анзаарахгүйгээр тоглож байдаг юм ш дээ бид чинь” хэмээн хэлж байсан юм. Эгэл хэрнээ эрхэмсэг Мууниа эгч энэ үдэш үзэгчдэд маш том бэлгийг бэлэглэсэн. Түүний хөгжмөө тоглож байгааг харах, сонсох нь л хөгжимд хайртай үзэгчдийн хувьд маш том бэлэг байдаг.

Мууниа эгчийн үдэш Монголын сонгодог бүтээлээс гадна дэлхийн суут хөгжмийн зохиолчдын хөгжмийн бүтээлээс эгшиглэв. Хөгжмийн зохиолч А.Вивалди хоёр хийлд зориулсан хөгжмийн бүтээлийг төрсөн эгч Гавьяат багш Л.Алтанцэцэгийн хамт тоглосон нь үзэгчдийг хөөргөж, тэнгэрт нисгэсэн. Үзэгчид баярласан сэтгэлээ алга ташилт, браво хэмээх ганц үгээр илэрхийлж байв. Харин “Хийл ба Мууниа” тоглолтын онцгой зочин нь Монголын ятга хөгжмийн хатан хаан гэгддэг “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ байлаа. Тэрбээр Оросын нэрт хөгжмийн зохиолч Римский Корсаковын “Хэдгэний нислэг”-ийг “Memory pop orchestra”-ийн хамт удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүгийн удирдлага дор тоглож сонирхуулав. Ятга хөгжмөөр анх удаа “Хэдгэний нислэг”-ийг тоглож байгааг сонсох үзэгчдэд сонирхолтой санагдсан биз. Л.Мөнхцэцэг эгч Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 48 жилийн түүхэн дэх дөрөв дэх Гавьяат жүжигчин, хийлч юм. Түүний анхны “Хийл ба Мууниа” тоглолтод үзэгчдийн сэтгэлд хоногшсон В.А.Моцарт “Alla Figaro”, E.LBimbo, Y.Monti “Чардаш”, З.Хангал “Аяны шувууд”, Б.Шарав “Сэтгэлийн эгшиг, A.Piazzolla “Libertango” зэрэг хөгжмийн бүтээлүүд эгшиглэж, үзэгчдийн сэтгэл хөөрлийг дээд цэгт нь хүргэсэн үдэш байлаа. Тоглолтын төгсгөлд хийлч Л.Мөнхцэцэг болон “Memory pop orchestra”-ийн уран бүтээлчид Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүүгийн удирдлага дор Ж.Чулууны “Уран хас” балетын вальсийн хөгжмийг тоглосон нь үзэгчдийг баярлуулсан. Цаанаа л хүчирхэг, сэтгэлд дотно монгол аялгуу. Дахиад л сонсмоор Мууниа эгчийн сонгодог поп хэмнэл. Энэ гайхалтай үдшийн бэлэглэсэн Мууниа эгч танд нийт үзэгчдийнхээ өмнөөс дахин дахин баярлалаа гэж хэлье. Баярлалаа….

М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж